ГЭГЭЭН ҮЛДЭЭЕ! МУЗА-Г

/
0 Comments

Францын Каннд кино урлагийн сорууд цуглаж, орчин үеийн кино урлагийн чиг хандлагыг сонирхсон олны анхаарал тийш хандаж ахуйд Монголын драмын урлагийнхан шилдгүүдээ тодрууллаа. Урлагийн цар хүрээ, үнэлэмжээрээ “Оскар”, “Алтан бөмбөрцөг”-ийн дэргэд Канн илт ялгардаг шиг ‘шилдэг дуучин’, ‘шилдэг сайн хүн’ шалгаруулдаг олон наадмаас “Гэгээн Муза” ялгаатай, ялгаатай байх ч ёстой юм.
Тиймээс уг наадмыг Америкийн “Tony award”, Оросын “Алтан маск”-тай зүйрлүүлэхэд огтхон ч буруудахгүй. 1999 онд “ДМЖТ” (Драмын мэргэжлийн жүжигчдийн төв) байгуулагдаж, үйл ажиллагаа нь цэгцэрснээр 2003 онд драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн Муза” наадам анх зохиогдож, 2013 онд дээрх байгууллага “Гэгээн Муза академи” болон өргөжиж, олон улсын чанартай болжээ. Гэгээ гэрэлтэйгээр харвал сүүлийн жилүүдэд театрын урлагийг ойлгох, сонирхох хүмүүсийн хандлага эрс өөрчлөгдөж, шүүн ярилцаж, орчин үеийн театрыг сонирхож, урлагийн үнэлэмж, ойлгоц нь ахиж байна.
Наадам анхлан зохион байгуулагдсан үеэ бодвол олны анхааралд илүүтэй өртөх боллоо. “Гэрэг” сэтгүүлээс “Гэгээн Муза” наадмыг угтан шилдгүүдийг өөрсдийн сонголтоор нэрлэж, тэрхүү эхлэлээ үргэлжлүүлэн наадмын тухай онцолж буй нь энэ. Анхааралд өртөх нь чанаржиж байгаагийн шинж боловч түүнийг дагаад хариуцлага ирдэг. Манайд “наадам” хэмээх уралдаант шалгаруулалтыг зохион байгуулахдаа шагнал урамшуулалд хэт ач холбогдол өгч, бүтээлийн үнэлэлт дүгнэлтээсээ холдуулж, олны итгэлийг алддаг ч энэхүү наадмаас үзэгчид сонгодог урлагийн шилдэг бүтээлийг хүлээдгийг олон зүйл баталлаа.
Ийнхүү олны анхаарал, хараан дор ерөнхий шүүгч Н.Наранбаатараар ахлуулсан, “Гэгээн Муза академи”-ийн ерөнхийлөгч С.Сарантуяа, зохиолч Б.Лхагвасүрэн, найруулагч Ч.Ганхуяг, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, “А Пласс” студийн захирал Т.Аянга, УДЭТ-ын зураач Т.Ганхуяг, театр судлаач Д.Батсайхан, урлаг судлаач Д.Мягмарсүрэн, АНУ-ын төрийн департментийн харьяа Олон улсын театрын хүрээлэнгийн шүүгч, найруулагч Элизабет Хэсс, Тува улсын найруулагч Сюзанна Ооржик нарын шүүгчдийн бүрэлдэхүүнтэй “Гэгээн Муза” 2014 эхлэв. Нэгэнтээ Каннын тайзан дээр тэр аваргуудыг харж чадахгүйгээс хойш Соёлын төв өргөөний үүдэнд монгол театрын урлагийн энэ цагийн өнгө төрхийг тодорхойлдог жүжигчдээ яагаад харж болохгүй гэж гэсэн бодлыг тээсээр очив. Наадам “Улаан хивсний ёслол”-оор нээлтээ хийлээ.
Баяртай, хөөртэй, нулимстай, горьдлоготой, гомдолтой, бас аархалтай агшин. “Драмын жүжиг”, “Дуулалт жүжиг”, “Хүүхдийн жүжиг”, “Нэг хүний жүжиг” төрлөөс шилдгүүд шалгарч эхлэхэд “Хүүхдийн жүжиг”-т Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын “Муурын байшин” жүжиг дөрвөн төрөлд шилдэг болсноор баяртай, бас эргэлзээтэй оршил эхлэв. Гурван жилийн өмнө Дундговь аймаг “Солгой харандаа” жүжгээр дөрвөн Муза хүртсэн бол өнгөрсөн жил инээдмийн жүжигт Дорноговь бүх төрөлд нь тэргүүлж, Архангай аймгийн “Хөгжимт драмын театр” хүүхдийн жүжгийн гурван төрөлд шалгарснаас үзвэл энэ мэт төрлүүд орон нутгийн театруудад ээлтэй аж. Олон улсын чанартай болж өргөжсөн ч орон нутгийн театруудаа орхигдуулдаггүй нь сайшаалтай хэрэг. Энэ жилийн наадмын уур амьсгал ч “Хүүхдийн жүжиг”, “Дуулалт жүжиг”-ийн төрөлд орон нутгийн театрууд руу хандрав.
Дуулалт жүжгийн төрөлд шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг зохиолчийн шагналыг “Сэлэнгийн долгио” чуулга, шилдэг эрэгтэй гол дүрийг Дорнодын “Хүүхэлдэйн театр” хүртэж, Хүүхдийн жүжгийн төрөлд шилдэг зураач, хөгжмийн зохиолч, шилдэг эмэгтэй туслах болон гол дүрийг Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр хамав. Урьд урьдны наадмуудын нэгэн адил энэ бол орон нутгийн театруудын уралдаант хэсэг.
Харин ганц хүний жүжиг, драмын жүжгийн төрлийн уралдаант хэсэгт Улсын драмын эрдмийн театр, “Х-Түц” продакшн, “Black box” театрууд өнгөллөө. Нийтийн урлаг сонгодог урлаг руу бага багаар дэвшиж, уран бүтээлчид нь үзэгчдийг инээлгэхээс илүүтэй гэгээрүүлэх, ухааруулах зорилго руу хандаж байгаагийн шинэлэг жишээг хошин урлагийн гэгдэх “X-Түц” продакшн харуулж буй.
Өнгөрсөн жилийн наадамд хилийн чанадаас ганц хүний жүжгээр оролцсон Косовагийн Ментор Зумбериж шилдэг жүжигчний шагнал хүртсэн бол энэ жил ӨМӨЗО-ны “Ордос үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгийн” уран бүтээлч Х.Дорноо шилдэг хөгжмийн зохиолчийн шагналыг хүртлээ. Драмын театрын хэсэгт гоцолсон Сервантесийн “Кихот ноён”, “Сэрүүн хасын нууц” жүжгүүд, ганц хүний жүжгийн төрөлд онцгойрсон  “Black box” театрын бүтээлүүд наадмын хүрээнд ч бус, энэ жилийн драмын ертөнцийн онцлох бүтээлүүд байсан учраас эргэлзэх зүйл гарсангүй. Дэлхийн томоохон театрууд хүртэл “Кихот”-оос цэрвэдэг. Нүсэр том бүтэц, учир утга нь баригддаггүй дүрүүд, цаг хугацааны ханыг нэвтлэн Кихотыг амилуулна гэдэг хэн бүхний хийчихдэг зүйл биш. Үүнийг  Б.Баатар найруулагч зориглон барьж тайзнаа амилуулсан нь миний үзэхээр тун амжилттай тавилт  болсон юмдаг. Тиймээс Кихот, Санчотойгоо хамт Муза атгахад нь даган хөөрөх шахав. Кихот (Жаргалсайхан) нэлээд зүрхээ чангалчихсан тайзнаа гарч, Музагаа гардаад, сэтгэл хөдөлсөн байдалтайгаар“Монголд хоёр л найруулагч бий. Нэг нь Баатар, нөгөө нь бусад нь. Монголд хоёрхон л жүжигчин бий. Нэг нь Жаргалсайхан, нөгөө нь бусад нь” гэж хэлсэн нь ааг омог, аархал хэнээрхэл бус бусдыг хурцалсан билүү шиг үг болж сонсогдлоо.
Мөн тийм эргэлзээгүй шагналуудын нэг нь “Сэрүүн хасын нууц”-ын Суэкогийн дүрээр драмын тайзнаа эргэн ирсэн И.Одончимэг. “Х-Түц”-ээр овоглохоос өмнөх уран бүтээлийн замнал нь театрын урлагтай холбогддог түүнд драм хэрхэн зохидог байсан тухай, хошин шогийн архичны эхнэрийн дүрд бус театрын тайзан дээр Гамлетын эхэд тоглох байсан тухай олон хүн халаглан ярихыг нь бид сонсдог. Гэвч авьяас бол төрөлхийнх.
Дараагийн онцлууштай нэг зүйл нь орчин үеийн театрынхны ганц хүний жүжгийн хэсэг дэх ялалт. Орчин үеийн театрыг Монголд байгуулж, дэлхийд нэр суу нь түгсэн модерн, абсурд жүжгийг найруулан тавьж буй “Black box” театрын бүтээлүүд үзэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авч байгаа. Нийгмийн бурангуй, хүний зан чанарын түмэн хувирлыг нээн үзүүлдэг орчин үеийн театр Монголд шинэлэг үзэгдэл болсонтой хэн ч маргахгүй. Энэ шинэлэг үзэгдлийн төлөөлөл “Солиорол”, “Краппын сүүлчийн бичлэг” жүжгүүд Муза гардлаа. Харин С.Мягмар найруулагчийг “Тайзны шилдэг зураач”-аар өргөмжилсөн нь яаж хоосон орхих вэ гэсэнтэй адил зүйл болж хувирав.
            Үлдсэн хэсгүүдийг алаг атаагүй хуваагаад л хүртлээ. Эндээс үзэхүл, Дуулалт болон хүүхдийн жүжгийн төрөлд орон нутгийн театрууд, Драмын төрөлд УДЭТ, ганц хүний жүжгийн төрөлд “Black box” давуу байдалтай оролцжээ. “Гэгээн Муза” наадмын 11 жилийн түүхэнд есөн удаад нь УДЭТ Гран при хүртсэн бол “Хувьсал продакшн”, Төв аймгийн “Монгол туургатан” театр тус бүр нэг удаа уг шагналыг авчээ. Өөр өөрсдийн дагнадаг салбартаа амжилттай оролцох нь ойлгомжтой, гэвч аливаа зүйлд итгэл үнэмшил хэрэгтэй.

Леонардо ди Каприог “Оскар”-ын танхимаас таван удаа юу ч өгөлгүй гаргасан нь нийтийн баримжаалалтай тэрхүү наадмын нэр хүндийг өсгөсөн талтай. “Гэгээн Муза”-г нутгийн уул усыг нь баярлуулахын тулд олгодог “Болор цом”-той адил дүгнэж хараахан болохгүй. Ядаж л шүүгчид нь тангараг өргөдөг юм билээ. Гэлээ гээд уламжлалаа баримтлан, эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй гэсэн хандлагаар ёслол төдийхөн өнгөрүүлээд байвал наадмын чанар чансаа хэрхэн буурахыг надаар хэлүүлэлтгүй бүгд мэднэ. Сонгодог урлаг ая тал, ашиг хонжоо, шагнал урамшууллын аргачлалаас хэдэн алхам дээр байх ёстой. “Гэгээн Муза” зөвхөн шагнал олгодог бус орон нутаг, олон улсын хэмжээнд чуулдаг, сонгодог урлагийн их чуулган болж, улам чанаржин, олны итгэлд орон зайгаа эзлэх биз. Дараа жилийн наадам даанч хол ч урлагийн зорилго бол улсын наадам биш. Ой дурсамжийн бурхан Мнемосинагийн алтан хэвлийгээс мэндэлсэн Зевсийн охид ариун байх учиртай хэмээн нэгэн домогт өгүүлсэн бий.



You May Also Like Related Reviews

No comments: