Зургаан сая түмний нэг мэлмий

/
0 Comments
Сонголт шаардахгүйгээр, тогтмол үздэг зургаан сая үзэгчтэй суваг дээр зурагтаа тааруулаад, тэвчээрийнхээ туйлийг үзэхээр суув.  Хийх үйлдэл нь ердөө л телевизийн дэлгэц шагайх ч, зуны бүгчим өдрийг нэг л суудалдаа, ганцхан сувгийг нүд салгалгүй ширтсээр өнгөрүүлнэ гэдэг амар хэрэг биш ээ.
“Өвөрмонголын Монгол Одон Телевиз өргөн олон та бүхэндээ мэндчилж байна.”
Энэ үг өмнөд зүгийн монголчуудын чихэнд хэрхэн хүрдэг тухай сая л бодож байна. Судалгаагаар 300 сая үзэгчтэй хэмээн тооцоолсон ч  бусад сувгийн сонголтгүйгээр, үнэнч үзэгчийн тоог БНХАУ дахь бүх монгол угсаатнаар багцаалан авлаа.  Бидний тоож үздэггүй, үзлээ ч үг хэлийг нь уншиж, ойлгохоос төвөгшөөдөг. Ойлгох гэж мэрийхийн өмнө шоолж, тохуурхсаар суваг алгасуулан сольж, дотоод гадаадын аль нэг сувгийг сонгодог зангийн гадна “энэ суваг” үлддэг.  БНХАУ даяар цацагддаг цор ганц монгол суваг. 1960-аад оноос нэвтрүүлгүүдээ бэлтгэн хүргэж, одоогоор Хятадын 31 мужийн 400 гаруй хотод нэвтрүүлгээ цацдаг. Монгол угсааны  цөөн тоот  үндэстний эх хэлээрээ сонсож, өөрсдийн талаарх мэдээллийг авдаг ганц суваг. Хятад иргэдийн хувьд ч ялгаагүй мөр зэрэгцэн амьдардаг монголчуудын талаарх мэдээллийг олж үзэх газар нь “Одон” телевиз. Түүнийг, дэлхийд манлайлж буй том гүрний хаяанд суусан зургаан сая гаруй монгол харж буй.  Тэдний нэг нь өнөөдөр “би”.
“Гаригийн дуу”. Үндэсний телевизээр “Хүсэлтийн хариу” хэмээх дуугаар мэндчилгээ хүргэдэг хөгжмийн нэвтрүүлэг явдаг байсантай адил юм.  Энд Америкийн поп одууд, Солонгосын охидын хамтлагууд гардаггүй нь “Одон” телевизийн хөгжмийн нэвтрүүлгүүдийн онцлог. Цэлгэм тал, уул ус, элсэн говь, өмнөд монголын үзэсгэлэнт нутгийг дүрслэсэн клип бүхий зохиолын дуу, бүр манайхны дуучид, хуучны ховор дуунууд хүртэл явж байх юм билээ. Гаригийн дуу бол монголчуудын эчнээ мэдэх нэвтрүүлгүүдийн нэг. Түүний дараагаар Хятадын хувьсгал, Япон Хятадын дайны талаарх “Ниев Рүн Жи” олон ангит киноны тавдугаар бүлэг гарлаа. Хятадын хувьсгалын тухай өгүүлэх эдгээр бүтээл хэт баатарлаг дүрслэлийг чухалчилж, хятад иргэдийг түүхэндээ итгэл үнэмшилтэй болгон, хувьсгалыг ухуулахад чиглэгдсэн мэт санагддаг. Монгол хэлээр учраас ойлгоод үзээд байж болмоор ажээ.Удалгүй кино төгсөж, цагаар агаар гарсны хажууд “Жуулчлалын цаг агаар” хэмээн босоо монголоор бичсэн нь сонин санагдав. Учир нь, Өвөрмонголд очиж үзэх монголын түүхтэй холбоотой нутаг орон, байгалийн өвөрмөц тогтоц бүхий аялал жуулчлалын бүсийн цаг агаар ажээ. “Чингисийн онгон” 23 градус, 3-4 дэсийн салхитай, “Хүрээ Манхан” 29 градус, 4-5 дэсийн салхитай, “Ширээт зуу” 27 градус гэх мэтээр үргэлжилнэ. Тэнд дурдсан бүхий л нутаг өдгөө ӨМӨЗО-ны нутагт бий. Цаг агаарын мэдээллийг хот, аялал жуулчлалын бүс, улс орон, мужид хуваан цаг тутамд мэдээлнэ. Эндээс Хятад зам харилцаа хөгжсөн, ямар их хөлийн газар болох нь мэдэгдэнэ.  
“Соёл Эрдэнэ” дэлгэц эхэллээ. Үүх түүх, нүүдлийн соёл, монголчуудтай холбогдох ёс заншлаар бэлтгэдэг уг нэвтрүүлэг нэг өдрийн эфирт хуваагдах маягтай гурван ч удаа нэвтэрдэг нь олзуурхууштай.  Энэ удаа тэд Түнгэ хошууны уяач Өлзийтогтохын Мэргэнсодынд айлчлан хүрчээ. Сурвалжлах баг шавар шалбаагтай замыг туулан Мэргэнсодынд очив. Манайхны сумын төвийн айл шиг сууринжиж тохижсон уяачийнх. Морьд нь тохилог шавар жүчээнд өвс идэж зогсоно. Өвөрмонголчуудын маань нүүдэл аж ахуй ийм төрхтэй болсоор уджээ. Мэргэнсод бол нутаг усандаа алдартай уяач бөгөөд унаач. Жороо морь, хурдан морьны уралдаанд чамгүй олон айраг түрүү авсан алдартан. Морин уралдаан хүртэл цэнгэлдэхэд,  барууны морин тойруулгын адилаар явах болсон нь харуусалтай.  Тэрээр хоймортоо зүүсэн шагналуудаасаа нэг алтан медалийг онцлон бариад, “Гуанжуд болсон цөөн тоот үндэстний биеийн тамирын наадамд монгол мориороо алтан медаль минь энэ” сэтгэл дүүрэн ярьж зогсоо нь тэдний зүрх сэтгэлийнхээ мухарт тээчихээд гаргаж зүрхлэдэггүй тээг хөдлөх шиг санагдлаа. Монгол мориороо хэмээн онцолсон нь ч учиртай. Сүүлийн хэдэн жил Оросоос морьд оруулж ирэх болсоор бусдын жишгийг даган ах Түргэнсодын хамт хэд хэдэн морь хил дамнуулан худалдаж авчээ. Уяан дээр нь жач урттай том морьд харагдана. Уяа, хазаар, эмээл нүүдэлчин монголчуудын соёлоос алсарч буй хэв төрх.
“Сайн байна уу? Хөххот” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг Хөххот дахь түүхэн дурсгалт газар  “Таван суваргат сүмээс” бэлтгэжээ. Монгол Улсын “UBS” телевиз, монгол “Одон” телевизтэй хамтарч ийм нэвтрүүлэг бэлтгэх болсныг сая мэдсэн нь энэ. “Улаанбаатар” телевизийн хөтлөгч Анхаа, “Одон” телевизийн хөтлөгч Дулаан нарын хамтаар Зуугийн хотын доторх урлагийн гайхамшигт бүтээл, нүүдэлчдийн шинжлэх ухааны ололтын томоохон баримттай танилцахаар хөдлөв. Энд дэлхийд ганц хэмээн тооцогддог, Мөнх хааны зарлигаар бүтээсэн “Одон орон, зурхайн чулуун сийлбэр” энд бий. Сүмийн хойд жигүүрт орших эл бүтээлийг од эрхсийн тохиол, зурхайн ухааны жаягт таацуулан монгол хүн, монгол бичгээр урласныг бидний дунд мэдэх хүн цөөн.  Дэлхийн хөгжлөөс хоцрогдсон бүдүүлэг нүүдэлчдийн удам гэсэн хандлага ажиглагддаг ч хэдэн зууны өмнө, магадгүй Европчуудаас өмнө гариг эрхэс, зурхай зурлагыг тэмдэглэж явсан нь гайхмаар.  Нэвтрүүлэг дуусч нэг дуу явсны хойно шинжлэх ухааны нэвтрүүлэг гарлаа. Амьд сэрүүн ахуй цөөхөн гоц хүмүүсийн нэг гэгддэг Стифен Хаукингийн тухай “Стифен Хаукингийн орчлон ертөнц” шинжлэх ухааны баримтат нэвтрүүлэг. Тэр бол физикийн онолоос хальж, цаг хугацааны аялал хийх боломжийг эрэлхийлсэн суут хүн. Хар нүхээр дамжин сансарын хүрдэнд орчиж, гэрлийн хурдаар цаг хугацаанаас түрүүлэх боломжтой хэмээн ярьдаг, тэргэнцэртэй, саажилтай ч гоц ухаантан. Шинжлэх ухааны баримтат нэвтрүүлгийг үзэхэд тулгарах ганц асуудал эрдэмтдийн нэрний галиг. Англи нэрний галигийг арай өөрөөр дууддагаас тэр. Бусдаар бол сайн сонголт, орчуулгатай нэвтрүүлэг ажээ.  Түүний дараагаар гаригийн гуравны “Үдийн мэдээ” гарлаа.  БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн гадаад дахь айлчлал, эдийн засаг, гаалийн асуудлаарх мэргэжилтний тайлбар, ус бороонд өртөмтгий тариалангийн даатгалын шинэ дүрмийн тухай асуудал, ерөөл магтаалчдын уралдааны дүн гээд дотоод гадаадын мэдээг нэвтрүүллээ. Гадаад мэдээний дийлэнх хэсэг нь  улстай хамаатай, дипломат харилцаатай холбоотой байх юм билээ. Ахиад л “Таны хотын цаг агаар”.  Гаригийн гуравны хөтөлбөрөөс ганц ойлгоогүй нь хүүхэлдэйн кино. Япон голдуу хүүхэлдэй кинонуудын дуу оруулга, орчуулга, мөн сонирхолтой эсэх нь эргэлзээтэй учраас бүтэн 30 минут тэвчих хэрэг гарлаа. Ашгүй ...
 “Сонгодог цаг” нэвтрүүлэг эхлэв. Энэ удаад Тэнгэр уулын Өөлд монголчуудын тухай сурвалжилжээ. XVIII зууны түүхийн нэгэн зурвасаар тасарсан төрлийн хэлхээд Тэнгэр уулыг бараадан аж төрж байна. Амьдрах ахуй, аж төрөх хэв маяг, арав гаруйхан настай хүүгийн эргэлдсэн алаг нүд цөм Монголынх гэдэг нь илт. Гэвч ярианы аялга, үг хэл жаахан зөрүү учраас ярилцахад хүндрэл учирдаг ажээ. “Сонгодог цаг”, “Соёл эрдэнэ” нэрээр бэлтгэдэг тархан суурьшсан монголчуудын талаарх нэвтрүүлэг үнэхээр сонирхолтой. Хөтлөгчийн, “Аливаа төрийн унаж боссон түүх бол цагийн жамаар болсон үзэгдэл, хамгийн аймшигтай нь харамсалт түүхээ мартах” хэмээн хэлсэн төгсгөл бүх монголчуудад хандах шиг хурц санагдлаа. Ийм үгс л их гүрний дунд суугаа цөөн монголчуудын мөрдлөгө болдог биз ээ.
“Солонго” нэвтрүүлэг. Хоёр улсын хамтын ажиллагааны шугамаар бэлтгэх болсоор уг нэвтрүүлэг долоон жилийн нүүр үзжээ. Монгол телевизүүдийн шилдэг бүтээлийг хүргэдэг уг нэвтрүүлгийг “Монгол Одон” телевизд ажилладаг, ганц монгол сэтгүүлч Дамбуугийн Болормаа хөтлөн явуулдаг. Мөн тэд “Сансар”,  “UBS” телевизүүдтэй  хамтран ажиллаж байгаа. Монголоос бэлтгэдэг эдгээр нэвтрүүлэгт үзэгчид тун таатай ханддаг, ялангуяа залуу үеийхэнд сонирхолтой байдаг тухай нэгэн танил маань ярьсан билээ. Улаанбаатар телевизийн бэлтгэдэг “To be or not to be” театрчилсан шоу, шарын голын нүүрсний уурхайн талаарх ярилцлага гээд монгол улсад бэлтгэсэн хэд хэдэн нэвтрүүлэг гарч байна.  
“Гэрэлтэй цонх” нэвтрүүлгээр Сөнөд Батула хэмээх тамга сийлбэрчийн талаар сурвалжилжээ. Монголчууд тамганы маш том урлалтай. Модон, чулуу, үнэт эдлэлээр бүтээсэн тамгууд музейн үзмэрээр хадгалагдан бий. Батула чулуун тамганы сийлбэрийг уламжлан, монгол бичгээр сийлбэрлэн хийнэ. Ер нь өмнөд монголчуудын дунд дарханы урлалыг илүүтэй уламжлан хадгалсан шиг санагдсан. Уяач Мэргэнсодын нэвтрүүлгийн үргэлжлэл, NCH телевизийн “Шинэ бүтээл” нэвтрүүлэг, хүүхэлдэйн кино үргэлжлэн гарлаа.  Их гүрний хаяа бараадсан цөөн тоот үндэстнүүдийн өөрсдөдөө бий болгох ёстой хамгийн том дархлаа “соёл”. Тэдний соёл, түүхэндээ хандаж буйгаас, мөн “Өвлөн дээдлэх соёл” хүүхдийн нэвтрүүлгээс ийм бодолтой үлдлээ. Хятадын нэг сайтад, “Түүх, үндэстний соёлыг харуулсан уг нэвтрүүлэг Хятад улсын хэмжээнд шилдэг нэвтрүүлгийн тоонд ордог. Өндөр настныг хүндлэх, хүүхдийн дотоод ертөнц рүү хандсан утга агуулгатай, хүүхдүүдийг нийгэмшүүлэх талын ач холбогдолтой тул үзэгч хүүхдүүдэд их таалагддаг” хэмээн бичжээ. Монгол үндэстний эрийн гурван наадам, хүндлэн дээдлэх ёсыг үлгэрлэн үзүүлэгч эдгээр үрс угсаа гарвалдаа үүн шигээ хайртай үлдэж чадах болов уу гэсэн туйлбаргүйг бодож сууна. Ийнхүү “Одон мэдээ” буюу үдшийн мэдээ дамжуулах үест нар баруунаа буужээ. “Хасар” Жагаа, түүний гэргий МУГЖ Уранчимэг нартай монголд хөөрөлдсөн яриа, өврийн монгол залуусын сонсох дуртай “Хурд” хамтлагийн “Цэргийн бодол” дууны клипийг явуулсны эцэст хил дагуух монголчуудын овоо тахилгаас хийсэн бичлэгийг үзүүлэв. Тэдгээр хүмүүс монгол угсаатны найрыг дэг жаяг, тахилгын ёс, хэл яриа уламжлалт соёлоо итгэл үнэмшилтэйгээр хадгалан үлдсэний дотор ар монголчуудын нөлөөлөл туссан нь зарим зүйл харагдана лээ. Түүх соёлын нэвтрүүлгүүд ихэнхдээ хил дагуух, зах барьсан монголчуудын талаар нэвтрүүлдэг нь дотогш суусан хэсгүүд нь хэдийн суурин байдалд шилжиж, монгол гэж таних зүйл хомс болсноос шалтгаалдаг биз. Ийнхүү нэвтрүүлгийн дараагийн хэсэгт Тэнгэр ууланд нутаглаж буй Төрмөнхийнд хүрч очив. Тэнгэр баганадсан болоод тэр үү, эсвэл тэнгэрийн өнгөд уусан алдарсан болохоор тэнгэр уул гэж нэрлээ биз. Тэр ноёлог уулын хормойд амьдарч буй мах цусны тасархайд тэрэг тэрэг номоо баринтаглаж, бурхан шүтээнээ зултай, монгол бүжгээ биелж,  хэн ч монгол гэхээр эгэл даруухан амьдарч байна. Одон телевизийнхний энэ чиглэлийн нэвтрүүлгүүдийн онцлог нь баримт бичиг, хүмүүсийн яриа, хуучны бичлэгээр нэр болгон өнгөрүүлэлгүй,  тухайн газар оронд нь хүрч, түүхийн утга улбаагаар нь тайлбарлан, хүний сэтгэлд буутал яруу сайхан өгүүлэх юм билээ. Ийнхүү үдшийн мэдээгээр үргэлжилж, Жи Зиньпиний Куба дахь айлчлалын тухай бүхэл сурвалжлага гарлаа. Ер нь мэдээний 120 мунитийн ихэнхийг дотоодын улс төртэй холбоотой мэдээлэлд зориулдаг нь ажиглагдсан.
Ийн Одон телевизийн өмнөх нэг өдөр өнгөрч байна. Миний бүхэл өдөржинг телевиз үзсэн талаарх яриа хэний ч сонирхлыг татахгүй бөгөөд хилийн чанадад суугаа цөөн тоот үндэстэн, угсаа гарвал нэгтэй зургаан сая монголчуудын гадаад ертөнцийг тольдох, тэдэн өөрсдийн дуу хоолойг хүргэх цор ганц боломж бүхий телевизийн нэвтрүүлэг л таныг хөтөлж болох юм. Улс төрийн хараа хяналт, шалгалт шүүлгийн дунд бэлтгэдэг нэвтрүүлгүүдээс нь  монголчуудын үүх түүх, соёл, угсаа гарвалд тэмүүлсэн аяс мэдрэгдсэн. Баруун Алтайн уулсаас Зүүн Хянганы нурууг хүртэлх нутагт амьдарч буй Цахар, Үзэмчин, Баарин, Харчин, Барга, Буриад монгол угсаатан түмний мэнд суугаагаа мэдэлцэх ганц талбар ч байж мэдэх билээ.
Зурагтын удирдлагынхаа ганцхан товчоор шийдэх хэрэг ч бидний сонирхлоос гадуур хоцордог “Одон телевизийн нэг өдөр” ийм ажээ.


You May Also Like Related Reviews

No comments: