Валентин Распутин: Насаараа дурсаж яваарай

/
0 Comments

“Тэрбээр дөнгөж ой хүрч яваа зээ охиноо тэвэрчихсэн, хаалгаа онгойлгоод зогсож байсан нь тод санагдаж байна. Охин нь, эхнэр нь гээд их зохиолчоос өөр хаалга тайлаад өгөх хүн гэрт байсан. Тэр ойр тойрондоо төвөггүйхэн амьдрах гэсэн тийм эгэл даруухан хүмүүжилтэй нэгэн байв”
“Өнөөдөр” сонины даваа гаригийн дугаарт сэтгүүлч Д.Цэдэн-Иш түүнтэй анх уулзсан үеэ ийн дурсчээ. Харин би түүнтэй тоос шороотой хуучин номын мухлагийн гэрэл сүүдэрлэсэн буланд танилцсансан. Халаасан дахь гурван мянган төгрөгөөрөө төдийлэн сайн мэдэхгүй зохиолчийн “Дурсаж яваарай” гэсэн туужийг худалдаж авчихаад хүнээс унааны мөнгө зээлж харьснаа одоо ч санадаг. Шүлгийн шад шиг, эсвэл хэзээ ч бүтэхгүй мөртлөө бүтэх юм шиг итгэл тээсэн нэрнээс нь болоод худалдаж авсан  орос зохиолчийн тууж тавиур дээр жил тойрон хэвтэж, зуны бүгчим орой л анх удаа сониучирхан барьж билээ. Тэнд Валентин Распутин гэсэн нэр бүхий хавтасны дотоодод
“Гуниг төрж, сэтгэл өвдөнө. Бид өөрсдийнхөө тухай юу ч мэдэхгүй. Өөртөө итгэдэггүй учраас л өөрөөсөө айдаг. Амьдралын гүн урсгалд автмагцаа биесээ дурсахаа больдог. Тэднийг амьдарч байсан яг л тэр төрхөөр нь дурсах учиртай юм. Бүх зүйл сайн сайхан үед хамт байх амар ч, хүнд хэцүү цагт харин хэцүү. Уг нь уучилж чадахгүй нүгэл гэж үгүйсэн” гэсэн мөр бий. Сибирийн тосгоны амьдрал, зэлүүд нутаг, хөдөөх эгэл баатрууд, 1970, 1980-аад оны Оросын утга зохиолд тэр ийм л энгийн бичлэгээрээ өөрийн нэрийг үлдээсэн болов уу.
Тэр 1937 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Эрхүү мужийн Аталанка тосгонд мэндэлж, 78 насанд Москвагийн тэнгэр дор мөн л гуравдугаар сарын 15-ны өдөр мөнхийн орноо дэвшив. 1959 онд Эрхүүгийн их сургуулийн түүх-хэл судлалын сургуулийг дүүргэснийхээ дараа сэтгүүлчээр ажлын гараагаа эхэлж, 1961 онд дөрвөн туужаас бүрдсэн “Би Лёшкагаас асуухаа мартчихаж” түүврээ хэвлүүлж, 1966 онд уран зохиол судлалаар суралцжээ. Тэр хугацаандаа Достоевский, Бунин хоёрыг их уншсанаа тэмдэглэлдээ дурдсан нь бий. Хамгийн сүүлд тэр 2004 онд “Охин Иван, ээж Иван” зохиолоо туурвисан ажээ.
1980-аад оны үед манай дуун хөрвүүлэгчид түүний “Насаараа дурсаж яваарай”, “Франц хэлний хичээл”, “Түймэр” туужийг эх хэлнээ хөрвүүлсэн нь Монголын уран зохиолын төлөвшилд багагүй нөлөөлсөн гэх хүн ч бий. Зохиол бүтээлээрээ нөлөөлснөөс гадна байгаль дэлхий, ус нуураа гэсэн тэмцлээрээ тэр нэгэн үеийнхнийг хөтөлж байв.
“Их зохиолчтой хамт түүний иргэний аястай байгалийн сэдэвт нийтлэлүүд, хүн байгалийн хамгийн эмзэг дотно харилцаа орчин үеийн хүн төрөлхтнөөс алсран одож байна гэж “Вести” сайтад бичсэнчлэн манай цаг эриний Жек Лондон онгон байгалийн жам ёсны дуудлагаар хальж оджээ. Байгал нуурын хөвөөнөө мэндэлж, энэ насаа түүнийхээ төлөө зориулсан зохиолчийн амьдралаас бид хүний сэтгэлийн нууц чанадыг энгийнээр нээсэн бүтээлүүд, байгаль дэлхийгээ гэсэн ховорхон сэтгэлийг нь өвлөн үлдвэл завшаан биз ээ. 


You May Also Like Related Reviews

No comments: