ҮЛГЭРИЙН ЦАГИЙН ҮНЭЛЭМЖ

/
0 Comments

Үдшийн бүрийг “Үлгэрийн цаг” сонсох гэж хүлээдэг байсан нэгэн үеийнхэн хэдийнэ аав ээж, эмээ өвөө болжээ. Тэдний үр хүүхдүүд “Үлгэрийн цаг”-ийг мартаж, ач зээ нар нь дуу дүрсний өндөр түвшинд бүтээгдсэн 3D кино үзэх, кибер ертөнцөөр аялахыг чухалчлах болов. Уран зохиолын хүрээг тойрсон шүүмж, сэтгэгдэл, сургалтын хөтөлбөрөөс хасах дуулианы алинаас нь ч хүүхдийн уран зохиолын тухай ганц ч үг олж сонссонгүй.
Ингээд хүүхдийн номын талаар багцаа баримжаа авахаар номын дэлгүүрийг зорилоо. Хамгийн анхлан нүдэнд тусаж, олзуурхан шүүрсэн нь “Хөх дэвтэр” хэвлэлийн газраас эрхэлсэн “Эрдэнэсийн сан 108” цуврал байв. Робин хүүхдийн домог, Х.Уэльсийн “Цаг хугацааны машин”, Т.Янсоны “Илбэчний малгай”, М.Твиний “Хаклберри Пиннийн адал явдал”, Р.Стивенсоны “Эрдэнэ нуусан арал” тэргүүтэй хүн төрөлхтний уран зохиолын хөгжлийн түүхэнд үнэ цэнээ алдаагүй, сонгодог зохиолуудыг багтаасан үнэт цуврал энд багтжээ. Дан ганц хүүхэд ч биш, бүх насныхан уншдаг эдгээр бүтээлийг ихэнх улс орон дунд сургуулийнхаа сургалтын хөтөлбөрт шигтгэж заадаг юм билээ. Чайковскийн “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн зохиол, А.Хофманы “Цөмөөхэй ба Хулганын хаан” бүтээл ч уг цувралын жагсаалтад бий. Өрнө дахины үлгэр домгийн санаанаас сэдэвлэн 1816 онд бичсэн, самар цөмөгч бяцхан хүүхэлдэй, Маша охин хоёрын нөхөрлөл, Цөмөөхэй хүүхэлдэйн Хулганын хааны цэргүүдтэй тулалдах адал явдал, баатарлаг туульсыг өгүүлэх уг бүтээл бүх цаг үеийн шилдэг бүтээлийн жагсаалтад дээгүүр зогсдогийг онцлох хэрэгтэй. А.Хофманы уран сэтгэмжит зохиолууд дэлгэцэнд ч тун амжилттай амилсан юмдаг.
Жаахан цаашилбал, зураг чимэглэлийг нь шинэчлэн хэвлэсэн монгол ардын үлгэрийн ном сонирхол татлаа. Арга заль, мэргэн ухаанаар барыг номхотгосон өвгөний үлгэр хэт техникжсэн нийгмийн багачуулд үнэмшилгүй, сонирхолгүй санагддаг. Газар хатгах модгүй атлаа барыг ялан дийлэгч, хэт туульсын баатарлаг үйл явдал, үлгэрийн өгүүлэмжүүд зэр зэвсэг, цэрэг дайны цахим тоглоомын эринд гэнэн сэтгэлгээ мэтээр л буудаг тухай тэд хэлж байна.  Үлгэр нарийн, нягт нямбай дүрслэлээс илүүтэй өрнөлөөр голлодог. Харин хүүхэлдэйн кинонууд дүрслэл, сэтгэмж, дуу, хийцийн хувьд томчуудын анхаарлыг ч татахаар өндөр түвшинд бүтээгддэг. Тиймээс, нунж дорой зураг дүрслэлтэй үлгэрийн номноос зурагтын удирдлагаа илүүд үзэх нь тэдний буруу биш. “Жангар” хүүхдийн номын редакцын “Өвгөн бар хоёр” үлгэрийн ном зураг чимэглэлийн талаасаа чамбай болсныг энд онцолъё. Зохиолын өрнөл дунд хүүхдийн уран сэтгэмжийг чиглүүлэх, хөгжүүлэх үүрэгтэй зураг дүрслэлд анхаарлаа хандуулах нь орчин үеийн хүүхдийн уран зохиолын анхаарах зүйлсийн нэг. Ерөөсөө дан ганц зохиолын үйл явдлаар хүүхдийн сэтгэхүйг хөтөлнө гэдэг байж боломгүй хэцүү даваа болжээ.


Хөдөлгөөнийг илүү нарийвчилж, зохиолын үйл явдлыг хэлээр бус зургаар өрнүүлсэн комик цуврал ихээр хэвлэгдэх болжээ.  “Цэнхэр гүзээлзгэнэ” хэвлэлийн газраас Оросын зохиолч Светлана Чмаковагийн “Шөнийн сургууль” номыг орчуулсныг сонирхлоо. Ор сураггүй алга болсон эгчийгээ хайхаар “Шөнийн сургууль”-д элсэх Алексийн адал явдал, ид шидийн ертөнц дэх аяллыг зургийн зохиомжоор өгүүлсэн бүтээл харин багачуулд сонирхолтой байж болох юм шүү. Анхны анимэшн ч үйл явдлыг дэс дараалуулан зурсан комик зургаас эхтэй гэдэг дээ. Ийм төрлүүд л баатруудаа илүү урнаар сэтгэмжлэн, бодит байдалд авчрахыг чухалчилдаг өнөө үеийн уншигчдын таалалд илүүтэй нийцнэ.
Монголын зохиолчдын бүтээлээс Г.Лувсанцэрэнгийн “Усны эргүүлэг буюу Борзооны явдал” туужаас өөрөөр нүдэнд тусах ном бүтээл үзэгдсэнгүй. 1950-70-аад оны үед бичигдсэн, аман зохиол, туульсын зохиолын хэл найруулга, дүрслэл, уламжлалыг шинэчилсэн, үзэл суртал үнэртүүлсэн тэдгээр бүтээлүүд л өдгөөг хүртэл хүүхдийн зохиолын нэр нүүрийг тахалсаар буй нь үнэн.
Үлдсэн хэсэг нь танин мэдэхүй, зурдаг, буддагаар үргэлжилж байна билээ. Хүүхдийн уран зохиол “хүүхдийнх” гэдэг үгнээсээ болоод орхигдож боломгүй. Сэтгэлгээ болоод боловсролын хувьд хүүхдүүдээс илүү сэтгэж, тэдний төсөөллөөс давж бүтээснээр сонирхлыг нь татахаас бус хөнгөн зүйрлэл, хөгжилтэй явдлаар уядаг үе нэгэнт өнгөрснийг анзаарах хэрэгтэй. Мэдээллийн асар хурдацтай эринд эрт урьдын дүрүүдээ дахин уншиж, үзэж суух тэдэнд тийм ч сайхан санагдахгүй л болов уу. 


You May Also Like Related Reviews

No comments: