Гүн ертөнцийн Хүн-эгшиг

/
0 Comments

Эгшгийн шидэт дохиур

Адраас цэнхэр, шараар ээлжлэн тусах гэрлийн дор арын эгнээнд, үзэгчид рүү хандан ятгач, ёочинч, лимбэчдийн найрал сууна. Түүний хоёр жигүүрээс хошуу үүсгэн морин хуурчид байраа эзэлжээ. Бүгд нэгэн адил саан эмжээртэй, шар торгон дээлээр ижилссэн харагдана. Чавхдас татагдах, хуур хөглөх бүгтхэн чимээнээс өөр аниргүй.
Удалгүй үзэгчдийн алга ташилт танхимыг сэрээж, тэр чимээн дундуур хүрээгүй цагаан нүдний шил, хошуулдаж эсгэсэн хормойтой цагаан цамц, торгомсог эдээр хийсэн эрвээхэй зангиа зүүсэн, хар хослолтой дунд эргэм насны нуруулаг бор хар хүн цэх аажуу алхсаар хөгжимчдийн өмнө ирж мэхийн ёслоод, цааш эргэв. Хормойг нь дугуй хэлбэрээр эсгэж,  бүсэлхийнээс доош урт оноо гаргасан хар хүрэм, шулуун хар өмд, гэрэл ойтол өнгөлсөн гутал. Араас нь ердөө ийм л зүйлсийг ажиж амжлаа.
Тэрбээр ноотны тавиурын өмнө зогсмогцоо аажуухан гараа өргөхөд л эгшиг аялгуу танхимыг бүчин авав. Баруун гарт нь үе үесхэн гялалзах модон саваа дээш цоролзон, гэрэлд гялтганах бүрийд найрал эгшиг төдийчинээ уянгалаг болох шиг санагдана. Цоролзох бүртээ өөр өөр өнгө эгшиг урлах тохой хэрийн цагаан мод гэнэтхэн “Нойрсож буй гүнж”-ийн  сайн санаат шидтэний саваа шиг санагдав. Тэр савааны шидээр бүтэх эгшиг агаарт түгэн, үзэгчдийн сонорт хүрүүт тайвшрал, амар тайвныг бүтээх шиг бүгд л гүн бодлогошролд автана. Мөнөөх хар хувцастан хөлөө хөдөлгөлгүй биеэ гурван тийш савчин дохисоор. Гэнэт тэр хоёр гараа дээр өргөснөө энгэр лүүгээ огцом хумин татаж орхилоо. Яг л танхимаар нэг тарсан аялгууг буцаан хураах мэт. Найрал зугуухан намжсаар дуу татрахын алдад алгаа мөн л огцом дээш харуулан цацлаа. Түрүүн хураасан хөг эгшгээ үзэгчид рүү цацчих шиг болов. Үнэн хэрэгтээ энэ нь тоглолт дуусч, хөгжимчид ёсолж болох мөч ирснийг илтгэж буй дохио.  
Ийм нэг дүр дөрвөн жилийн өмнө анх удаа Морин хуурын чуулгын тоглолт үзсэн миний сэтгэлд тод үлджээ. Улсын баяр, хүндэтгэлийн тоглолт дээр тэр энгэртээ хорол хээтэй, цагаан саагаар өргөн эмжиж, дотуур нь гурваар нарийн эмжсэн цагаан, эсвэл усан цэнхэр дээл өмссөн явна. Тэр үедээ зах хязгааргүй огторгуйд салхиар хөллөн нүүж яваа үүлс шиг, эсвэл хаврын хөх мананд сүүмэлзэх алсын цаст уулс шиг харагддагсан.

Төгсгөлгүй эхлэл

Манай дэлхийн баруун дээд буланд Австрийн домогт удирдаач Херберт вон Каражан “Bayreuth Festival Theatre”-т Моцартыг дохиж зогсоход дорно зүгт, Улаанбаатар хотод, одоогийн Элчингийн гудамжинд тэр мэндэлж байв. “Төрсний гэрчилгээн дээр минь Улаанбаатар хот, Нэгдүгээр төрөх гэж бичсэн байдаг нь худлаа. Өргөж авсан аав маань бурхан болохынхоо өмнө “Миний хүү 1952 оны луу жил, одоогийн Японы Элчин сайдын яам байгаа тэр хашаанд төрсөн. Очоод нэг хөрвөөчихөөрэй” гэж билээ”.
Түүнээс хойш, 1992 онд мөн л Австрийн суутан Густав Махлерийн “Эмгэнэл” симфонийг “Royal Concertgebouw Orchestra” театрт Америкийн удирдаач Лорен Маазел дохиж байхад тэр үндэсний хөгжмийн чуулга байгуулах их хүсэлд хөтлөгдөн дэвж явжээ. Энэ түүх “Барилгачдын 52” гэх таван давхар шар байрнуудаас гаралтай.  
Цэнд абугай хүү Батчулуунаа бага балчраас нь хөгжимчин болгох нууцхан хүсэл өвөрлөж байв. Эсэргүү Гэндэн, анхны дэлхийн фестивальд хөөмийлсөн Г.Чимэддорж, “Цэцэг нуурын хөвөө”-г бичсэн хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатар нартай нэг байранд байсан нь нөлөөлсөн үү, ганц хүүгээ хөгжмийн хүн болгоё хэмээн бат шийджээ. “Гуравдугаар ангиа төгсөх жил аав, ээж хоёр намайг онц төгсвөл гармушик хөгжим авч өгнө гэлээ. Бодвол онц төгссөн юм байлгүй дээ, тийм нэг хөгжимтэй болсон юм. Тэрийгээ хаа хамаагүй татаад л, тэр үед дөнгөж гараад байсан “Морьтой ч болоосой” киноны “Хайрыг минь булаасан хайртай хонгор Янжмаагаа авгайгаа болгоно доо” гээд дуулдаг байлаа”.
Дараа жил нь гармушик хөгжимдөө сонирхол буурсан Батчулуун бөх болох санаатай наадмын гимнастикийн бэлтгэлд гараад өгчээ. Бэлтгэл дээр улсын наадмын өсвөрийн барилдаанд түрүүлсэн шаггүй барилдаанч хүүтэй тэнхээ шалган хүч үзээд гайгүй сайн гуядуулснаар бөх болох хүсэл нь арилж, муугүй сонирхогч болж үлдсэн гэдэг.  
Тэр жилийнхээ намар бөх болох гээд бяр дутсан хүү Хөгжим бүжгийн сургуульд шалгалт өгөхөөр очив. Анх удаа л гартаа тийм их үстэй хүн харсан Батчулуун ритмийн шалгалт авсан багшийнхаа гарыг ширтсээр унаж орхилоо. Тэр үед мэргэжлийн багш нар нь голцуу Оросоос ирдэг байснаас тэр. Хажууханд нь ажиглаж зогссон онигор нүдтэй, шавилхон хөх хүн “Алив би өөрөө шалгая. Энэ хүүхдэд авьяас байна” гэснээр дахин шалгуулж, сая нэг тэнцлээ. Тэр хүн бол Монгол төрийн их хуурч, хожмоо хадаг барьж багш шавь бололцсон Гомбодоржийн Жамъян байв.

Чавхдас мэт зэрэгцүүлэн татсан төөрөг

Бараг мартагдсан нэг уламжлал бий. Шинээр хуур татахад суралцаж буй хүнийг гурван замын уулзварт, харуй бүрийн цагаар, морины хувхай толгой зайдлуулан суулгаж хуурдуулдаг байжээ. Энэ нь уул усны онгод сайн хуурч болоход тусална гэж үздэг шүтлэгтэй холбоотой.  
Тэр Хөгжим бүжгийн сургуулийн жижигхэн ангид, Жамъян багшийнхаа өмнө хуур татаж сурчээ. Харин багш Жамъян нь гурван замын уулзварт биш ч, зүүн хязгаарын тал нутагт малчны гэрт төрж, өвгөөс нь уламжилсан эцгийнхээ дэгээр хуур татаж сурч, сүүлд Ардын засгийн алдарт хуурч Д.Түдэв, С.Түвдэн нарт шавилан, ардын дуу, бүжгэн жүжгийн хөгжмөөс гадна Р.Шуманы “Бодол”, “Бяцхан дуртгал”, А.Г.Рубинштейний “Аялгуу”, П.И.Чайковскийн “Баркороло”-г тоглосон алдартай хуурч. “Багш маань хичээлээ, хуураа давтаагүйг шууд мэднэ. Гэрт очоод л цонхоор харчихмааргүй юм, яаж мэдээд байна гэж гайхдагсан. Сүүлд бодохнээ морин хуурын чих тогтдоггүй байхгүй юу. “Муу хуурч чих мушгиач” гэсэн зүйр үг бий дээ. Тэгээд л мушгиад баригдчихгүй юу”. Ингэж л хуурын чавхдас шиг зэрэгцэн орших хоёр хүний тавилан нэгэн цэг дээр огтлолцон, цаашид үл салах эгшиг аялгуугаар ижилсчээ.
1990-ээд оны үед хөгжмийн зохиолч Н.Жанцанноровтой санал солилцож, Хөгжмийн холбоонд уламжлан, “Алтан намар” хөгжмийн баярыг тохиолдуулан чуулга байгуулах санаатай явтал урьд жил нь ирсэн Өвөрмонгол хуурч ЧиБулаг Хөх хотод урьжээ. Мөнөөх нь тэнд аль хэдийнэ чуулга байгуулан, түүнийгээ монгол адууны өвөг “Тахь”-аар нэрлэчихсэн байв. Өвөрмонгол чуулгаас том урам өвөртөлсөн Ц.Батчулуун нар ирсэн даруйгаа ХБДС-ын сурагчдадаа тулгуурлан Хөгжмийн төвөө байгуулж, морин хуур, ардын хөгжимд зориулсан бүтээлийн уралдаан зарласнаар анхныхаа тоглолтоо 1993 оны дөрөвдүгээр сарын 16-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт эхлүүлсэн байна. Анхны тоглолтын тайз ч тохиолдлын байсангүй. Дуурь бүжгийн эрдмийн театрын шавыг тавихад Маршал Чойбалсан цай хадаг, морин хууртай хийснийг ч монгол хүний бэлгээр бодолцоо биз.
Мэргэжлийн хуурч нэг, төгөлдөр хуурч нэг, ятгын дөрвөл, ХБДС-ийн сурагчдаар эгнээгээ бүрдүүлсэн чуулга нийтийн тээврээр Улаан-Үдэд, галт тэргээр Хөх хотод хүрч байсан үеэ бодвол өдгөө НҮБ-ын Ерөнхий ас­самб­­лейн танхим, Парис дахь ЮНЕСКО-гийн Ерөн­хий чуулганы тан­хим, Италийн Сан Жиованни Маггиори, Моск­ва­гийн Их театр, Бээ­жингийн “Сувдан театр”, Венийн Алтан танхим, Токио­гийн “Сантори” гээд дэлхийн алдартай театр, танхимыг хуурын татлага, ятгын эгшгээр мялаажээ. Тэр дунд Цэндийн Батчулуун гэх бор хар хүн намуухан инээмсэглэсээр үргэлж хамт байлаа.  

Хөхөө Намжилын харуусал

“Эрт цагт Намжил гэдэг сайхан эр байжээ. Хөхөө шувуу шиг уул усыг баясган дуулдаг учир нутгийнхан нь “Хөхөө” Намжил гэж авгайлав. Удалгүй Намжил цэргийн албанд татагдаж баруун хязгаарт суух болжээ. Тийн суухдаа нутгийн бүсгүйтэй танилцан хайр сэтгэлтэй бололцов. Албанаас халагдаж буцахад хайртай бүсгүй нь нууц далавчтай Жонон хар морио өгч, ирж байхыг захилаа. Гэтэл хорон санаат нэгэн нисдэг хүлгийнх нь жигүүрийг хайчлан хорлох нь тэр. Намжил ихэд гуниглан хүлгийнхээ дэл сүүлнээс дээжлэн авч хялгаслан, арьсаар нь ширлэн нэгэн хөгжим бүтээж, аялгуулан хуурджээ. Хайртай хүндээ очих далавчит хүлгээ алдсан монгол эр хүний гуниг, харууслаас тийм гэхийн газаргүй сайхан аялгуу төрснийг хүмүүс хуурын татлага хэмээн нэрлэжээ.
Тэдний гуниг, харуусал хөг аялгууны хэлээр илэрхийлэгдсэнээрээ адил. Өмнө өдөр нь Драмын театрт Америкт гарсан солонгос удирдаачийн тоглолтыг үзсэн хуурчид маргаашийнхаа бичлэгт бэлтгэн, хуурнуудаа гаргаж тавьчихаад, гэр гэрийн зүг явжээ. Маргааш өглөө чуулга нь нүд халтирам дүр зурагтай угтав. Урд тал нь галд автаж, хуурнуудыг нь хулгайлж, Норов  гуай, Жамъян хуурчийн зургийг газарт унаган тамхины иш, вискигээр халтартуулж орхисон байлаа. Хэдэн шавь нь чуулгынхаа үүдэнд бүлтгэнэж зогсоно. Тэр өдөр 2008 оны долдугаар сарын 1.
Үндэсний хөгжмийн чуулгатай болох санал гаргахаас нь эхлэн 20 гаруй жил зүтгэн байж бүтээсэн бүхнээ согтуу хөлчүү, сэтгэл нь хөөрсөн хэдхэн хүний гарт үрнэ гэдэг нэг хоромд багтаж ядах харуусал биз. Өөрийн эрхгүй нулимс урсаж, өдий олон жил дэргэдээ уяж сургасан хэдэн шавийн минь урам хугарах вий гэхээс нүд нь харанхуйлаад иржээ. Харин тэр нулимс сүүлд нь “Хүний амь үрэгдчихээд байхад модон хуурнаас болж уйллаа. Хэдэн морин хуур шатсаны төлөө энэ Батчулуун гэж хар өвгөн уйлаад яахав дээ” гэсэн өөнтөг болно чинээ санасангүй.  Тэр үймээн бидний хэн нь хэн, хэрхэн биесээ хайрладгийг ингэж л харуулсан юм.
Арав хоногийн дараа Ардын хувьсгалын ойн баяр дээр Морин хуурын чуулга “Мандухай цэцэн хатан”-ыг тоглон, Төв цэнгэлдэхэд цугласан түмэнтэй хар өдрийн  багтрал, гомдол, харууслаа хуваалцсан нь зурагт үзэж суусан надад хүртэл мэдрэгдэх шиг болж билээ. 

Мөнхрөх ариун орноо


“2001 онд Японы “Кюүшюү” симфони найралтай Морин хуурын чуулга хамтран тоглосон юм. Өмнөх өдөр нь бэлтгэл хийх байсныг мэдсэнгүй. Маргааш нь куртка, жинс, пүүзтэй тууж иртэл “Батчулуун багш аа, оркестр хүлээгээд байна” гэдэг байгаа. Ороод иртэл 120 хөгжимчин ирийтэл суучихаж. Намсрайжав гуайн “Баярын жавхаа” байсан юм. Гараад л дохилоо. Үлээвэр яваад эхэлтэл нүүрэн дээр нэг юм бут үсрээд явчих шиг болсон. Яахав дээ, тийм олон хүний өмнө гудамжинд яваа юм шиг гарсандаа сандраад тэр.”

Хөгжимчид эгнэн суусан тайз бол түүний хувьд ариун газар. Хувцас хэрэглэл, ёс ёсолгоо, үзэгчдэд үзүүлэх хүндэтгэл, бүгд нэгэн бүхэллэг ертөнцийг бүтээн, тэндээс эгшиг аялгуу илүү хөгтэй гардаг гэдэгт тэр итгэдэг байв. Одоо тэр хөгжимчид эгнэн суусан ариун орноо эгшиг аялгуу, түүх домог болон “мөнхрөх” болно. 


You May Also Like Related Reviews

No comments: