Уг нь сонгодог зохиол

/
0 Comments
Дэлхийн нэгдүгээр дайны төгсгөлд төрж, их хямралын жилүүдэд хүүхэд насаа үдэж, хоёрдугаар дайнд байлдаж явна гэдэг хэн хүний хүсэх хувь тавилан биш боловч сайнаар харвал хэн бүхэнд тохиохгүй зол завшаан. Тэр цаг үе  Сэлинжерийг төрүүлж, “Хөх тариан талбай дунд” хэмээх алдарт романыг хамтран бичилцсэн гэж өнгөрсөн болоод энэ зууны дэлхийн утга зохиолын хүрээнд хүлээн зөвшөөрсний учир ч ийм.
Насныхаа ихэнхийг Нью-Хэмпшир дэх ичээндээ өнгөрүүлж, дөрөвхөн жилийн өмнө нас барсан учир битүүлэг амьдралтан тэрбээр аж төрсөн цаг үеэрээ манай эринийх боловч аль эрт, XX зуунд бичих үйлээс татгалзсан юм. Миний олж уншсанаар 1965 онд хамгийн сүүлчийн зохиолоо бичсэн гэнэ лээ. Тэгээд дараа нь юу хийсэн нь бүр ч сонин. Зэнд суралцаж, олны хэл ам, хөл үймээнээс дөлөн, бясалгаж амьдарсан. Ердөө ингээд л болоо.
Шүтэн бишрэгчид нь хүртэл охиных нь бичсэн “Сэлинжерийн мөрөөдөл” номоос түүний тухай мэдээллийг олж уншсан гэж бодохоор Холден Колфилдийг (романы гол дүрийн хүү) төрүүлсэнд нь гайхах зүйлгүй. Энэ сонголтыг нь хүмүүс өдгөө ч янз бүрээр тайлбарладаг . Утга зохиолын түүхэнд бичсэн бүх зохиол нь сонгодог болсон суут зохиолч ганц ч тохиолдоогүй учраас түүний эл сонголт зөв биз. Бүх насаараа цаастай зууралдаж, нүд гар хоёроо чилээж, нуруугаа өвчилтөл суугаад өмнөхөөсөө дульхан зохиол төрүүлэх нь алдар хүндийн төлөө улайрагчдын л хийх ажил шиг санагдаа байлгүй. Хорвоо дэлхийн бүхий л зүйл өөрт нь садаа тээр болчихсон, хэтэрхий шударга бус санагдсан, эсвэл ерөөсөө юу ч сонирхлыг нь татахаа байсан, хаа ч үгүй эрх чөлөөг хүсэмжлэгчийг түүнээс өөр хэн л тийм сэтгэл хөдөлгөм бичиж чадах билээ ч гэж бодмоор.
Сэлинжерийн “Есөн өгүүллэг”, тэр дундаа 1940-өөд онд “Нью Йоркер” сэтгүүлд хэвлүүлсэн“Би галзуу”, “Мэдисон орчмын үймээн”өгүүллэгүүд “Хөх тариан талбай дунд” романы суурь болохыг гарчигласан уншигчид  бол ядах юмгүй гадарлана.
“Арван долоотой Холден Колфилд сувиллын газар эмчлүүлэх зуураа өөрт тохиосон нэгэн түүхийг ярина. Тэр дурсамж Пенсильваний хаалттай дунд сургуулийг орхисноос эхлэх ажээ. Хүмүүсийн хуурмаг харилцаа, залхмаар дүр эсгэсэн төрх, ямар нэг хууль дүрэмд хамаатуулах гэсэн оролдлого гээд түүнд таалагдах зүйл нэгээхэн ч байсангүй. Гагц үүнээс яаж өөрийгөө авч гарах тухай л бодож байлаа. Архи ууж, буудалд орогнож, хүмүүстэй ам мурийж, охидтой зугаалж, бүхнийг хийж үзсэний эцэст юу ч таалагдахгүй хэвээр. Эцэстээ дүү охиноосоо мөнгө зээлж, бичгийнхээ машиныг зарж хэдэн төгрөг халааслаад гэрээсээ явж, шинэ амьдралыг бүтээхээр болно. Тэр үед дүү охин Фибид нь яг өөр шиг нь бүх зүйлээс залхаж буйг хараад өөрийгөө харсан шиг сэрж, амьдралыг хөнгөн, сайхнаар олж харах хэрэгтэйг ухаарна. Энэ үед л тэр дүүтэйгээ хөх тариан талбайн ирмэгт зогсоогоо мэдэх билээ”
Шилжилтийн насны сэтгэлийн хямрал, орчин тойрондоо хандах сэтгэцийн задаргаа, үеийнхээ охидыг шохоорхох дарагдсан дур хүсэл, бүдүүлэг ааш авир, цочмог шийдвэрүүд гээд байж болох бүхнийг Колфилдэд шингээснээрээ Сэлинжер олон шүүмжлэл дагуулжээ. Бичлэгийн хэлбэр, дотоод уур амьсгал хөнгөн хэрнээ дүрдээ хэтэрхий хүнд ачааг үүрүүлж, тэр чигтээ үнэмшилгүй, “үлгэр”-ийн дүрийг бүтээсэн гэх зэмлэл одоо ч түүнийгмөшгидөг. Бүр 17 настай хүүгийн нийгэм болоод өөрийн орчин тойрондоо хандах хандлага, өөрийнх нь байр суурь тэр чигтээ зохиолчийн үзэл санааны хүчээр тулгалт болсон гэх хүн ч бий. Гэвч хүн бүрийн туулдаг, магадгүй энэ насныхаа ихэнх дурсамжийг бүтээдэг шилжилтийн насандаа хөх тариан талбайн ирмэгт зогсоод ангал руу өнгийж зогсоо хэрсүү, хувь эрх чөлөөг эрхэмлэгч хүүгүйгээр энэ зохиолын тухай яриад ч хэрэггүй.
            XX зууны утга зохиолоос Сэлинжерийг онцлон ярьсан нь ч цаанаа учиртай. Өнгөрөгч өдрүүдэд бидний дээр ярилцсан “Хөх тариан талбай дунд” хэмээх роман хоёр ч хувилбараар  орчуулагдан гарлаа. О.Чинзоригийн орчуулсан “Хөх тариан талбайн ирмэгт”, н.Пүрэвээгийн орчуулсан “Тариан талбайн дунд” гэсэн орчуулгууд шил шилээ даран гарснаар утга зохиолд шимтэгчдийн хандлага Сэлинжерийн хүрээнд эргэлдэж эхлэв. Орчин үеийн хүүрнэл зохиолоос унших ёстой номын тоонд багтчихдаг, тэр хүрээнийхэн нь ч ам сайтай уг зохиолыг эх хэл дээрээ орчуулсан нөр их хөдөлмөрийг үнэлэхийн дашрамд зөвхөн уншигчдын хүсэл таалалд нийцүүлэн зохиолын үнэ цэнэ, уур амьсгал, утга санааг орхигдуулдаг “нэн шинэ үеийн орчуулга”-ын хийрхлийг шүүмжлэн тэмдэглэх нь зүйд нийцнэ.
Орос, англи хэлнээс харгалдуулан орчуулсан гэх эрхэм Пүрэвээгийн орчуулгыг номын дэлгүүрийн тавиураас үзмэгцээ шантран буцааж тавьсан учраас дөнгүүр гэж бодсоноороо “Хөх тариан талбайн ирмэгт” хэмээх хоёр дахь хувилбарыг сонгосон юм.
Сэлинжерийн зохиол тэр үеийн хүүрнэл зохиолд бичлэгийн хэв маягаараа нэгэн шинэчлэлийг тогтоосон байдаг. Тэр нь энгийн хүүрнэх хэлбэр. Ямар нэг гоё сайхан дүрслэлгүй сэтгэлийн хүүрнэл. Тиймээс сэтгэл хөдлөл, ааш зангийн хувирлууд зохиолыг амьд, киноны кадрууд шиг тод болгодог гэсэн магтаал бий. Мэдээж хэн нэг хүүд тохиолдсон адал явдлын талаар 300-гаад хуудас дамнан унших уйтгартай ч хоёр хоног уншаад дөнгөж 35 хуудсыг гэтэлсэн маань орчуулгыг хардах анхдагч шалтгаан болсныг нуух юун. Хүүрнэсэн өнгө аястай, тоочимж богино өгүүлбэрүүд, англи эхэд дулдуйдсан орчуулга зохиолын уур амьсгалыг хэт уйтгартай, нуршуу болгосон тал бий. Хэдийгээр өрнийн судлаачид энэхүү бүтээлийг Марк Твений “Хакльберри Пиний адал явдал”-тай адилтгасан ч зарим талаараа түүнээс огт өөр. Пиний аялал адал явдал, орчлонг танин мэдэхэд тэмүүлсэн хүүхдийн гэмээр сэтгэхүйг шингээсэн бол Колфилд томчуудын амьдрал, хүүхэд насны зааг дээрээс бүхнийг тольдогч илүү идэвхтэй, хэрсүү байдлыг мэдрүүлдэг. Харин монгол орчуулга дахь Колфилд түүнээс бүр эсрэгээр, гутранги, уйтгартай болж хувирсан тул дахиад л орчуулгыг хардах хэрэг гарлаа. Сэлинжерийн зохиолын хүчтэй сэтгэгдэл, гярхай байдлыг мэдрэлгүй, зөвхөн орчуулгаар зохиолчийг дүгнэх нь хэт өрөөсгөл учраас бичвэрийн эхэнд цухас дурдаж ярьсан. Хэвлэн нийтлэх эрх чөлөөт нийгэмд орчуулгын үйл эрхлэх нь хэн бүхний эрх ч зохиол бүхэнд хадгалагддаг үнэт чанар, дотоод уур амьсгалыг эвдэхгүй байх том хариуцлага орчуулагчийг чимээгүй дагадаг.
Хэдийгээр дэлхийн бестселлер, XX зууны уран зохиолын ололт байлаа ч орчуулгын дутуугаас тэр алдрууд хавтсан дээр тод улаанаар бичсэн “тодотгол шигээ” оргүй хоосон болж таарлаа. Номын зах зээлийн урсгал дунд үл анзаарагдан урсаж хоцордог усан роман, ажил хэргийн хэнээт бичвэрүүд, яруу найргийн гэж зоригтойгоор нэрлэсэн түүврүүд бус, дэлхийн утга зохиолд өөрийн ул мөрийг тод үлдээсэн энэ мэт бүтээлийн орчуулга олон хүний анхаарал татаж, тэр чинээгээр хариуцлага нэхдэгийг хэн л үл мэдэх. Гэлээ гээд, уг нь Америкийн соёлыг шинэ шатанд гаргасан сонгодог зохиол л доо гээд урагшгүй орчуулгатай зууралдах нь бас ч түвэгтэй.
Дэлхийн утга зохиолын сангаас эх хэл рүүгээ дээжлэх явдал дахин сэргэж, зохиолын сонголт чамлахааргүй шигшигдэж байгаа нь ажиглагдаж эхэллээ. Зөвлөлтийн утга зохиолын орчуулгын нүсэр өв дээр өрнө, дорнын сонгодгуудыг орчуулж, эх хэл дээр нь уншигчдын тоо ч өслөө. Гэрэлтэйгээр харвал оройхон эхэлсэн, ердөө л зуу хүрэхгүй жилийн түүхтэй уран зохиолын орчуулгын салбар эрчимтэйгээр урагшилж байна.
Урагшлах замд уршиг олон бий. Орчуулга зөвхөн нэг хэлнээс нөгөөд буулгах хар бор ажил биш, зохиолыг хоёр дахиа урлан бүтээх явц гэдгийг дахиад хэдэнтээ улиглахад ч би бэлэн! ...





You May Also Like Related Reviews

No comments: