Хөрвүүлгийн зам хөвөрч л байна

/
0 Comments
Зургаан мянган хэлд нэвтэрч, долоон тэрбум хүний сэтгэлгээнээс олз шүүрэх боломжгүй ч дан ганц эх хэлээрээ дэлхий ертөнцтэй хөл нийлүүлнэ гэдэг мөн л боломжгүй хэрэг. Энэ боломжгүйг танд номын дэлгүүрийн лангуу батлаад өгнө. Манайд номын зах зээлийн салбарт ямар ч судалгаа байдаггүй, бизнест саадтай учраас судалгаа гаргахыг хүсдэггүй тул энэ удаад баттай тоо ширхэг хэлж чадахгүй нь харамсалтай. Борлуулалтад буй ном зохиолын 60-аас илүү хувь нь орчуулгын бүтээл болох нь танд төвөггүй анзаарагдана. Энэ муучлалын эхлэл биш. Аль ч улсад номын зах зээлийн томоохон орон зайг “орчуулгын бүтээл” эзэлж, олон нийтэд дэлхийн соёл иргэншил,  ажил амьдрал, шинжлэх ухааны ололт, сэтгэлгээний өвөрмөц байдалтай танилцах боломжийг нээж өгдөг. Цагаан дээр хараар бичиж тогтсон зүйлгүй ч бид энэ жамаар л “Хуучин хүү” байснаасаа “Шинэ хүү” болж төрөл арилжсан билээ.
Улаанбаатар хотод “Улсын хэвлэлийн газар” байгуулагдахаас олон зууны өмнө буюу XIII-XIV зууны үед Энэтхэгийн “Таван сургамж” (Панчатантра) үлгэрийн цоморлигийг эх хэлнээ орчуулан уншиж байсан тухай олон судалгааны бүтээлд дурджээ. Түүний дараа төвд, самгард, хятад, уйгар хэлнээс дуун хөрвүүлэх ажилд шамдаж, эрдэмтэн Чойжи-Одсэр Шантэдевагийн “Бодь мөрийн зэрэг” (Бодчария авадара), гүүш Шаравсэнгэ “Алтангэрэл” нэрт шашны хөлгөн, мөн “Шидэт хүүрийн үлгэр”, “Бигэр мижид хааны тууж”, “Субашид”, “Аржи Боржи хааны намтар” зэрэг эртний Дорно дахины шашны болоод сургаалын шинжтэй зохиолуудыг эх хэлнээ орчуулан танилцсаныг үзвэл монголчууд  анхнаасаа л “хуучин” байгаагүйг мэдэж болно. Ингэхдээ нэгдүгээрт, шашин шүтлэгийн ижилсэл, хоёрт, эзэмшин суусан газар нутгийн харьяаллаараа дорно дахины бүтээлтэй эртлэн танилцаж, чамгүй өвийг хадгалан үлдсэн байх шалтгаантай. Юан гүрнийг Бээжинд төвлүүлсэн Хубилай хаан шүлэг зохиол бичихийн зэрэгцээ, харь хэлнээс хөрвүүлэх ажлыг анхаарч байсан нь ч үүнд нөлөөлсөн байж болох юм. Дорно дахины шашны гүн ухаан, соёл сэтгэлгээний суурь болсон томоохон бүтээлүүд монгол хэлэнд идээшсэн энэ цаг үеийг XIII-XVII зуунаар баримжаалахад болно. Харин XVIII зууны үед эртний Энэтхэгийн бичгийн их хүн Галидасын “Үүлэн зардас” утга, уянгын шүлэглэлт найраглалыг монгол хэлнээ орчуулсан нь уран сайхны сэтгэлгээний томхон ололт болсон гэж бичгийн хүмүүс үздэг. Залгуулаад эртний Хятадын зохиолууд, “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Эрт эдүгээгийн гайхамшигт сайхан үзэгдэл”, “Гурван улсын түүх”, “Сүн улсын хүйтэн уулын бичиг” зэрэг бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлсэн нь суурин иргэншилт сэтгэлгээний өвөрмөц ертөнцтэй танилцах боломжийг нүүдэлчдийн өмнө нээжээ. Мөн монгол эрдэмтэн, гүүш, хутагт нар шашны болон сургаалын зохиолуудад дуун хөрвүүлэг хийж, өөрсдөө төвдөөр бүтээлээ туурвиж байсан нь өдгөө ихэвчлэн судар хэлбэрээр, хуучин монгол бичгээр уламжлагдан, өрнө зүгийн ном зохиолд дурлах давалгааны дунд улирснаас энэ талын мэдлэгээс улам холдож байна. Тодорхой хэлбэл, XIX зууны сүүл үеийг хүртэлх монголчуудын орчуулгын зохиолын сонголт Энэтхэг, Төвд, Хятад төвтэйгөөр, дорно дахины уламжлалаар замнаж ирсэн нь ойлгомжтой.
Европ зүгээс хамгийн анх гар барин дотноссон тэр үеийн Зөвлөлт Холбоот Улсын уран зохиолтой 1915 оноос эхлэн Тургеневийн өгүүллэгүүдээр дамжуулан танилцсан гэх дам сураг бий. Удалгүй хувьсгал мандаж, 20-иод онтой золгоход хөдөөх борог амьдралтай хэвээр ч Пушкин, Лермонтов, Лебедев-Кумач, Толстой, Горький, Фурмановыг уншчихсан тууж явлаа. Лениний ботиуд, Маркс, Энгельсийн онол, ажилчин тариачдын баатарлаг түүхийг өгүүлсэн зузаан дэвтрүүдийн савслаганд “Гэм зэм”, “Ах дүү Карамазовынхан”, “Дөлгөөн Дон” зэрэг хэд гурван чухаг бүтээл орчуулагдсан нь завшаантай явдал байв.  1920-30-аад оны орчуулгын сонголтыг Д.Дефогийн “Робинзон Крузо”, Ж.Свифтийн “Гулливерийн аялал”, Ж.Верний “Арван таван наст капитан”, У.Жемсийн “Үүлэн бор” зэрэг адал явдал, зөгнөлт романууд тэргүүлж байжээ. Мэдээж, уран зохиолтой эн тэнцэх хамгийн том хөдөлгөөн хувьсгалыг магтан дуулсан, ажилчин ангийн баатарлаг гавьяаг дүрсэлсэн бүтээлийг орчуулж, олон нийтэд хувьсгалын үр нөлөөг сурталчлан таниулах үйлс зогсоогүй. Энэ цаг үеийн орчуулгын бүтээлийн ололтод Д.Нацагдоржийн орчуулсан Эдгар Погийн “Алтан цох” тууж, Пушкиний зарим найраглалууд багтана. Ийнхүү хувьсгалын магтуу Орос романы эрин 1950-иад он гартал үргэлжилжээ.
Энэ хүртэлх орчуулгын сонголтод ямар бүтээл зонхилж байсныг ээж аавынхаа хүүхэд ахуй үеийн уран зохиолын сурах бичгийн талаар асуухад л тодорхой болно. Харин 1950-иад оны сүүлчээр Горькийн нэрэмжит “Утга зохиолын дээд сургууль”-д бэлтгэгдсэн уран зохиолын мэргэжилтнүүд дэлхийн утга зохиолыг эх хэл рүүгээ хөрвүүлэх нөр ажилд зүтгэж эхэлсэн байдаг. Үүний үр дүнд, Ч.Диккенсийн “Дэвид Копперфилд”, Л.Толстойн “Сэхээрэлт”, “Дайн ба энх”, М.Шолоховын “Дөлгөөн Дон” зэрэг романууд хэвлэгдэж, 60-аад он гарахад Ж.Верний “Нууцат арал”, “Усан доогуур хорин мянган бээр”, В.Хюгогийн “Парисын дарь эхийн сүм”, Майн Ридийн “Цагаан бээлий”, “Зоригт анчин бүсгүй”, М.Твений “Хаклберри Финнд тохиолдсон адал явдал” тэргүүтэй түрүү үеийн дэлхийн сонгодогт тооцогддог романууд орос хэлээр дамжин эх хэлнээ буужээ.  Орчуулгын энэ аян 1980 оныг хүртэл Э.Хэмингуэйн “Африкийн ногоон толгод”, “Зэр зэвсэг минь баяртай”, Л.Толстойн “Анна Каренина”, Г.Мопассаны “Хонгор найз”, Д.Дидрогийн “Гэлэнмаа”, О.Бальзакийн “Эцэг Горио” зэрэг романууд, мөн Софоклын “Эдип хаан” тэргүүт жүжгүүдээр хөвөрсөн билээ. 1950-1980 оны хооронд Оросын уран зохиол голчилсон хэдэн зуун роман монгол хэлнээ орчуулагдсаныг шинэ үеийн уран зохиол хэлбэршин тогтсоноос одоог хүртэлх хугацаан дахь “орчуулгын эрин үе” хэмээн нэрлэж болмоор. Ардын хувьсгалтай зэрэгцэн Европ зүгийн сэтгэлгээний ололттой танилцсан монголчуудын хувьд энэ нь томоохон ололт боловч нэр дурдагдсан дээрх бүтээлүүдээс бусдаар олзуурхан хүлээж авах ололт байхгүй гэхэд хилсдэхгүй.
Ардчилсан хувьсгал гарч, 1990 онтой золгоход уран зохиолын орчуулгын сонголт огт өөр зүг рүү чиглэж эхэлсэн нь тодорхой мэдрэгддэг. Хүн төрөлхтний сэтгэлгээний шинэлэг талыг олж харах гэсэн эрмэлзэл, орчин үеийн уран зохиолыг цаг алдалгүй унших боломж, эрэлхийллийн дүнд Ф.Кафка, А.Рэмбо, Ж.Жойс, Ж.П.Сартр зэрэг модерн, постмодерн уран зохиолын чухал төлөөлөгчдийг шогшрон унших боломж нээгдэв. Энэ нөхцөл байдал 90-ээд оны эхэн үеийн Монголын уран зохиолын шинэчлэлийн уур амьсгалд нэлээдгүй нөлөөлсөн тал ч бий. Бүх зүйл чөлөөтэй болж, зохиолын сонголт хийх нөхцөл боломж нэмэгдэж, Европ зүгийн хэл сурах боломж нээгдсэнээр Ази, Латин Америк, Францын зохиол бүтээлийг ч орчуулж эхэллээ. Энэ цаг үеийн орчуулгын хамгийн томоохон ололтыг Г.Акимын орчуулсан Г.Маркесийн “Зуун жилийн ганцаардал”, Кафкагийн “Шүүх ажиллагаа”-ны хөрвүүлгээр дүгнэж болно. Энэ үеийн орчуулгын сонголтод нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт, цаг үеийн байдал бидний төсөөлж байгаагаас ч илүүтэй нөлөөлсөн. Мөн тэр үед байгуулагдаж эхэлсэн, өнөөгийн том том хэвлэх үйлдвэр, хэвлэлийн компаниуд чухал үүрэгтэй оролцсоны зэрэгцээ ардчилсан нийгэмд хэвлэн нийтлэх эрх чөлөөг тунхагласнаар хэл мэддэг хүн бүрийн өмнө орчуулга хийх “эрх”нээлттэй боллоо. Эдгээр асуудлыг эерэг, сөрөг хоёр өнцгөөс харж болно.
Өнөөдөр номын худалдаанд уран зохиолын тасагт хоёр төрлийн ном байна. Нэг нь, дэлхий дахинд хэдэн мянган хувь борлогдож, олон уншигчийн сонирхлыг татсан шилдэг борлуулалтай бүтээлүүд. Ихэвчлэн томоохон хэвлэлийн газруудын сонголтоор гардаг энэхүү номууд Монголд ч ялгаагүй гүйлгээ сайтай байдаг. Мэдээж бизнесийн жам ёсоор хүн гүйлгээ сайтай барааг л сонгож таараа. Харин нөгөө хэсэг нь жинхэнэ уран зохиолын хэм хэмжээнд ойртсон, эсвэл дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн сонгодог бүтээлүүд. Эдгээрийг хувь хүмүүс, эсвэл хэвлэлийн газраас эрхлэн гэрээтэйгээр орчуулах гэсэн хоёр замаар гаргадаг. Хэвлэлийн газруудын олзуурхууштай тал нь зохиогчийн эрхтэйгээр, эсвэл эрхлэн хэвлүүлсэн газрын хамтарсан гэрээний үндсэн дээр монгол хэлнээ орчуулдаг оюуны өмчийн соёл. Хамгийн сүүлд гэхэд Японы орчин үеийн шилдэг зохиолч Харүки Мүракамигийн “1Q84” номыг “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ. Мөн Хятадын нобельтон Мо Яны “Дарсны орон” роман, Г.Г.Маркесийн “Гунигт янхнуудаа дурсахуй”, Р.Л.Стивенсоны “Доктор Жэкил болон Хайдын жигтэй цадиг” зэрэг бүтээлүүд орчуулагджээ. 2000-аад оноос хойш Фолкнерийн “Өвгөд”, Мишимагийн “Алтан асрын сүм”, Жойсын “Улисс”, С.Бэккэт, Иноскэ нарын “Абсурд жүжгүүд”, Камюгийн “Хөндлөнгийн хүн”, Сартрын “Огиудас” зэрэг модерн зохиолууд орчуулагдсаны дотор “Ерөнхийлөгчийн 50” хэмээн бидний ярилцдаг 50 боть орчуулгын бүтээл энэ чиглэлийн зохиолын сонголтод том баримжаа болсон юм. Өрнө, дорнын уран зохиолын шилдэг бүтээлүүдийг шинээр орчуулж, сайн муугийн ялгааг таньж мэдэхээ байсан хуучны орчуулгын бүтээлээс шигшсэн сонгодгуудыг хамруулсан энэ цуврал орчуулгын номын сонголтод дээгүүр байр суурьтай хэвээр байна.
Хувь орчуулагчийн зүгээс Г.Аюурзанын орчуулгын бүтээлийн сонголт илт ялгардгийг хэлүүлэлтгүй номд ойр хүмүүс мэдэх биз. Түүний “Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил” бүтээлтэй танилцахад орчуулгын бүтээлийн сонголтын талаар ямар нэг баримжаа авч, “Дэлхийн сонгомол өгүүллэг” антологийг уншаад орчин цагийн хүүрнэл зохиолын шидээврүүдийн талаар өөрийн гэсэн үзэл бодол тогтоно гэж зөвлөхөд буруудахгүй.
Цаашлаад дан ганц уран зохиол ч гэлтгүй алдартай хэвлэлийн газруудын танин мэдэхүйн зурагт цуврал, орчин үеийн соёлт хүний мэдэх ёстой хувь хүний хандлагуудын талаар бичсэн зөвлөмж номууд олноор орчуулагдах болсныг ч бид бэлээхэн харж болно. Цаг үеэ дагаад орчуулгын бүтээлийн сонголтод нааштай зүйл олон гарчээ. Жил бүрийн Нобелийн шагнал өндөрлөсний дараа хүлээлт үүсдэг болж, хамгийн амжилттай яваа зохиолчийн бүтээлийг уншсанаа постлох боломж гарч, хаанахын хэнтэй ч болов уран зохиолын яриа өрнүүлэхэд эх хэлээрээ орчуулан уншсан хүний хувиар нүүр бардам үлдэхээр болов. Цаашдаа ч, хэвлэл мэдээлэл, техник технологи хөгжсөн эринд хэний ч мэдэхгүй, эсвэл хэн ч сонирхохгүй триллер орчуулж тавиур бөглөх асуудал улам хумигдана гэдэг итгэнэм. Гэвч үүнийгээ дагаад орчуулгын чанар муудах, товчлон орчуулах, уран зохиолын мэдлэг, мэдрэмж дутсанаас зохиолчийн санааг мушгих зэрэг тоогүй үйлдэл гардаг, цаашид ч гарах магадтайг анхаарах нь зүйтэй. Бид хүн төрөлхтний сэтгэлгээний хурдацтай хөл нийлүүлэхийг эрмэлзэж, тэдний туурвилыг цаг алдалгүй уншихыг хичээж байгаа нь талархмаар ч уран зохиолын орчуулга хийх хүслэн нийтэд дэлгэрэх нь төдийлэн сайн зүйлд хүргэхгүйг нэмж тэмдэглэе.




You May Also Like Related Reviews

No comments: