Харанга: Он цаггүй нөхөрлөл

/
0 Comments
Одоо тэд 25-тай. Цэргийн хөгжмөөр голдуу дамжсан хэсэг залуус Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дэргэд “Соёмбо” нэртэй хамтлаг байгуулан, банзан гитар нүдэж, рок урсгалд дурлаж явсан үеийг яривал үүнээс ч урт түүх хөвөрнө.
Шинэ бүхэн эсэргүүцэл, утгагүйтэл байдаггүй. Тэд тийм л жишгээр явсан. 1989 онд Драмын театрын тайзнаа “Амьдрал” нэртэй анхны бөмбөгөө хаяжээ. Цэгээ олж тэсэрсэн тэр бөмбөг Монголын хөгжмийн урлаг, рок попын ертөнцийг одоо ч доргиулсаар байна. Урт үстэй, махлаг залуу зохиолын дуучинд баймаар цээл хоолойгоор дуулж, хар савхиар жигдэрсэн бусад нь гитар, бөмбөр тоглож, энэ дэлхий ертөнцөд бүтэж бүрэлдсэн бүхий л рок хамтлагийн жишгээр эхэлж байлаа. Бүх билет нь 30 минутийн дотор зарагдаж, тоглолтын турш үзэгчдийн сэтгэл хөөрөл нэмэх градусаар өссөөр дээд цэгтээ хүрсэн нь агуу ихийн хүсэлтэй тэдгээр залууст цааш зориглон алхах замынх нь эхлэлийг тавьж өгсөн юм. “Аясын салхи”-ийн металл рок хэмнэл арай хүнддэж, “Соёл-Эрдэнэ”-ийн уянгын дуунууд хэт уйтгартай санагдсан тэр үед л хэний ч танихгүй үлээвэр найрал хөгжмийн хэсэг залуусын санаачилсан “Харанга” нэртэй хамтлаг гарч ирсэн нь өнөөгийн бидний өмнө зогсоо буурь суурьтай, Рок ертөнцийн нэгэн том “зангараг” “Харанга” юм.
Армийн “Соёмбо” чуулгаас оргосон Чука, Пүүжээ, Төмөр замын “Ногоон гэрэл” хамтлагаас урвасан Манлай, Оогий дөрвийн харж байсанчлан хамтлаг бүтэж бүрэлдэх явц тийм ч амархан байсангүй. Гагц “Бид амьд хамтлаг, анд нөхөд байх ёстой” гэсэн үгс л тэднийг олон саад тотгорын цаана гаргасан хэмээн өөрсдөө дурсдаг. Урлаг хөгжих байтугай идэж уухаа залгуулахад бэрхтэй тэр цаг үед ч тэднийг асар их хүсэл, нөхөрлөл, цэрэг армид олсон тэсвэр хатуужил л хүсэл бодолдоо тууштай үнэнч байх зам руу хөтөлж, өнөөдрийн энэ зүгт чиглүүлсэн биз. Анхны “Амьдрал” тоглолт болохоос сарын өмнө “Томоотой хүн” дууны бэлтгэлийн үеэр Чука рок дуучинтай болох санал гаргаж, Лхагвасүрэн гэх махлаг цагаан хүүг дагуулж иржээ. Рок дуучинд тохирмооргүй цээл гоё хоолойтой тэр хүүд чамлахааргүй зүйл бийг чамгүй туршлагажсан үлээвэр хөгжимчид яахин андах. Ийнхүү  “Шүүдэр цэцэг”-ийг гитартай дуулж шалгуулсан мөнөөх хүү эл хамтлагийн гоцлол дуучнаар элссэн түүхтэй. Хамгийн гол нь “Бүх насаараа бидэнтэй хамт дуулж чадах уу” гэсэн асуултад нь тэр “Чадна” хэмээн эрс шулуухан, итгэлтэй хариулсан нь л тэдэнд их таалагдсан. Ингэж л х”Харанга” төржээ.
“Амьдрал” тоглолтын дараа арын өрөөнд болсон “Бид хэзээ ч салахгүй, түрүүлж одсоныг урвасанд тооцно, тэр болтол хамтдаа байна” гэсэн тангарагтаа ч  үнэнч үлдлээ. Мөнх бусын орчлонгоос эртлэн буцсан Булган нь тэдний дунд үгүй ч бусад нь өргөсөн тангарагтаа үнэнчээр 25 жилийг үдлээ. Монголын хөгжмийн урлагт тэдний нэртэй зам хэдийнэ бий болсон. Өөр хэн ч явахааргүй, явлаа ч гүйцэж хүчрэхээргүй тийм урт, өгсүүр зам. Урлагт өөрсдөө төлөвшиж, урлагаар үзэгчдээ төлөвшүүлсэн нэгэн хамтлагийн товч түүх ийм. Үргэлжлэл мөн тэдний тухай...

Лхагвасүрэн: Хүн харанга 

Жон Ленноны шилтэй, Боб Плант шиг үстэй тэр залууд үзэгч, сонсогчид хайртай байдаг. Хааяа дүрсгүйтдэг, ингэхдээ бүр том дүрсгүйтчихдэг. Шулуун яриатай, хамгийн гол нь бодсоноо хэнээс ч нуудаггүй, тийм л хүн шиг санагддаг. Хар голцуу хувцас өмсөж, чихэндээ гархин ээмэг зүүсэн ийм төрх намайг мэдээ орох үеэс л байсан. Хэдийнээ 50 гарсан “Харангынхныг” эрч хүч, уран бүтээлийнх нь шинэлэгээр хоринтавттай зүйрлүүлбэл, тэр арваннаймт.
Байгаагаараа таалагддаг тийм л хүн байдаг даа. Чукад уруу татагдан рокын ертөнцөд хөл тавьснаасаа хойш, миний мэдэхээр тэрбээр ганц ч удаа урлагийн зам, хамтлаг хоёроосоо хазайгаагүй юмдаг. Энэ зан нь ч таалагддаг. Хатанбаатарын Лхагвасүрэн энэ хамтлагт орж ирснээр тэдний анхлан тавьж байсан зорилго арай өөр зүгт чиглэсэн болов уу гэж би боддог. Мэдээж, түүний хоолой металл рокийнх биш, магадгүй металл-поп гэж нэр томъёо байдаг бол илүү зохирох биз. Даанч хаана ч ийм нэршил байхгүй. Амьд хөгжим, цээлхэн, уянгалаг хоолой, гитарын хослол “Аясын салхи”-аас өөр тэсрэлт мэдрээгүй тэр үеийн залууст хүчтэй сэтгэгдэл төрүүлснийг одоо ч ярьсаар. Хожуу гарсан анхны цомог “Харангын Лхагваа”. Есөн жилийн дараа тэр зүрхлэн “харанга” гэдэг үгээр өөрийгөө тодорхойлсон. Уг нь аль эрт рок ертөнцийн “харанга” болчихсон байлаа. “Толин хул”, “Сар шиг холын газар”, “Хайртай” тэргүүтэй шинэ дуунууд нь зохиолын дууны рекордыг эвдэн олонд хүрч, “Намрын өнгө”, “Гайхмаараа”, “Үйлсийн сайхан Улаанбаатар” зэрэг шинэчлэн дуулсан хуучны дуунууд олны таашаалд нийцсэн. Уянгын голцуу 12 дуунаас бүрдсэн энэ цомог гарсан эрчээрээ өдгөө хит парадын эхний аравт жагссаар байна. 2011 онд кино жүжгийн дуугаар бүтсэн “Тэнгэрлэг андууд”, мөн онд “хэцүү нэрт”-д байхдаа гаргасан “Нарыг хайрла”, үндсэрхэг дуунуудаас бүрдсэн “Замбатив” цомог, сүүлд гарсан хоёр цомог гээд нийтдээ зургаан цомог Лхагваагаар овоглодог. Лхагвааг харин “Харанга” овоглож, уран бүтээлийнх нь мөнхийн дэмжигч, хамтрагч, зөвлөгч байдгийг уншигчид надаар хэлүүлэлтгүй мэднэ.
Амьдралыг хар, цагааны аль нэг туйл руу зүтгүүлбэл утгагүй. Эрээнтэй бараантай байх ньэнэ амьдралыг тэгшитгэдэг шиг санагдана. Лхагвасүрэн энгийн л нэг монгол хүн. Дуу хоолойгоороо ард түмэндээ хүндлэгдэж, аавын хөвгүүдийн нэгэн адилаар алдаж, онож яваа эр хүн. Хар тамхины хэрэг, хүн амины хэрэг гээд түүний амьдралд алдсан өдрүүд бий. Хэцүү нэртийн хаалга татаж, бүр сууж ч үзсэн. Харин уран бүтээл, оргилуун, гуньж гутдаггүй зан нь түүнийг авч гарсан билээ. Бас бурхад тэнгэрт сүсэлж, Хималайн ууланд эрсдэхээ шахаж, Монгол өвөг дээдсээрээ омогшиж бахархаж, бөө шиг эрих, хадаг зүүж, ер нь түүнээс гарахгүй зан авиргүй. Гандангийн дэнжийн ламаахайгаас авахуулаад 90 гарсан хөгшинтэй хүртэл нөхөрлөж чаддаг, нас дөхсөн хүмүүсийн хэлэхээр энд тэндээ элдэв зүйл унжуулсан, сэгсгэр ч гэлээ зүрх сэтгэл нь монголоороо тийм нэг эр хүн.

Үлээврийн бөмбөрчин Пүүжээ

Бидний багад тоглоом ховор, хөдөөд бол бүр ч нүдний гэм. Аяганд махны хальс тохож хатаагаад, модонд хонины хоргол хатгаад бөмбөрдөж тоглодог байлаа. Түүнийгээ “бөмбөр” гэж нэрлэх. Миний бөмбөрийн тухай ойлголт ердөө л энэ байжээ. Харин түүнийг өөрчилсөн зүйл бол Монголын ууган рок хамтлагууд. Тэр дундаа Пүрэвдаш. Багадаа дуучны ард суугаад юм нүддэг хүнийг бөмбөрчин гэдэг гэхэрхүү л ойлголттой тууж явжээ. Тэгвэл Пүүжээ тийм хүн байсангүй. Бага тойрууд бага насаа үдэж, 13-тайдаа цэргийн хөгжмийн салаанд хуваарилагдаж, цэргийн бөмбөрчин болохоор таван жил нүдүүлж, төгсөөд үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд орсноор урлаг, тэр дундаа хөгжмийн урлагаас өөрийгөө тусад бодох аргагүй болсон гэж ярьдаг. Өнгөрсөн долоо хоногт тохиосон “Haranga and Puje” тоглолт ч түүнийг ямархуу хэмжээний бөмбөрчин болохыг баталсан. DJ үзүүлбэртэй хослуулсан бөмбөрийн хэмнэлүүд үзэгчдийн сэтгэлийг урьдны адил дэнсэлгэсэн билээ. Тэр залуугаараа байна билээ.

Театрын Чука

Сүүлд хэсэг охид, хөвгүүдийг эрхлүүлэх замаар од болгодог “Making the Band” хэмээх шоуны шүүгч, продюсерээр ажиллахаасаа бүүр өмнө тэр Сэлэнгийн театрт хөгжимчнөөр ажиллаж байлаа. Тэр үе 1970-аад оны эхэн. Ноот мэдэхгүй, мэргэжлийн үнэмлэхгүй 16-тай хүүг нааш ир гээд тосоод авах газар бэлээхэн байсангүй, тэгээд ч тамгатай үнэмлэхэнд илүүтэй итгэдэг үе байлаа. Харин цэрэгт явснаар урлагийн замд нэгдэх нөхөдтэйгөө учирсан завшаан болжээ.
Лхагвааг орж ирэхээс өмнө тэр хамтлагийнхаа дуучин байсан. Нэг их хүчтэй биш ч өвөрмөц, эвтэйхэн дуулах ч рок дуучин эрж хайж явсаар Лхагвааг уруу татсан нь бас л учиртай. Дуулахаас илүүтэй авьяаслаг хөгжмийн зохиолч, чадварлаг продюсер байхыг тэр илүүд үзсэн байж болно. “Үгүйлэн санана”, “Дөрвөн улирал”, “Замд гаръя”  зэрэг түүний хөгжмөөр амилсан олон дуу бий. Рокийн ертөнцийн хөгжмийн зохиолчид дундаа бүтээлийн чанар чансаагаараа тэр дээгүүр орно. Ертөнцийн хууль жамын дагуу тэр хөгжмийн урлагийн хойч үеийг бэлтгэх ажилд идэвхтэй зүтгэж буй.


Хуучиршгүй төрх Энхманлай

“Харанга”-ыг мэдэх болсноос хойш энэ хүн өөрийн хэв загвартаа үнэнч яваа. Түүн шигээ хамтлагтаа, хамт олондоо үнэнч 25 жилийг үджээ. Хамтлагийн ахлагч, олон таван үггүй алдаа оноог шуудхан хэлчихдэг түүний үгийг бусад нь тун дуртай хүлээн авдаг гэх юм билээ. “Ногоон гэрэл”-ийн гитарчин, “Айзам”-ын бөмбөрчин, “Соёмбо”-ын хөгжимчин явах үедээ тэр ганцхан зорилгыг тээж явсан. Тэр нь ирээдүйн “Харанга”. Санаа зорилго нэгтэй, орчин үеийн хөгжимд дур сонирхолтой тэдгээр залуусыг олж нөхөрлөснөөр тэр хүсэл нь биелсэн. Хамтлагийнхаа зарим дууны үг, аяыг зохиож, “Миний орцны дуунууд” хамтарсан цомог л гаргасан. Өөрөөр хэлбэл хувийн карьераас илүү хамтлагийнхаа уран бүтээлд анхаардаг. “Харанга”-ын төлөвшил, урт хугацааны үерхэл нөхөрлөл энэ хүний зохион байгуулалт, ахлагч шиг ахлагч байдагтай холбогдоно.

Хэмнэлт амьдрал Одсүрэн

Хэмнэлт гитарчин Одсүрэнг “Харанга” хамтлагийн хөгжимчин гэхээсээ ая зохиогч гэвэл зохино. Хамтлагийнхаа “Энэ бол дурлал биш”, “Насаа хайрла ээж минь”, “Он жилүүд”, “Оддын тоогоор наслаасай”, “Их хаадын сүнс”, “Sweetymotion” хамтлагийн “Хаахна явна”, Б.Чинбатын “Алсын гялбаа”, “Заяамал хайр”, Д.Батсүхийн “Чиний төлөө би” зэрэг олны хүртээл болсон дуунуудын хөгжмийг тэр бичсэн. Амьдралын нугачаанд хөл алдаж, гашуун нясуунд дурласан ч эргэж боссон хүчирхэг эцэг.
Хамтлагтайгаа, гитартайгаа байвал бүх зүйл сайхан гэсээр 30-аад жилийг урлагийн тайзнаа үджээ. “Монголчууд ташуураа бариад мо­риндоо  мордсон цагт” гэдэг  шиг би гита­раа бариад тайзан дээр га­­рахаараа онгодтойгоо жин­хэнэ утгаараа нөхөр­лөж чаддаг. Тий­мээс ч нэр, гадаад  төрх нь хэвээрээ бо­­ловч огт өөр хүн болж харагддаг байх. Үзэгчдийн уухайн дунд гитараа бариад тайзан дээр зогсож байх тэр мө­чийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Ца­хилгаан цахиж, аянга нир­гэх юу ч биш. Тайзан дээр гаралгүй удахаараа тайзны хажууд очоод сандардаг. Тай­зан дээр гараад гитараа дуугаргаж эхэлмэгц хамаг биеийн хөлс чийхраад, тайв­ширчихдаг” гэсээр ирэх өдрүүдийг “Харанга”-тайгаа үдэхээр хүлээж буй.

Дээр өгүүлсэн бүхэн Монголын хөгжмийн ертөнцийн нэгэн том үзэгдэл. Уран бүтээлээ таслалгүй, хамтлагийн гишүүд нь солигдолгүй 25 жилийг үднэ гэдэг хамтлагийн түүхэнд бахархам үзэгдэл. Рок хөгжмийн ертөнцөд тэдний гаргасан замаар олон хамтлаг төрж, монголчуудын хөг аялгуу тэртээд хүрч цуурайтна гэдэгт итгэнэм. 25 насны баярын мэнд! Харанга!





You May Also Like Related Reviews

No comments: