М.Болдбаатар: Олон барилдах зав олдоогүй ордны тогооч

/
0 Comments
Түүнийг өмнө нь гурвантаа харсан юм. Төрийн ордны баруун хаалгаар гарч явахад нь нэг, хүнсний зах дээр мах үзэж явахад нь бас нэг, сэтгүүлийн редакцаар ороод гарахад нь дахиад нэг. Харин дөрөв дэх нь энэ уулзалт.
Түүх бүхэнд эхлэл бий, харин төгсгөл байдаггүй нь сонин. Түүний амьдралыг эхлэлтэй төгсгөлгүй замаар төсөөлбөл Багшийн дээдийн түүхийн ангид орох хүсэлтэй түнтгэр хүү орос хэлнийхээ шалгалтад тааруу оноо авч, Санхүүгийн хуваариас татгалзан, Худалдааны техник мэргэжлийн сургуулийн тогоочийн хуваарь атган зогсоо 1973 он руу очно.  
Үүнийгээ тэр “Ингэх л хувь заяатай байсан юм болов уу” гэсэн товчхон үгээр тодорхойлно. Үнэхээр хувь заяа гэх бурхны зарлиг, ид шидийн биелэл шиг ямар нэг нөлөөлөл бидний амьдралыг удирддаг уу, эсвэл бид өөрсдийнхөө бүтээсэн бүхнийг хаана ч үгүй хий хоосонд хамаатуулдаг уу. Хэн нь ч итгэлтэй хариулт өгч чадсангүй.
Мэргэжил олгох сургалтын ганц жил нүд ирмэхийн зуур өнгөрч, сургуулийн үнэмлэхээ барьсан Болдбаатар далаад оны Улаанбаатарын томоохон рестораны нэг “Идэр”-т туслах тогоочоор хуваарилагджээ. Социалист орнуудын төлөөлөгчид байрладаг “Залуучууд” зочид буудлын залгаа “Идэр” ресторан хүлээн авалтын хоолны захиалгад дарагдаж, тэр намар нь Зөвлөлтийн удирдагч Л.И.Брежнев айлчлан хөл хөөр болж, Дуурийн театрт хүлээн авалт хийхээр “Идэр”-ээс гурван тогооч аваачсаны нэг нь тэр байв. Анх удаагаа Төрийн ёслолд хоол бэлтгэлцсэн тэр мөч “Төрийн тогооч” болох хүртэлх урт замын эхэн байлаа.
“1975 онд РСНК байгуулагдсан юм. Тэгэхэд манайхаас хэдэн хүүхэд тогоочоор очиж ажиллах болов шүү. Москвагаас Кремлийн тогооч байсан Михайл Иванович Игнатов гэдэг хүн ирж багшилж байлаа. Тэнд л анх удаа ил гал дээр шорлог шарах, люля хийх, блинчик шарахыг сурсан даа. Нэг өдөр шорлог шарах захиалга бэлдэх болоход бид хэд “Чадна” гээд багшийг явуулчихлаа. Тэгээд гармагц нь захиалгаа гүйцээхийн тулд хайруулын тавган дээр шарж гарлаа. Гэтэл багш цонхоор харчихдаг байгаа. Маргааш нь загнуулаад. Биднийг буцаана гээд загнаж гарлаа. Буцвал ажилгүй үлдэх шахуу юм болно”. Оросын сургагчийн зандчин өгүүлсэн ярианаас тэр хоол хийнэ гэдэг шарж түлэх, амталж давслахын нэр биш, бүх л хэсэгтээ таарч тохирсон хэм хэмжээ, цаг хором, орц найрлагын зохицол болохыг мэджээ. Амьдрал ч ялгаагүй худал хуурмагаар бүүдийж, үнэн, чин сэтгэл хоёроор амь орж явдаг нарийн хоол шиг амт өнгө сүлсэн зүйл болохыг хориодхон настай залуу хүү монгол хэл мэдэхгүй харь хүний ярианаас тэр л үед ойлгожээ.
Элсэлтийн шалгалтад тааруу оноо үзүүлсэн ч энэ тэрүүхнийг ойлголцохдоо чамгүй орос хэлтэй Болдбаатар нэг л мэдэхнээ орос сургагчийн дотнын нөхөр, нарийн ширийнээ нууцлан хэлдэг гарын шавь нь, бас данхтай “цагаан”-ыг нь хадгалдаг итгэлт хүн нь болоод авчээ. Дараа жил нь Зарлан дуудах хуудас авлаа. Гэвч хилийн застав, хязгаар нутаг, эх орны манаанд биш, мөнөөх л гал тогоондоо, Жанжин штабын гуанзанд тогоочоор хуваарилагдах нь тэр. Улсын уралдаанд гуравдугаар байрт орж, орос сургагчийн гарын шавь байсны хувиар удалгүй ахлах тогоочоор томилчихов. Ийнхүү цэргийн гурван жилийг тогоочийн мэргэжлээрээ үдээд, Гадаад явдлын яамны тогоочоор очив.
“1981 оны зун юм уу даа. Бал даргын том хүү Слава Дипломатын албаны хоёр оростой ирсэн. Чи тогоочоор хамт яв гэж тэр үеийн яамны сайд байсан Ц.Дүгэрсүрэн гуай хэлдэг байгаа. Тэгээд тэдэнтэй хамт хээр хөдөөгүүр хэд хоног явж, мөнөөх хоёр Оростой зууралдсаных, хэлээ ч гайгүй болгоод авсан шүү”.
Дал, наяад он гэдэг гахай, тахиа, загас жараахайн зоогонд монголчууд төдийлэн дадаагүй байсан үе. Орос тогоочоос байцаа дарахыг, Унгар технологичоос гахайн мах давслахыг заалгаж, хүрэн манжингийн шүүсээр өнгө оруулж, өргөст хэмхний хальсаар чимэглэл хийж эхэлсэн тогоочийн ажил, Саарал ордон, Их тэнгэрийн амны гал тогоонд өнгөрүүлсэн 40 гаруй жилийнх нь замнал Монголын түүхийн хамгийн сонирхолтой үетэй давхцдаг.
“Одоо энэ наадмын талбайн арын соёмботой хөшөөний хойд талд нийтийн хоолны газрууд наадмаар хуушуур хийдэг байлаа. Модон савтай тос ширмэн тогоонд буцалгаад бөөрөнхий хуушуур чанана. Түлээ хагалах, гал түлэх гээд ажил мундахгүй. Бөөн л утаа май болно. Тэнд чинь 9-нөөс эхлээд 12-ны өдөр хүртэл хуушуур чанана шүү дээ”
Цэнгэлдэхийн дээгүүр “Түмний эх”, “Хуур магнай” шуранхайлж, тэр аварга давлаа, энэ начин давлаа гэх тайлбарлагчийн дуу цуурайтсан наадмын дөрвөн өдрийг том ширмэн тогооны ард өнгөрүүлсэн Болдбаатар хүү хэзээ нэг өдөр тэр Цэнгэлдэх дотор тав давчихаад төрийн есөн хөлт цагаан тугийг тойрно чинээ бодсон эсэх нь сонин. Мэдээж бодоогүй. Гэхдээ хувь тавилан, дур сонирхол, хичээл зүтгэлийн аль нь ч юм түүнийг үндэсний бөхийн дэвжээ рүү татан оруулжээ.
“Анх тавдугаар ангидаа Пионерийн ордны Долгор багшийн хүүхэлдэйн дугуйланд орсон юм. Дараа нь бөхийн дугуйланд орлоо. Б.Түвдэндорж аварга, Өвөрхангайн жижиг Гомбо гээд хоёр багштай. Тэгж жаал аваад нэг их сонирхохоо больсон. Хааяа барилдаад явдаг байлаа. Харин аав минь л “Чи нэг л тууштай хичээллэхгүй байна даа” гэдэг байв”
“Гарьд магнай” киноны олны хэсэгт сонгогдож, тэр зунжингаа үеийн хэдэн нөхөдтэй камерийн өмнө ноололдсоных, гайгүй сайжраад иржээ. “Өнгөрсөн хойно л аавын минь хэлсэн орой руу орсон доо”. Тийн 1983 оноос эхлэн Мядагийн Мөнгөн арслан, нэг голд төрж өссөн Цэрэн аваргынхаа удирдлага дор бэлтгэл хийж, 1985 онд аймгийн заан цол авлаа.
Баадуудаж асаадаг орос араажавны өсгөгчийн цаанаас Ерөнхийлөгчийн бөх, “дүүгүүр” Болдбаатар давлаа гэж А.Ганбаатар агсны цээл хоолой хадах тэр үе хүүхэд насны минь нандин дурсамжийн нэгээхэн хэсэгт багтдаг учраас мартагддаггүй юм. “Ерөнхийлөгчийн тогооч” гэдэгтэй залгаа хэлэгдэх тэр гуншин 1985 оны Цагаан сарын барилдааны хоёрын даваанд У.Мижиддорж гуайг дүүгүүрдсэнээс эхтэй гэнэ лээ. “Булганыхан эртнээсээ дүүгүүрддэг уламжлалтай, барьц л олдвол дүүгүүрдчих гээд байдаг болсон доо” гэж тэр хэлнэ.
1989 онд Улс хувьсгалын 68 жилийн ойн баяр эхлэхэд 512 бөх барилдахаар бүртгүүлээд байв. Төрийн ордны тогооч, аймгийн заан Мягмаржавын Болдбаатар гурвын даваанд Г.Даваасамбуу начинг, дөрвийн даваанд С.Цэрэн аваргыг өвдөг шороодуулан, тавын даваанд Ч.Гочоосүрэн зааныг давж, 33 насандаа Монгол Улсын начин цол хүртлээ.
“Ахмад бөхчүүдийн дэмжлэг, урмаар ийм сайхан цолонд хүрсэн. Дараа хоёр жил нь дөрөв даваад тавын даваанд унаж билээ. Гурав бол хэд хэд давсан шүү”
Түүнээс хойш Төв цэнгэлдэхэд гурвын даваа эхэлж байхад Төрийн ёслол хүндэтгэлийн зоог бэлдэх албатай начин М.Болдбаатар олон удаа Их тэнгэрийн амыг зорьж, зоогийн ажилдаа ордог байв. Наадам үргэлжилдгээрээ үргэлжилж, Болдоо начин баярын ширээнээс таваг хоосон ирүүлэхийн тулд хоолоо хийнэ.
“Бөх хүнд даваад туг тойрох сайхан шиг тогооч хүнд ширээн дээрээс таваг хоосон ирэх сайхан байдаг. Тавагтай хоолноос юу нь буцаж ирж байна, тэрэн дээр л ихэнхдээ алдсан байдаг шүү.”
Сайханы Мягмаржав гуайнх 1961 онд хүүхдүүдээ сургууль соёлын мөр хөөлгөхөөр хот барааджээ. Тэгэхэд Болдбаатар таван настай, айлын багын хувиар баахан эрх хүү дагаж явлаа. “Аав, ижий хоёр минь их ажилсаг хүмүүс байсан. Би ч айлын бага хүү гээд их эрх. Барагтай л бол юмнаас үлдэж хоцорно. Дээрээ таван ахтай учир ажилд гар хүрэхгүй. Гэхдээ их ажилсаг хүмүүсийн хажууд байхаар өөрийн эрхгүй сурдаг юм билээ. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, чин сэтгэлээсээ хийхийг аав, ээжийнхээ тэр зан чанараас сурсан даа”.
Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд П.Жасрай гуайн хоолыг хийж эхэлснээс хойш тэр Төрийн өндөрлөгүүд,  дөрвөн Ерөнхийлөгчийн зоогийг бэлтгэж буй. Дээрхийн гэгээн болон Бакула рэнбүчигийн гүнцгийг хүртэл барьж байжээ. Энд хүртэлх амьдралаа тэр хийж бүтээснээрээ биш, мэдэж сурснаараа дүгнэх дуртай юм билээ. Итали, Герман, Унгар гээд өндөр хөгжилтэй, хоолны технологи хөгжсөн газруудад сургалтад сууж, олон жил хоолны ширээний ард зогсохдоо алдаатай оноотой өдрүүд бишгүй байсан нь мэдээж, яг л амьдрал шиг.
“1990-ээд оны эхэн үед тархины хагалгаанд орж нэг хэсэг группт суухдаа цайны газар нээж, хуушуур зарж үзсэн. Ерөөсөө түшиж тулах, өмнөө барих зүйл миний сурсан бүхэн л гэдгийг тэр үед ойлгож байлаа.”
Хүнийг хувь тавилан чиглүүлдэг үү, эсвэл өөрсдийнхөө хичээл зүтгэл, чин сэтгэлээр бүтээн босгодог уу. Түрүүхэн түдгэлзэн байсан асуултынхаа хариултыг олов бололтой. Цэнхэр дэлхийн хүн бүхний амьдралыг хэлж, тааж мэдэшгүй, харин тэр өөрөө өөрийгөө бүтээсэн. Бүтээх бүтээхдээ яг буй  хэвээр нь бүтээсэн. Улсын цолтой бөх тогооч, тэр тусмаа Төрийн тогооч гэсэн олон сонсдож, төдийлэн давтагдахгүй содон замналынхаа дунд тэр худлаас үнэн рүү, хуурмагаас жинхэнэд тэмүүлж амьдарч ирсэн, цаашид ч тэгэх биз ээ.  
Ордны ойролцоо, хүнсний захын лангуу хавьцаа, наадмын талбайд, ажил дээрээ, ер нь бид хаана ч юм дахиад олон олон удаа таарна. Тэр бүртээ инээмсэглэн гар барьж, чих тавин яриа өрнүүлэх ийм нэг эгэл тогооч, бөх, жир монгол эр хүнтэй ярилцлаа.

Эцэст нь, утасныхаа дуудлагад хангинах уртын дуу шигээ “Жигүүрхэндээ хүчтэй эр хур харцага бил үү” гэсэн цор ганц бодол торж үлдлээ.
 


You May Also Like Related Reviews

No comments: