Талбайн зүүн хэсэгт үзвэрийн ордон хоёр бий. Жилийн турш хөл хөөрцөгт умбадаг хойд талын ордныг бус, нам гүмхэн ахуй “ягаан байшин”-г зорих олон шалтгаан бий.
Бүжиг биш, хөгжим биш, зураг биш, тэд бүгд. Симфони найрал хөгжимдөж, тайзан дээр өнчин модны сүүдэр татаж, цагаан хувцастай бүжиж асан Чойжид бүсгүй түүний доор үхэтхийн унана. Энэ бол есөн жилийн өмнө Дуурийн тайзнаа тоглогдсон, Э.Чойдогийн “Чойжид дагина” балет. Сонгодог урлагаар овоглосон ч нам гүмхэн байдаг “ягаан ордны” 51 дэх улирлын үзвэр дээрх балетаар үргэлжиллээ. XVII зууны үед төвд хэлнээс орчуулагдан, монголчуудын дунд дэлгэрсэн тус зохиолыг 2005 онд Э.Чойдогийн хөгжмөөр Б.Жамъяндагва балет болгон дэглэж, үндэсний балетийн тоог нэгээр нэмсэн. Бурхны шашин, эл шашныг хэдэн зууны турш уламжлан шүтэж ирсэн монголчуудын үзэл санааны тусгал энэхүү бүтээл жуулчид, зочдын анхаарлыг ихэд татсаны жишээ нь үзэгчдийн  80 хувь гаднын төлөөлөгчид байснаас харагдана. Нөгөөтэйгүүр, аливаа улсын Дуурь болон Драмын театр гаднын зочдын анхлан зорьдог газар байдгаас шалтгаалсан биз ээ.

Ийн хөшиг нээгдлээ.

“36 настай Чойжид бүсгүй хүндээр өвчлөн, тусыг эс олсоор өөд болов. Модны доор үхэтхийн унах түүний сүнсийг авахаар эрлэгийн элч, бурхан хоёр нэгэн зэрэг иржээ. Ийнхүү бурхны тааллаар Чойжид бүсгүй дагинын дүрд хувиран эрлэг тамын өргөөгөөр аялна. Тэнд алаан хядаан, цус нөж, аймшигт тамлалыг олж үзэв. Балетийн нэгдүгээр үзэгдэл ийн өрнөнө. Харин дараагийн бүлэгт Чойжид диваажин, энхжингийн орноор заларч, хүмүүс хийсэн буяныхаа үрээр хэрхэн жаргаж буйг нүдээр үзэн, сэтгэл баясна. Ийнхүү төгсгөл хэсэгт үхлийн дараах амьдралыг биеэр туулж, үнэн мөнийг ялгасан Чойжидыг бурхан хүн төрөлхтөнд элч болгон, өөрийнх нь цогцост буцаан хүргэх ажээ.”
Эцэслэж хүчрэхгүй мөнхийн сэдэв бол “үхэл”. Бодож, төсөөлөхийг үл хүсэх тэр үнэн  нэг л өдөр ирнэ. Тэр үед юунд итгэх ёстойгоо бид шашнаас хайдаг. Гэвч балетийн илэрхийлэмжүүд шашны утгаас “үхэл” хэмээх мөнхийн сэдэв, түүний талаарх төсөөлөл, айдас, догдлол, илэрхийлэлд хандахыг хичээсэн нь олзуурхууштай.  Үхлийн цаламд хөтлөгдөн, бурхны эрхшээлд очсон Чойжид бүсгүй буюу балетчин Г.Цолмон бүхнийг өөртөө нэгтгэгч байх үүргээ сайн биелүүлж, ялгарсныг хэлэх нь зүйтэй. Тамын орны үзэгдэл, бурхад, дагинасын хувцаслалт гээд тайз засал, хувцаслалт дээр ч сайн үг нэмэрлэх зүйл цөөнгүй. Харин зарим хэсгийн алдаа, дутуу дулимаг байдал, эрлэгийн элчүүдийн хувцаслалт, бурхны болон тамын элч эрэгтэй бүжигчдийн сул байдал “жүжиг”-ийн хүчийг сулруулсныг нэмж тэмдэглэе. Бүжигчдийн тайзнаа бүтээх үзэгдэл бус түүгээр илэрч буй эрчим, мэдрэмж л театрын уур амьсгалыг тодорхойлдог гэх мэргэжилтний үгийг уншсанаа саналаа.  Эсрэгээрээ үнэмшилгүй тоглолт гүйцэтгэл болохоос хэтрэхгүй нь ойлгомжтой.
Урлагийн нэгдлээс уран сайхныг нээдэг сонгодог урлагийн хамгийн урьтач чанар нь үзэгчдийг үйл явдлаар хөтлөхдөө бус, тэрхүү орон зайд мэдрэмжийг бүтээж, тэр мэдрэмждээ бусдыг автуулах хүч юм. Чойжид дагиныг үхэтхийн унахад дуун алдаж, бурхдын орноо бүжин цэнгэхэд нь хамт баярлан суувал тэр нь урлаг дахь  тодорхойлогдошгүй үүргийг биелүүлж буй хэрэг. Яг ийм л үүргийг жүжгийн хөгжим нуруундаа үүрснээс үзвэл Э.Чойдогоор овоглодгийн учрыг гайхаж цөхөх зүйлгүй.
Бурхны шашны буян нүгэл, үйлийн үрийн сургаалийг өгүүлсэн бүрэн зохиолыг орчин үеийн сонгодог урлагийн түвшинд найруулан дэглэсэн балетийн эцэг Жамъяндагвад ч энэ алдар хамаатай. Энэ удаагийн тавилт харин шинэлэг гэхээсээ давталтууд ихтэй байлаа. Ололтоос дэм авч шинээр сэтгэж, шинээр нээх нь урлагийн эрүүл хөгжил байдгийг бодоход илүүдэхгүй ээ.
Ийнхүү орчин үеийн сонгодог балетийн үзэгчээр суусан нэгэн үдшийн тухай товч яриагаа өндөрлөе. Би үзэгч. Жирийн, сонгодог урлагт ойр байхыг хичээдэг “үзэгч”. 

Францын Каннд кино урлагийн сорууд цуглаж, орчин үеийн кино урлагийн чиг хандлагыг сонирхсон олны анхаарал тийш хандаж ахуйд Монголын драмын урлагийнхан шилдгүүдээ тодрууллаа. Урлагийн цар хүрээ, үнэлэмжээрээ “Оскар”, “Алтан бөмбөрцөг”-ийн дэргэд Канн илт ялгардаг шиг ‘шилдэг дуучин’, ‘шилдэг сайн хүн’ шалгаруулдаг олон наадмаас “Гэгээн Муза” ялгаатай, ялгаатай байх ч ёстой юм.
Тиймээс уг наадмыг Америкийн “Tony award”, Оросын “Алтан маск”-тай зүйрлүүлэхэд огтхон ч буруудахгүй. 1999 онд “ДМЖТ” (Драмын мэргэжлийн жүжигчдийн төв) байгуулагдаж, үйл ажиллагаа нь цэгцэрснээр 2003 онд драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн Муза” наадам анх зохиогдож, 2013 онд дээрх байгууллага “Гэгээн Муза академи” болон өргөжиж, олон улсын чанартай болжээ. Гэгээ гэрэлтэйгээр харвал сүүлийн жилүүдэд театрын урлагийг ойлгох, сонирхох хүмүүсийн хандлага эрс өөрчлөгдөж, шүүн ярилцаж, орчин үеийн театрыг сонирхож, урлагийн үнэлэмж, ойлгоц нь ахиж байна.
Наадам анхлан зохион байгуулагдсан үеэ бодвол олны анхааралд илүүтэй өртөх боллоо. “Гэрэг” сэтгүүлээс “Гэгээн Муза” наадмыг угтан шилдгүүдийг өөрсдийн сонголтоор нэрлэж, тэрхүү эхлэлээ үргэлжлүүлэн наадмын тухай онцолж буй нь энэ. Анхааралд өртөх нь чанаржиж байгаагийн шинж боловч түүнийг дагаад хариуцлага ирдэг. Манайд “наадам” хэмээх уралдаант шалгаруулалтыг зохион байгуулахдаа шагнал урамшуулалд хэт ач холбогдол өгч, бүтээлийн үнэлэлт дүгнэлтээсээ холдуулж, олны итгэлийг алддаг ч энэхүү наадмаас үзэгчид сонгодог урлагийн шилдэг бүтээлийг хүлээдгийг олон зүйл баталлаа.
Ийнхүү олны анхаарал, хараан дор ерөнхий шүүгч Н.Наранбаатараар ахлуулсан, “Гэгээн Муза академи”-ийн ерөнхийлөгч С.Сарантуяа, зохиолч Б.Лхагвасүрэн, найруулагч Ч.Ганхуяг, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, “А Пласс” студийн захирал Т.Аянга, УДЭТ-ын зураач Т.Ганхуяг, театр судлаач Д.Батсайхан, урлаг судлаач Д.Мягмарсүрэн, АНУ-ын төрийн департментийн харьяа Олон улсын театрын хүрээлэнгийн шүүгч, найруулагч Элизабет Хэсс, Тува улсын найруулагч Сюзанна Ооржик нарын шүүгчдийн бүрэлдэхүүнтэй “Гэгээн Муза” 2014 эхлэв. Нэгэнтээ Каннын тайзан дээр тэр аваргуудыг харж чадахгүйгээс хойш Соёлын төв өргөөний үүдэнд монгол театрын урлагийн энэ цагийн өнгө төрхийг тодорхойлдог жүжигчдээ яагаад харж болохгүй гэж гэсэн бодлыг тээсээр очив. Наадам “Улаан хивсний ёслол”-оор нээлтээ хийлээ.
Баяртай, хөөртэй, нулимстай, горьдлоготой, гомдолтой, бас аархалтай агшин. “Драмын жүжиг”, “Дуулалт жүжиг”, “Хүүхдийн жүжиг”, “Нэг хүний жүжиг” төрлөөс шилдгүүд шалгарч эхлэхэд “Хүүхдийн жүжиг”-т Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын “Муурын байшин” жүжиг дөрвөн төрөлд шилдэг болсноор баяртай, бас эргэлзээтэй оршил эхлэв. Гурван жилийн өмнө Дундговь аймаг “Солгой харандаа” жүжгээр дөрвөн Муза хүртсэн бол өнгөрсөн жил инээдмийн жүжигт Дорноговь бүх төрөлд нь тэргүүлж, Архангай аймгийн “Хөгжимт драмын театр” хүүхдийн жүжгийн гурван төрөлд шалгарснаас үзвэл энэ мэт төрлүүд орон нутгийн театруудад ээлтэй аж. Олон улсын чанартай болж өргөжсөн ч орон нутгийн театруудаа орхигдуулдаггүй нь сайшаалтай хэрэг. Энэ жилийн наадмын уур амьсгал ч “Хүүхдийн жүжиг”, “Дуулалт жүжиг”-ийн төрөлд орон нутгийн театрууд руу хандрав.
Дуулалт жүжгийн төрөлд шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг зохиолчийн шагналыг “Сэлэнгийн долгио” чуулга, шилдэг эрэгтэй гол дүрийг Дорнодын “Хүүхэлдэйн театр” хүртэж, Хүүхдийн жүжгийн төрөлд шилдэг зураач, хөгжмийн зохиолч, шилдэг эмэгтэй туслах болон гол дүрийг Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр хамав. Урьд урьдны наадмуудын нэгэн адил энэ бол орон нутгийн театруудын уралдаант хэсэг.
Харин ганц хүний жүжиг, драмын жүжгийн төрлийн уралдаант хэсэгт Улсын драмын эрдмийн театр, “Х-Түц” продакшн, “Black box” театрууд өнгөллөө. Нийтийн урлаг сонгодог урлаг руу бага багаар дэвшиж, уран бүтээлчид нь үзэгчдийг инээлгэхээс илүүтэй гэгээрүүлэх, ухааруулах зорилго руу хандаж байгаагийн шинэлэг жишээг хошин урлагийн гэгдэх “X-Түц” продакшн харуулж буй.
Өнгөрсөн жилийн наадамд хилийн чанадаас ганц хүний жүжгээр оролцсон Косовагийн Ментор Зумбериж шилдэг жүжигчний шагнал хүртсэн бол энэ жил ӨМӨЗО-ны “Ордос үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгийн” уран бүтээлч Х.Дорноо шилдэг хөгжмийн зохиолчийн шагналыг хүртлээ. Драмын театрын хэсэгт гоцолсон Сервантесийн “Кихот ноён”, “Сэрүүн хасын нууц” жүжгүүд, ганц хүний жүжгийн төрөлд онцгойрсон  “Black box” театрын бүтээлүүд наадмын хүрээнд ч бус, энэ жилийн драмын ертөнцийн онцлох бүтээлүүд байсан учраас эргэлзэх зүйл гарсангүй. Дэлхийн томоохон театрууд хүртэл “Кихот”-оос цэрвэдэг. Нүсэр том бүтэц, учир утга нь баригддаггүй дүрүүд, цаг хугацааны ханыг нэвтлэн Кихотыг амилуулна гэдэг хэн бүхний хийчихдэг зүйл биш. Үүнийг  Б.Баатар найруулагч зориглон барьж тайзнаа амилуулсан нь миний үзэхээр тун амжилттай тавилт  болсон юмдаг. Тиймээс Кихот, Санчотойгоо хамт Муза атгахад нь даган хөөрөх шахав. Кихот (Жаргалсайхан) нэлээд зүрхээ чангалчихсан тайзнаа гарч, Музагаа гардаад, сэтгэл хөдөлсөн байдалтайгаар“Монголд хоёр л найруулагч бий. Нэг нь Баатар, нөгөө нь бусад нь. Монголд хоёрхон л жүжигчин бий. Нэг нь Жаргалсайхан, нөгөө нь бусад нь” гэж хэлсэн нь ааг омог, аархал хэнээрхэл бус бусдыг хурцалсан билүү шиг үг болж сонсогдлоо.
Мөн тийм эргэлзээгүй шагналуудын нэг нь “Сэрүүн хасын нууц”-ын Суэкогийн дүрээр драмын тайзнаа эргэн ирсэн И.Одончимэг. “Х-Түц”-ээр овоглохоос өмнөх уран бүтээлийн замнал нь театрын урлагтай холбогддог түүнд драм хэрхэн зохидог байсан тухай, хошин шогийн архичны эхнэрийн дүрд бус театрын тайзан дээр Гамлетын эхэд тоглох байсан тухай олон хүн халаглан ярихыг нь бид сонсдог. Гэвч авьяас бол төрөлхийнх.
Дараагийн онцлууштай нэг зүйл нь орчин үеийн театрынхны ганц хүний жүжгийн хэсэг дэх ялалт. Орчин үеийн театрыг Монголд байгуулж, дэлхийд нэр суу нь түгсэн модерн, абсурд жүжгийг найруулан тавьж буй “Black box” театрын бүтээлүүд үзэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авч байгаа. Нийгмийн бурангуй, хүний зан чанарын түмэн хувирлыг нээн үзүүлдэг орчин үеийн театр Монголд шинэлэг үзэгдэл болсонтой хэн ч маргахгүй. Энэ шинэлэг үзэгдлийн төлөөлөл “Солиорол”, “Краппын сүүлчийн бичлэг” жүжгүүд Муза гардлаа. Харин С.Мягмар найруулагчийг “Тайзны шилдэг зураач”-аар өргөмжилсөн нь яаж хоосон орхих вэ гэсэнтэй адил зүйл болж хувирав.
            Үлдсэн хэсгүүдийг алаг атаагүй хуваагаад л хүртлээ. Эндээс үзэхүл, Дуулалт болон хүүхдийн жүжгийн төрөлд орон нутгийн театрууд, Драмын төрөлд УДЭТ, ганц хүний жүжгийн төрөлд “Black box” давуу байдалтай оролцжээ. “Гэгээн Муза” наадмын 11 жилийн түүхэнд есөн удаад нь УДЭТ Гран при хүртсэн бол “Хувьсал продакшн”, Төв аймгийн “Монгол туургатан” театр тус бүр нэг удаа уг шагналыг авчээ. Өөр өөрсдийн дагнадаг салбартаа амжилттай оролцох нь ойлгомжтой, гэвч аливаа зүйлд итгэл үнэмшил хэрэгтэй.

Леонардо ди Каприог “Оскар”-ын танхимаас таван удаа юу ч өгөлгүй гаргасан нь нийтийн баримжаалалтай тэрхүү наадмын нэр хүндийг өсгөсөн талтай. “Гэгээн Муза”-г нутгийн уул усыг нь баярлуулахын тулд олгодог “Болор цом”-той адил дүгнэж хараахан болохгүй. Ядаж л шүүгчид нь тангараг өргөдөг юм билээ. Гэлээ гээд уламжлалаа баримтлан, эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй гэсэн хандлагаар ёслол төдийхөн өнгөрүүлээд байвал наадмын чанар чансаа хэрхэн буурахыг надаар хэлүүлэлтгүй бүгд мэднэ. Сонгодог урлаг ая тал, ашиг хонжоо, шагнал урамшууллын аргачлалаас хэдэн алхам дээр байх ёстой. “Гэгээн Муза” зөвхөн шагнал олгодог бус орон нутаг, олон улсын хэмжээнд чуулдаг, сонгодог урлагийн их чуулган болж, улам чанаржин, олны итгэлд орон зайгаа эзлэх биз. Дараа жилийн наадам даанч хол ч урлагийн зорилго бол улсын наадам биш. Ой дурсамжийн бурхан Мнемосинагийн алтан хэвлийгээс мэндэлсэн Зевсийн охид ариун байх учиртай хэмээн нэгэн домогт өгүүлсэн бий.


Хотын захын дүүрэгт амьдрах залуухан бүсгүй Викториягийн гэрт өрнөх хэрүүл маргаан, хардалт, үзэн ядалт, мэхлэлт, хүсэл шуналыг үзээд нирхийн инээлдэх үзэгчдээс шалтгаалан гоозүйн тухай яриа эхэлсэн юм. “Улсын драмын эрдмийн театр” хаврын улирлын үзвэрээ эхлүүлж, “Долоон жүжиг” төслийн хүрээнд өчигдөр Оросын зохиолч А.В.Вампиловын “Хэрээт төгөл” жүжиг нээлтээ хийлээ. Эрхүүгийн Аларско дүүрэгт төрсөн буриад хүү, багш эцэг нь улс төрийн хэргээр баривчлагдан амь эрсдэж, бэлэвсэн эхтэйгээ багагүй зовлон туулсны эцэст Оросын орчин үеийн театр киноны мастеруудын дунд орон зай нь бий болсон гээд Вампиловын амьдралын тухай олон зүйл дурдаж болно. Эрхүүгийн төв хэсэгт түүний баримал хэд хэдээрээ торойж, захын дүүрэг Дальневостoк дахь төрсөн гэрийнх нь үүдэнд “Александр Валентинович Вампилов энд амьдарч байлаа” хэмээн бичсэнийг олж үзнэ. Түүний бүтээлүүд бөглүү тосгон, захын хорооллын хүмүүсийн амьдрал, тэдний амьдралд нэвтрэх баян чинээлэг хотынхны нөлөө, сэтгэлзүйн зөрчил зэрэгт тулгуурладаг. Эрхүү муж хүн ам, газар нутаг, хотжилтын байдал гээд бидэнтэй адилтгах тал олонтой газар. Ялангуяа дээрх жүжиг бичигдсэн цаг үеийг харгалзан үзвэл Монголын хөрсөнд яв цав тохирч мэдэх талтай.
Буух газраа ч олоогүй шахам байж нэг л өдөр гэрээ ачаад, сэтгэлдээ буй сайхан хүсэл мөрөөдлөө тээсээр хотод шилжин ирэгсдийн гутрал, хээр хөдөө алхаж яваа юм шиг дур зоргоороо аашлагч, бүдүүлэг амьтас хэмээн гомдоллогч хотын иргэдийн зөрчил, нэгэн нийгэмд багтахын төлөөх чимээгүй тулаан, үл ойлголцол, ялгарал Улаанбаатарын оршихуйн томоохон асуудал. “Хэрээт төгөл” энэ сэдлээр эхэлнэ. Дүр бүхэн нь нэг төлөөлөл. Гэнэн цайлган Виктория, баян дарга Баохин, зүдэг архичин Юра, хуурамч, залуухан эхнэр Анна, боловсролтой эмч Борис, амар хялбар амьдралыг хүсэгч Камаев. Баохин усан цэрэг явах үедээ захын дүүрэгт өнгөрүүлсэн баяр гунигтай залуу насаа нэгэнт мартжээ. Мартах мартахдаа багын найз, нэг өрөөнд нэг оронд хамт унтдаг байсан сайн найз Юрагийнхаа хамтаар мартаж орхиж. Нэг л өдөр түүнийг санана. Санасан нь ч шалтгаантай. Үйлдвэрийн зогсонги байдлын тухай, хурал дээр Юраг өөрийнх нь талаар муу юм ярих вий гэж эмээхдээ л санасан хэрэг. Харин Юрагийн хөрш Викториягийн гэрт болж өрнөсөн үйл явдал Баохины амьдралын бүхий л утга учрыг үгүй хийж, туулсан замаа эргэн харахад хүргэнэ. Бид ингэж л амьдардаг, нэгэнт гишгэлээд гарчихсан шавар шавхайгаа цэцэг зүлгэн дээр гишгэлсэн мэтээр бодож төсөөлөх нь амьд явахад дөхөм байдаг биз. Хэрээдийн дуун үл тасрах захын хорооллын нэгэн гудамжны оршин суугч Викториягийн гэрт өрнөх үйл явдал бидний сэтгэл дэх түмэн янзын өнгийг дэлгээд зогсохгүй, үзэгчдийн инээдийг давж хүртэгдсэн гэдэгт итгэнэм.
Жүжгийн зохиолын үндсэн төрөл эмгэнэл, инээдэм эл жүжигт нэгэн цул болжээ. Шекспирийн театраас хүчээ авсан эмгэнэлт болоод инээдмийн жүжгийн төрөл дээр ярьсанчлан эл жүжигт гоозүйн ойлголтыг ялган зааглаж, хүн төрөлхтний гоозүйн сэтгэлгээний оргил болж үлдсэн гэхэд хилсдэхгүй. Залуу эхнэртэй, үйлдвэрийн баян эзэн 30 жил уулзаагүй найзыгаа хахуульдахаар зорьж ирэх, зүрхний шигдээс болсон нөхөр дээрээ нууц амрагаа дагуулж ирэх эхнэр, Баохиний үхлийг хүлээсэн тэдгээр хүмүүс эмгэнэлт инээдэм. Энэ нь амны зугаа болсон хошин шог гарааны элэглэлт инээднээс огт өөр гэдгийг ямартай ч мэдэх биз. Үзэгчид өөрсдийгөө шоолон инээлдэнэ. Тайз руу ширтэн суугаа тэдний дунд Баохин, Анна, бас өнөө муу архичин Юра, нууц амраг Олег ч суугаа. Элгээ хөштөл инээ тэгээд эмгэнэ. Тэрхэн мөчид л ариуслыг олохвий. Гоозүйн үндсэн үүрэг ердөө л энэ. Вампиловын жүжгүүд гоозүйн илэрхийллийг үзэгдлээр дамжуулан илчилдэг. Театрын танхимаас өөрийгөө үзэн ядаад, эсвэл өөртөө эмгэнэн гашуудаад гарсан бол тэр театр. Жүжгийн дүр бүхэн далд ёгт бэлгэдлийг агуулдаг. Үүнд, хүний хуурмаг мөс чанарын бэлгэдэл хотын төвөөс ирсэн дөрөв, захын хорооллын гэнэн цайлган хүмүүс, хувь хүний ойлголтыг баллуурдагч нийгмийн ёгт бэлгэдэл хэрээдийн дүр, хорвоо ертөнцийг төлөөлсөн жижигхэн өрөөг багтааж болно. Улиглан өгүүлсний эцэст тавилтын талаар хэдэн үг хэлсү.
Б.Мөнхдорж найруулагчийн тавилтад үйл явдлыг чухалчлах, үзэгчдээ дагуулах бус дагах байдал цухалзсаныг тэмдэглэе. Жүжиг бүхэн инээлгэх, уйлуулах ойлгомжит үйл явдлын давталт байж болохгүй. Хөрөнгө, эрх мэдлээр сэтгэлээ хуурсан Баохин үхлийн өмнөх мөчид өнгөрсөн амьдралаа эргэцүүлж, өөртэйгөө зөрчилдөж эхэлнэ. Түүний сэтгэлийг хэрэн нисэлдсэн сүрэг хэрээ хаачив. Баохиний дүр Хамлеттай жишихүйц монологт дүр. Уг зохиолын хилийн чинадад тайзнаа бүтээсэн хувилбаруудыг цахим сайтуудаар нь орж үзлээ. Тайзны заслыг тэдгээрийн нэгэн адил муугүй шийджээ. Жүжиглэлтэд ч нэг их өөлөх зүйл алга. Хааяа жүжиглэлтээ хэтрүүлж, дүрээсээ гарчих гээд байсныг хэлэх нь зүй биз. Харин бид гаднын зохиолыг Монголдоо найруулан тавихдаа тухайн орны соёл, хэв маягийг шингээх гэж хичээдгээс хааяа үнэмшил муутай болох нь бий. Найруулагчид хамгийн зоригтой туршигчид байх хэрэгтэй, гэвч үсчиж болохгүй. Шатыг алгасан гүйж болдог ч хүч их зардгийг санах нь зүй.
2014

Жүжиг эхлэхийг зарласан хонхны дуу суларч, үзэгчдийн чимээ аядаж, тайзан дээр гэрэл тусахад ногоон даашинзтай Нора зарцынхаа хамт бэлэг сэлт, гацуур мод тэвэрсээр орж ирлээ. Цэл залуухан, эрч хүч, баяр баясгаланг гэрэлтүүлсэн хатагтай. Саяхан хувь нийлүүлсэн банкны захирлаар томилогдсон Хельмерийн гэргий. Түүнд мөнгө л хэрэгтэй. Үзэгчдийн өмнө мөнг өний төлөө юуг ч хийхээс буцахгүй, хөнг өн хуумгай залуу бүсгүйн дүр амиллаа. Гэвч энэ дөнгөж эхлэл. Бүх зүйлд шалтгаан бий. Бүр гэмт явдалд хүртэл. Нөхрийнхөө өвчний зардлыг ааваасаа салгаж дөнгөлгүй, аргагүйдэж Хельмерийн эртний найз, банкны мэргэжилтэн Кругстадаас зээлснээр бүх үйл явдал төвөгтэй зүгтээ чиглэнэ. Нууц тайлагдах явцад Норагийн итгэж явсан бүхний үнэн төрх тодорч, итгэл найдварынх нь гал аажмаар унтарч эхэллээ. Драмын сэтгэлгээний түүхэнд Хэнрих Ибсэн хэмээх норвеги зохиолчийн нэр тодоос тод бий. Зохиолуудаас нь Ибсэний дөрвөл гэх “Хүүхэлдэй байшин” тэргүүтэй дөрвөн жүжиг дэлхий дахинаа У.Шекспирийн эмгэнэлүүдтэй тэнцэхүйц алдартай. Монголд анх тоглосноос хойш 30 жилийн дараа Г.Доржсамбуу найруулагчийн тавилтыг сэргээн тавьсныг, XXI зууны хотожсон, ардчилсан нийгмийн нүүрэнд дахин амилуулж байгааг онцлогт тооцож болох юм. Офелла, Жульетта шиг л худал хуурмаг, хүсэл тачаал, шунал, нэр алдрын дулдуйдлын дунд ганцаардсан дүр. Гэвч Ибсэн Норад ямар ч сонголт үлдээсэнгүй. Зохиолынх нь дүрүүд хаашаа ч булзаж, зугтаж болохооргүй тийм байдалд, үзэгчдийг хүртэл тэр байдалдаа барьж чаддагаараа орчин үеийн театрын түүхэнд тэр гавьяатай хэмээн үнэлэгддэг билээ. Энэ ч учир шинэ зуунд түүний бүтээлийг дэлхийн соёлын өв хэмээн сүржнээр бүртгэсэн биз. “A Doll’s House” буюу “Хүүхэлдэй байшин” гэж уншихад таны төсөөлөлд “энэ чинь юу билээ” гэсэн сэжиг төрж магадгүй. Үгүй ч байж болно. Албагүй. Үнэн хэрэгтээ амьдрал бидний төсөөлснөөс ч том байшин, харин бид тэнд өрөөстэй хүүхэлдэйнүүд.

Норагийн нөхөр Хельмерийн өвчин ямар нэг биеийн шаналгаа, зовиур бус хүний дотоод сэтгэл, эд мөнгө, эрх мэдлийн төлөөх хэтийдсэн өвчлөл билээ. Нора өвчнийг нь эмчлэхийн тулд бүхий л сайхан сэтгэлээ зольж дуусаад, эцэстээ бүхнийг орхижээ. Хельмерийн найз Ранк эмч ч хүний сэтгэлд үүрлэсэн бузар булайг эмчлэхийн ёгт дүр болж, өөрөө өвчнөөр нас нөгчинө. Үзэгчид ажигласан бол жүжгийн бүх үйл явдал Хельмерийн гэрт өрнөдөг. Тэр ертөнц, амьдрал, нийгэм, хүний сэтгэл юу ч байх бололцоотой. Кругстадыг Кристинад хаягдсанаар, Хельмерийг хангалуун амьдрахын тулд, Ранк эмчийг хайр сэтгэлээр зөвтгөсний хэрэггүй. Зөвтгөлөөр юу ч засрахгүй. Бид өөрсдийн бурууг бусдаас хайхдаа хэтэрхий мэргэшсэн улс. Улс төр, нийгэм, амьдрал бүр байгалиас хүртэл. Бүхнийг мөнгөөр шийддэг гэсэн ойлголтын дотор хүний сэтгэл хүртэл багтаж буй нь үнэхээр харуусалтай. Дуу алдан өрөвдөж, шүд зуун үзэн ядаж, санаа алдан тайтгарсан бол жүжиг танд хүрчээ гэж бодъё. Харин өөрийгөө үзэн ядаж, өөрөөсөө Хельмерийг, Кругстадыг, Ранкийг, Нораг олж харсан бол танд алга ташин баяр хүргэе. Хөшиг хаагдахаас урьтаж энэ удаагийн тавилтын талаарх цөөн үгсээ уламжлая. 30 жилийн өмнөх тавилттай харьцуулах боломжгүй учир тэр үед гол дүрд тоглосон театрын ахмад жүжигчдэд итгэн үлдээхээс өөр замгүй. Найруулагч Ч.Ганхуяг өмнөх найруулагчийн тавилтыг өөрчлөхийг хүсээгүйгээ, тайз засал, хувцаслалтыг хүртэл хадгалан үлдэхийг хүссэнээ хэлсэн байна. Зөвхөн агуулгаас гадна 30 жилийн доторх шинэчлэл, дэглэлт огт өөр орчин, үзэгчдийн өмнө ертөнцийг нээх, үгүйдээ нээхийг эрмэлзэх ёстой, тэгснээрээ ч ахмад уран бүтээлчдэд үзүүлж буй хүндэтгэл болмоор санагдана. Нийгмийн хөгжлийг дагаад театр өөрөө хувьсаж, найруулагчийн тавилт ч тэр аясаар өөрчлөгдөж байх ёстойсон. Үйл явдал зохиолын шугамын дагуу өрнөнө. Сэтгэлийн огцом эргэлт, дотоод зөрчил ихтэй дүрүүдийн дотроос Нора, Ранкийн дүр л жүжигчдээ олж, Харин Хельмер ажил хэрэгч, ихэмсэг, бас бүхнийг өөрийнхөөрөө шийддэг зангаа үг хэлээрээ илэрхийлэх гэснээс нэлээд асуудалтай тулгарах шиг болсон. Кругстадын зальжин, бялдууч зан хурц түрэмгий байдлаар солигдож, Кристина байдгаараа сул дорой болчихож. Хөшиг хаагдлаа.