(1929-2014)

Тэр монголын баримтат киноны Дзига Вертов байв.

Эксперименталь баримтат киноны эцэг гэгддэг Дзига Вертов 1929 онд “Камертай хүн” бүтээлээ хийснээс хойш энэ алдар улам ч тод томруун болсон гэдэг. Вертов киногоороо Москвагаас Украины Одесс хот хүртэл аялж, зураг авалтын олон шинэлэг шийдлийг эрэлхийлсэн бол Ойдовын Уртнасан зураглаач Мехикогийн олимпоос Лондонгийн олимп хүртэл, “Ардын элч” киноноос “Монгол бөхөн” баримтат бүтээл хүртэл ажиллаж, Монголын баримтат болон уран сайхны киноны гарын авлагыг урлан үлдээлээ.
Дунд сургуулиа дөнгөж төгссөн бяцхан хүү “Монгол кино” үйлдвэрийн хаалгаар алхаж, зураглаач Д.Жигжидийн дагалдангаар ажиллах болов. 1956 онд ЗХУ-ын киноны дээд сургуулийг кино оператороор төгсөөд ирэх үед нь мөнөөх Жигжид зураглаач нь “Ардын элч” гэдэг уран сайхны кино найруулж, зураглаачаар нь хуучин дагалдангаа сонгосон гэдэг. Тэр сургагч нь хожмоо бидний нэрт кино найруулагч, зураглаач гэдгээр нь дурсан буй Дэжидийн Жигжид агсан билээ. Ард түмний урам зоригийг сэргээх, энгийн ардын тэмцлийг илэрхийлсэн хувьсгалын агуулгатай ч хийцээрээ монгол киноны хөгжилд шинэ алхам болсныг мэргэжилтнүүд үнэлдэг. Кино зураг авалтын анхны элементүүд энэ кинонд л туршигдсаныг үгүйсгэх аргагүй. Түүнээс хойш Монгол киноны шилдэг бүтээгчидтэй хамтран “Алтан өргөө”, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Өглөө”, “Тэмцэл” зэрэг олон уран бүтээлд ажилласан юм.
Токиогийн олимпод туршлагагүйтсэн монголчууд Мехикогийн тэнгэр дор чөлөөтийн дэвжээнд ёстой л даагаа нэхэв. Монголын олимпийн түүхэн дэх багц медалийг тэндээс л хүртэж, чөлөөт бөхийн төрөлд нэг мөнгө, гурван хүрэл авч байжээ. Тэр олимпод аварга Ж.Мөнхбатын мөнгөн медалийн төлөө Баруун Германы тамирчин Пекхэмтэй хийсэн хүндхэн барилдааныг бөх сонирхогчид дурсах дуртай. Өмнөх тойрогтоо Болгар, ЗХУ-ын бөхчүүдтэй оноо тэнцсэн тул баруун Германы тамирчныг зайлшгүй хожих шаардлагатай байлаа. Хүндхэн барилдааны эцэст өрсөлдөгчөө оноогоор ялж, олимпийн дэвжээнээс анхны мөнгөн медалийг хүртсэн гэдэг. Тэр жил -97 кг-ын жинд барилдсан дархан аварга Х.Баянмөнх шийдвэрлэх барилдаанд Туркийн бөхөд ялагдан тавдугаар байрт бичигдсэн бол дараагийн олимп Германы Мюнхен хотноо өндөрлөхөд Монгол Улсын цор ганц мөнгөн медалийг энгэртээ гялалзуулан зогсож байлаа. Спортын түүхэн дэх баяр, дурсалтай энэ л мөчүүдийн ард камер барьсан Уртнасан гуай зогсож байв. Тэр монголчуудын оролцсон анхны олимпийг баримтат кино болгосон анхны уран бүтээлч.
Мөн түүний бүтээлийн томоохон орон зайг зэрлэг амьтад, байгаль хамгааллын баримтат кинонууд эзэлдэг. Аргаль угалз, цагаан зээрийн идэш бэлчээр, нутагшилт, Хан Хэнтийн нурууны мод ургамалд тулгарсан аюул, говийн байгалийн үзэсгэлэн, ан амьтад гээд Монгол орны говь, хээр, хангайн бүсийн нутаг орон, ан амьтдын баримтат киног бүтээхээр хялгана бөхөлзсөн тал, элс нүүдэлсэн говь, сүр дарсан уулсын сугаар хонон өнжин явж, “Говьд”, “Хангайд”, “Ан”, “Их говийн дархан газар”, “Монгол бөхөн”, “Хан Хэнтий нүцгэрэх үү” зэрэг олон арван баримтат бүтээлийн өвийг хойч үедээ үлдээжээ.

Ертөнцийн жам, үнэн хоёрыг үлгэрлэн одсон ч О.Уртнасангийн гэж овоглосон олон бүтээл Монголын кино урлаг, баримтат киноны түүхийн нэгээхэн хэсгийг бүтээлцэж, цаашид ч бүтээлцэх нь дамжиггүй. Өдгөө тэрбээр хүний ертөнцөөс алс буйд, гэгээн сайхны дүрсийг буулгахаар яаравчилсан биз ээ.


(1951-2014)

ТЭР ХЭН БАЙВ. МАГАДГҮЙ ХЭН, ХЭН БАЙСАН БЭ ГЭВЭЛ ИЛҮҮ ТОХИРНО. Ирэхдээ тээсэн олон асуултынхаа хариуг ийн орчлонд үлдээгээд буцдаг нь бидний ертөнцийн жам ажээ.
“Морк Минди хоёр” инээдмийн нэвтрүүлгийн сансрын зочин, найрсаг эрхмээс “Папая”-гийн далайчин эрд хувирч, Алладиний бирдийн дуу хоолойгоороо үзэгчдийн сэтгэлд ойртох хүртлээ тэр эгэл Робин байлаа. 1990 он, Дэвид Лэттэрмайний нэвтрүүлэг, хүн, байгаль, амьтан, элдэв содон дуу чимээг элэглэсэн үдшийн хөтөлбөр, үзэгчдийн инээд, эл бүхэн түүнийг тэрхэн үедээ сүндэрлэн, эцэстээ оргүй хоосонд хувирах оргил өөд мацуулсан юмдаг.
Илбийн гэмээр тэр хүч Оскарын тайзнаа “Шилдэг туслах дүр”-ийн шагналд хүргэж, түүнээс ч өндөрт тэмүүлэн мацсан нь Робиныг тамирдуулсан мэт санагдана. Гэвч, их хүсэл, тэмүүлэл, ядралын төгсгөлд ердөө л оргүй, хоосон “үхэл”. “Инээдмийн алдарт жүжигчин Робин Уильямс нас барлаа” гэсэн ганцхан өгүүлбэрийн үнэ цэнэтэй тэнцэн үлджээ. Анх танилцахдаа л биднийг инээлгэж, түүнээс хойш зуу зуун удаа инээлгэсэн түүний дүрүүдийн цаана хэн байсныг хэн ч хэлж эс чадна. Дайны үеийн Вьетнам оронд радиогийн ганцхан нэвтрүүлэг л сонсогчдыг айдсаас холдуулж, инээдэнд умбуулдаг байв. “Өглөөний мэнд, Вьетнам” киноны тэр дүр шигээ бусдыг инээлгэхийн тулд өөрийнхөө гунигийг нуудаг байсан ч юм уу... Мөн л хэн ч үл хариулна.
“Үхсэн найрагчдын нийгэмлэг”-ийн эрх чөлөөт, билиг танхай багшийн дүр түүний инээдний цаахна тэмтрэгдэх ямар нэг зүйл. “Ухаант Уилл Хантинг”-ийн Сиен Магирэ бүр ч батлаад өгнө. Бодохнээ, төгсгөл рүүгээ улам шаналантай болсон амьдралаа тэр Гамлетаар дохиолсон ч юм шиг . “Робин сүүлчийн мөчөө хүртэл сэтгэлийн гүн хямралтайгаа тэмцсээр байсан” гэх Мара Баксбаумын үг ард хоцорчээ. Дэлгэцэнд харагддаг шигээ, эсвэл үзэгчдийг инээлгэдэг шигээ тийм хүчирхэг байж чадсангүй.
Өөрийгөө боомилж, судсаа ханасан байдалтай гэртээ нас барсныг цагдаагийнхан цэвэр амиа хорлолт хэмээн мэдэгдлээ. Дэлхийн хэвлэл мэдээлэл гэр бүлийн тогтворгүй байдал, эргэн тойрны хүмүүсийнх нь урвалт, салалтууд бүх хүчийг нь шавхлаа хэмээн халаглаж, “эмгэнэлтэй, гэнэтийн гарз хохирол тохиосон”-ыг цохон тэмдэглэж байна. Хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн шуугиан, архины донтолт гээд хэцүү бэрхийн төгсгөл дэх “төгсгөл”. Алладиний хөгжилтэй бирд, роботууд, Жаргалтай Фийтийн дуу хоолой. Хүүхэд насны дурсамжийн багахан хэсэг, харийн жүжигчний үхэл харууслын түрүүнд амьдралын үнэнийг илчилсан нэгэн дуурсал болон үлдлээ.
Найман сарын 12-ны өглөө Калифорнийн Тибурон хот дахь гэрийнх нь үүдэнд хэн нь үл мэдэгдэх зочид цэцгийн баглаа үлдээн оджээ. Цэцэгсийг одоо хэн ч хүлээн авахгүй. Хаягласан эзэн нь ч амьдралыг хүлээн авахаас эртлэн татгалзсан учраас ...

Чи Моркоос Гамлет хүртэл бүгдийг бүтээсэн. Гагц Робин Уильямсыг бүтээж чадсангүй. Үүнээс цааш анир чимээгүй ноёлох болно. Баяртай, авъяас билгийн “бирд” минь.

           Ихэмсэг дүртэй тэргүүн хатагтай нарын тансаг даашинз, Холливүүдын улаан хивсний ёслолын нүд унагасан өмсгөлүүдийг хэзээ нэгэн цагт харсан бол та Оскар Дела Рентаг таних ёстой. Карибын тэнгисийн баруун хэсэг дэх Их Антилын арал дээрх Доминикан улсад мэндэлсэн энэ эрхэм хүн төрөлхтний хувцас загварын нөлөө бүхий хүн болж алдаршсан юм.

           Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын тэргүүн хатагтай Мишелл Обома цэнхэр чимэглэлтэй хар даашинзаар өмсөж харагдсан нь Оскар Дела Рентагийн уран гараар бүтээгдсэн хамгийн сүүлчийн хувцас байлаа.  Нэгдсэн Улсын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кэннидигийн эхнэр, тэргүүн хатагтай Жэки Кэннидигийн даашинзыг урлаж олонд танигдсан энэ эрхэм, хувцас урлал, загварын ертөнцөд 50 жил өөрийн өнгө төрхийг хадгалан амьдарчээ. Одоо үүнээс хойш бид түүний талаар өнгөрсөн цаг дээр ярих болно. Удаан хугацааны турш хорт хавдартайгаа тэмцсэний эцэст 82 насандаа таалал болов Тэр. 

           Хорь ч хүрээгүй насандаа нутгаа орхин, уран зураач болох хүсэл тээн Италид ирсэн хүү зураач ч биш, гэхдээ бас ч тэс өөр мэргэжил биш хувцас загварыг сонгожээ. Ийн алдарт дизайнер Кристобал Баленсиагад шавилж, хувцас загварын замналаа эхэлсэн түүхтэй. Удалгүй Парис түүний сонирхлыг татсанаар тэнд хэд хэдэн загварын агентлагт ажилласан байдаг.  Хувцас загварын эзэн гэх тодотголоос гадна төрөлх нутгийнхаа хэд хэдэн хотуудад сургууль, өдөр өнжүүлэх төв байгуулж, хүүхдийн төлөө сайн үйлсийг бүтээж байв. Энгийн хүний нүдэнд чамин гоёмсог харагддаг, мэргэжилтнүүдийн дунд өөрийн гэсэн арга барил, ур хийц бүхий “урлал” ийн төгслөө.

(1938-2014)

Мөнх тэнгэрийн доорх мянга мянган хаврын нэгэн иржээ. Тэнгэр юу ч болоогүй мэт чимээгүй мэлтийж, тэртээд нарны хэцэн дээгүүр алтан хараацайс цаашилж явна. Тээр жил Их Тээлийн даваанд л хөхөөн дуутай ийм хавар болсон байх даа. Сайхан Бадмаад гомдож тунирхахдаа гурван голын ногоог сугартал дуулсаар, ийм л хаврын гэгэлгэн өдрөөр Тулга нутгаасаа явсан даа гэж бодогдоно. Ар, өвөр Тээл гэхээр амьдралын хоёр үзүүр үхэх, төрөх шиг сонсогдоно. Тэр одоо Ар Тээлийн ар луу урууджээ.
Олоон жилийн өмнө Аргалантын адаг суга Навтанд нутагтай тарвагачин Зандаръяагийнх руу Лэгжимаа бүсгүй хөгшин шар ингэндээ хоёр араг дүүрчихсэн тавчуулж явлаа. Зандаръяагийн охин төрж гэх сураг олны салхинаас сонсоод, тэсэж чадсангүй зорьсон нь энэ. Амар эрэхийн зуур халтартсан нэхий өлгийд нойрсож буй хаг нь ч арилаагүй хүүхдийн улаан царай руу эрэгцэн, хэрэг учраа яаран дуулгахад өвгөн дуугүйхэн эргэж орны хөндийгөөс хонины дал гарган шившиж шатаагаад “Болмоор шиг, Чойсүрэн ламаас асуу” гэснээр төрсөн гэрээс төөрөг зургаар учирсан эцэг эхийн гэрт иржээ. Энэ цаг шороон бар жил буюу 1938 оны хоёрдугаар сар байжээ.

Энэ хүн хожмоо “Их Тээлийн даваа”, “Үдийн наран өндөр”, “Цагаан шөнө” тэргүүт тууж, “Өшөө”, “Хар могой”, “Арван жилийн дараа” зэрэг олон сайхан өгүүллэгээрээ уншигчдын сэтгэлд дотноссон Пүрэвжавын Пүрэвсүрэн зохиолч билээ. Тийм нэг өлзий учралт өвлөөс хойш 75 намар, өвөл, зун бас хавар иржээ. Монголын хүүрнэл зохиолын хоймор тийш түүний суудал буй болж, дүрийн сэтгэлзүйг хурц нарийн дүрсэлсэн богино хэмжээний хүүрнэл зохиолууд нь уншигчдын гараас гарт навсайж явсан өдрүүд хэдхэн оны урьдсан. Хөдөөх, эгэл баатрууд нь хүний амьдралын сайн муу, сайхан муухайг бөгтийтөл үүрч явах ч түүндээ тээртсэн шинжгүй, цаанаа л хүнлэг сэтгэл гэрэлтүүлнэ. Өр зузаан, ухаан богино бүсгүйд зүрх сэтгэлээ харамгүй өгч, энэ насны амьдралаа түүний төлөө гэсээр орчлонгийн жаргалаас хожимдсон өнчин Тулга (Их Тээлийн даваа туужийн гол дүр) хажууханд минь санаашран дуулах шиг болоод сэтгэл үймэрнэ.  Үүнээс хойш П.Пүрэвсүрэн зохиолчгүй хавар, өвөл, намар, зунууд Монголд минь ирж, буцна. Алсын ууланд гургалдай чагнаархтал дуулдаг зохиолынхоо дүр шиг тэрбээр уншигчдын сэтгэл зүрхэнд эгэл сайхан утга уянгыг урлаад өөрөө буцлаа. Намайг хамт яваач гэж даллах адил Наран сөрөг далавчаа гялалзуулан дэвсээр Намрын сүүлчийн шувуу буцаж байнам Надад ганганаа нь, гунигтай сонсогдном... гэж бичсэн шигээ намрын шувуудтай буцчихсан юм шиг, бударган тийм нэг хаврын өдрөөр буцаад ирэх шиг итгэл төрнө. Үнэн хэрэгтээ тэр буцаагүй. Бүтээл бүртээ амьдарч, уншигчдын шүүрс алдалтаар дахин ирэх болно. Ертөнцийн жам үнэн болоод хатуу ч зохиолчийн зүрх мөнхөд цохилдог ёстой.

Их сургуульд, уран зо­­­хио­лын мэргэжлийн се­ми­нар бүрт зөвхөн “Зуун жи­­­лийн ганцаардал” ро­­­­ма­­ныг л ярьдаг байсан нөхрөөс минь зурвас иржээ. 
“Габо маань өөд болчихжээ”. Түүнээс өөр хэн л Маркесийг багын нэрээр нь бичиж, нас нөгч­сөн мэдээг нь үүрийн 04:00 цагт над руу илгээх билээ.

Сүүлд номын дэл­гүүр орохдоо түүний “Гунигт янхнуу­даа дурсахуй” тууж, “Цайлган Эрен­дира” өгүүллэгийг эх хэлнээс нь ор­чуулсныг үзээд олзуурхан шүүр­сэн­­сэн. Бороо, цастай хаврын өд­рүү­дийг хүлцэж ядахдаа“Зуун жи­­лийн ган­цаардал”-ыг гаргаж ши­рээн дээрээ тавьснаа ч саналаа. Энэ бүг­дээс шалтгаалцсан уу, үргэлж өр­вийж сөрвийсөн харагддаг саарал үс, өтгөн живэр дороосоо янжуу­рын цог улалзууланхан суудаг гэх ко­лумб өвгөний үхэл нэг л хүнд бодлогошрол дагуулав.

       Сервантас рыцарийн рома­нуу­дыг Дон Кихотоор чинжаал­дуулж, амь татрахыг нь сониучир­хан харж зогс­соноос хойшхи орчлонгийн хаа нэгтээ өрнөх хүний амьдралын ту­хай нэгэн хэмнэлт хүүрнэлүүдийг Маркес эрээ цээргүй баллуур­даж, бүхий л цаг хугацааг нэгэн бүхэл­лэгт хураан зүүд, ёр бэлгэ, зөн со­­вин, төсөөлөл, далд мэдрэхүйг нэгт­­гэж, бодит болгон бүтээсэн юм. Хэ­­ний ч сонсоогүй, очиж үзээгүй суу­­ринг байгуулж, тэнд алмайран зогсоо ун­шигч­дыг хараад тэр ёжтойхон мушийсан биз. Түүний романууд хавтсан дээрээ “Габ­риэл Гар­сиа Маркес” гэх испани нэрийг тавьсны­хаа төлөө л 25 хэлнээ орчуулагдаж, 50 сая хувь борлогддог гэхэд хилсдэхгүй. Монголд ч ял­­гаагүй, Маркесаар овоглосон орчуулгын бү­тээл хэдхэн хоногт борлогдож дуусдагийг “Гу­нигт янхнуудаа дурсахуй”-н эхний хэвлэлтээс хо­­жимдсон даруйдаа мэдэж билээ.           

Утаа савсуулан гал өрдөж халаадаг тосго­ны сургуульд бага ангийн сурагч байх үедээ нэ­гэн олны танил эрхэм унших дуртай номоо­роо “Зуун жилийн ганцаардал” романыг онцолс­ныг сонины булангаас үзээд хамаатныхаа айлаас анхны хэвлэлийг нь чимээгүйхэн гул­суулснаас хойш өдгөө ч дээрх эрх­мийн нэгэн адил миний таалан уншдаг хүүрнэл зохиолчдын дотор Маркес дээгүүр суудал эзэлсээр байгаа билээ. 1960-аад оноос утга зо­хиолын ертөнцөд хөл тавьсан шир­вээ хар сахал, дундад ази төрх бү­х­ий царайлаг колумб залуу бол бид­­ний амьдарч буй эриний Фолк­нер, Борхес, Сервантас, Хэмингуэй байлаа.

“Хүн төрөлхтний утга зохио­лын өлгийнийх нь дэргэд Хомер, авс­ных нь дэргэд Борхес зогсож бай­лаа” гэсэн ёж хатуу үгсийг ня­цаах туурвилзүй, билиг авъяас, онгод цадиг энэ эринд түүнд л заяагд­сантай би санал нийлнэ. Уйтгартай, ша­налгаатай, зожиг ганцаард­мал, гаж этгээд дүрүүд, амьдралын ха­туу ширүүний өмнө нугаршгүй бат зогсдог тэнэгдүүхэн эрчүүдэд нь би хайртай. 

Одоогоос жил орчмын өмнө бул­чирхайн хорт хавдраар өвчилж, би­чиж чадахгүй болсноо зарлаж, хүн төрөлхтөнд илгээх сүүлчийн захид­лаа бичсэн санагдана. Тэр хо­ром мөч бүхний үнэ цэнийг хэр­хэн мэдэрсэн талаараа сэтгэл хөд­лөм сийрүүлж, Хосе Аркадиа Буан­дигийн эдэлсэн зуун жилийн ган­цаардлыг ганцхан жилийн дотор эдлэх хувь төөрөгтэй байсандаа харуу­саж, амьдралын үнэ цэнийг хай­раар хэмжих нь хамгаас чухал бо­лохыг захижээ. Тэрхүү захидал одоо нэгэнт гэрээс­лэл болон үлдэнэ. Маркес минь чи, Ван Гогийн мөрөөдлөөр Бенедиттийн найрагла­лыг одонд зурж, Серрат аязыг саранд зориул­сан дуу болгоогүй ч хүн төрөлхтний утга зохиолын нэгэн сод туурвилыг бүтээж, хэн ч очиж үзээгүй атлаа очсон мэтээр ярилц­даг Ма­кондо хэмээх бяцхан сууринг уншигчдын сэт­гэлд цогцлоогоод, хэн ч илгээхгүй захид­лыг “ялгадсаа идсээр” хүлээхэд бэлэн тийм их ит­гэл үнэмшлийг бидэнд үлдээлээ. 

Сайхан Ремедиосоо эргүүлэн авчрахаар үүлс хөлөглөн, огторгуйн хязгаарт зорчих түү­ний зам дардан байх болтугай.