Эмгэнэлт онгод: Орчин үеийн монголын бөө мөргөл, дурдатгал, хүйсийн эрх тэгш байдал

/
0 Comments
Ихэнх мэдээлэлд дурдсаны дагуу Б.Мандухай докторын “Эмгэнэлт онгод: Орчин цагийн монголын бөө мөргөл, дурдатгал, хүйсийн эрх тэгш байдал” бүтээл 1991 онд Зөвлөлт засаг нуран унасны дараах их өөрчлөлтөд нүүдэлч Буриадуудын үзүүлсэн хариу үйлдлийн судалгаа юм. Өөрөөр хэлбэл,  Монголын зүүн хойд хэсгийн Буриад зоны дунд явуулсан хээрийн шинжилгээний ажил, ярилцлагын дүнд тэрээр социализмаас нео-лебирализм, капитализм руу шилжих үед бөө мөргөлийн зорилго, дурсамж дурдатгалыг сэргээн харуулсан аман яриануудаас бүрдэнэ.  
XX зууны үймээн самуунд хамгийн ихээр өртсөн монгол угсаатан бол Буриадууд. 1900 оны эхнээс дарамт шахалтаас дайжсан буриадууд Сибир зүгээс монгол руу цагаачилж, эрх чөлөөний төлөөх аянаа эхлүүлжээ. СССР-ын шууд хамааралд байсан Монгол Улс руу цагаачлах үзэгдэл 1930 оныг хүртэл идэвхтэй үргэлжилсэн байдаг. Социализмаас хоёр яс салсан 1990 оны зах зээлийн эдийн засгийн шилжилт ч монголчуудад төсөөлж байснаас нь огт өөр нөхцлийг авчрав. Эдийн засгийн унталтад ороход нөлөөлсөн хуршмал хуулийн заалтуудыг шинэчлэн найруулснаар бага ч болов ачааг хөнгөлжээ. Монголд шил даран үүссэн түүхэн нөхцөл байдал буриадуудын хувьд өмнөх 70 жилд өршөөж үзээгүй далдын хүчнээс хамааралтай гэж ойлгогдож байв. Тиймээс доройтлын шалтгааныг бөө мөргөлийн тусламжтай далдын хүч, онгодуудаас хайж эхлэв.
Буриадуудад тулгарсан асуудлыг ялгаж салгах нь рационалист үзэлтэй уншигчдад хэцүү байж болох юм. Гэвч Б.Мандухай Буриадуудын дунд бөө эерэг хандлагыг авчирсан гэж үзжээ. Тэд олон арван жилийн улс төрийн дарангуйлал, мөлжлөг доройтлыг эерүүлэх туслалцааг бөө мөргөлөөсөө эрж байлаа. Судлаачийн бичсэнээр, “Буриадуудын хувьд бөө мөргөлийг шүтэх нь өөрсдийн хүслээр болсон зүйл биш. Бодит байдлаас илүү мэдээлэл олж авах боломж тэднийг тийн шийдэхэд хүргэсэн аж”. (х.11) Ийнхүү бөө мөргөл төрийн эргэлт, шинэчлэлд амжилттай нөлөөлсөн түүхийг зохиогч гярхай ажиглажээ. Номын “VI бүлэг”-т өгүүлсэн Баасангийн ярианд, “Ах нь багтраа, сүрьеэ өвчнөөр шаналах болсноор түүнд бөөтэй уулзах зайлшгүй шаардлага гарчээ. Тэдэнтэй уулзсанаар удам судар, угсаа гарвалынх нь маш олон далд хүчинтэй холбогдсон” гэж өгүүлсэн байна. Доктор Б.Мандухай үүнийгээ Анагаахын антропологич Артур Клэйнмэний “Шаналалд утга учир байх нь тэвчихэд тусалдаг” гэсэн санаатай хамаатуулж үзсэн байв. Мөн Ребекка Эмпсоны буриадуудын түүхийн талаарх академик дүгнэлт бүхий “Harnessing Fortune” номыг иш татжээ. Илүү тодорхой ойлголтыг бөө Төмөрийн талаар өгүүлэх “Хүч ба итгэл” гэсэн хэсгээс уншиж болно. Бөө мөргөлд итгэгчдийн өргөл барьц, онгод, хий хийсгэлэн хүчний холбоо, бөөгийн угсаа гарвалын тухай ойлголтын талаар энэ хэсгээс мэднэ. Төмөр олонд алдартай бөө. Дараагийн бүлэгт өгүүлэх удгадуудын амьдралтай харьцуулахад түүнийх хамаагүй чинээлэг гэжээ. Энэхүү бөө мөргөл дэх хүйсийн тэгш харилцааны тухай асуудал судлаачийн маш гярхай ажиглалтуудын нэг юм. Зохиогч Буриадын эцгийн эрхт ёсон дахь эмэгтэйчүүдийн байр суурь бөө мөргөлд хэрхэн шилжсэн талаар өгүүлэхдээ, “Мэдлэг туршлагаа бүрэн гүйцэд ашиглахыг цагддаг социализмын дэглэмтэй хамт хүйсийн тэгш бус байдлын тогтолцоо унасан. Үйлдвэрлэл төрөөс өрхийн хүрээнд шилжсэн нь ч бас нөлөөтэй” гэжээ. Б.Мандухайн судалгаа өрнөдийн судлаачдын  XX зууны сүүлээр Индонези, Нигер, Малид явуулсан бөө мөргөлийн судалгааг Ази, тэр дундаа буриадын бөө мөргөл рүү чиглүүлэхэд, харьцуулан судлах шинэ хандлагыг эхлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.  Номын талаар санал дүгнэлтээ бичсэн Майкл Варрены хэлсэнчлэн, “Энэхүү бүтээл салбарынхаа Мортон Эксел Педерсоны “Онгодын үгс ба умард монголчуудын улс төрийн амьдрал”, Майкл Тауссагийн “Бөө мөргөл, колоничлол, баларлаг нийгэм: айдас болон ангижралыг судлах нь” зэрэг бүтээлд нэмэрлэж буй үнэтэй хувь нэмэр юм. Мандухайн бүтээл угсаатны зүйн судалгааны ач холбогдол, сэтгэл хөдөлгөм байдал, дүгнэлтээрээ өөрийн эрхгүй сонирхол татаж байна”.  
 Буяндэлгэрийн Мандухай

Зүүн Азийн антропологийн нийгэмлэг Америкийн Антропологийн холбооны ерөнхийлөгч асан, нэрт судлаач Францис Л.К.Шүгийн нэрэмжит англи хэлээр хэвлэгдсэн шилдэг бүтээлийн шагналаа Массечусетсийн Технологийн их  сургуулийн дэд профессор Б.Мандухайд олголоо гэсэн мэдээ нийгэмлэгийн цахим сайтад хэвлэгджээ. Нэрээр нь хайж үзвэл түүний шинэхэн бүтээл “Эмгэнэлт онгод: Орчин үеийн монголын бөө мөргөл, дурдатгал, хүйсийн эрх тэгш байдал” ном amazon.com цахим худалдаа, Массечусетсийн хэвлэлийн худалдаанаас эхлээд олон газраар зарагдаж байгаа нь мэдэгдэнэ. Нийгмийн антропологийн чиглэлээр Харвардын их сургуульд зэрэг хамгаалж, Массечусетсийн Технологийн их сургуульд багшиж буй доктор Б.Мандухай өнгөрсөн жил нийгмийн салбарын хамгийн нэр хүндтэй, 25000 ам.долларын тэтгэлэг дагалддаг “Руд Левитан”-ы шагналыг хүртсэн анхны монгол эрдэмтэн болсон юм. Уг төсөлдөө тэрээр улс төрийн шатан дахь эмэгтэйчүүдийн оролцооны талаар хөнджээ. 



You May Also Like Related Reviews

No comments: