Чонон сүлд: Сүлд шүтээний метафор, үндсэрхэг үзлийн уулзвар

/
0 Comments
Жан Жак Анно 1992 онд чинээлэг Хятад эр, Франц охин хоёрын хайр сэтгэлийг хүүрнэх “Амраг” киногоо Вьетнамд хийжээ. Таван жилийн дараа дайны дурдатгал маягийн “Төвдөд долоон жил” киногоо бүтээж Брэд Питтийг тоглуулсан нь чамгүй амжилт авчирсныг уншигчид мэднэ. Кино мэдээж Төвд, Хятадын нутагт зургаа авч, улс төрийн асуудлыг ч багагүй хөндсөн.  Харин 2004 онд “Ах дүүс” бар, хүн хоёрын харилцааны тухай киногоо Вьетнамын баруун эргийн Камбодиад хийсэн байдаг. Францаас Төвд, Вьетнам, Камбодиад хүрсэн Жан Жак Аннодын аялал энэ удаа Өвөр Монголд буулаа. Тэр нь Лү Жиамины “Чонон сүлд”-тэй давхцаж байна. 
“Variety.com”-ын урлагийн автор Жон Хопевилл түүнийг “Францын артхуасын давалгаа, Холливудын арилжааны кино урлагийн дундуур өвөрмөц урлалыг бүтээсэн найруулагч” гэж тодорхойлсон байв. “Бүтээл төгссөний дараа миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдөх шиг болсон. Соёл иргэншлийн түүхийг багагүй мэддэг миний хувьд энэ бардам ажил байх болов уу гэтэл тэс өөр нөхцөл үүссэн шүү. Настангууд, малчидтай уулзсаныхаа дараа би байгаль, хүний хооронд мөнхийн шүтэлцээ байдгийг ойлгож билээ” хэмээн Жан Жак Анно хэлжээ.
Кино Хятадын удирдагч Мао Зэдуний өрнүүлсэн Соёлын хувьсгалын кадраар эхэлнэ. Соёлын хувьсгалыг мандуулах оюутан, сэхээтнүүдийг суулгасан автобус хөдлөхөд тэдний дунд Чэн Зэнь, Лян хө хоёр сууж явна. Олон булгийн талд малчин өвгөн Билигтийнд очсон улаан хувьсгалчид гөрөөс хаших авд явснаар нүүдэлчин амьдралын зах зухтай танилцаж эхэлдэг. Киноны үйл явдал Лү Жиамины “Чонон сүлд” романы дагуу өрнөнө. Гэвч дэлгэцэнд буусан романаас хэд хэдэн шинэлэг хийцийг ажиглаж болох юм.
Олон булгийн тал, Өвөр Монголын үзэсгэлэнт газар нутаг, дотор иргэншлийн нөлөө хүрч амжаагүй нүүдлийн соёл, нэхий дээл, эсгий гэр, мухлаг тэрэг, ан ав, мал ахуй гээд Жан Жак Анно киноныхоо 3D формантад найдсан шинж илэрхий. Дээр нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөх “жинхэнэ” сүрэг чоно. Зөвхөн “Чонон сүлд” кинонд зориулан 35 чонотой нөхөрлөсөн Шотландын амьтан сургагч Симпсон “ Бар, арслан, заан байж болно л доо. Гэхдээ би хэзээ ч Монгол чоно сургаж байсангүй. Энэ хүнд ажил байлаа. Миний амьдралын гурван жил энд өнгөрсөн. Арван тохиолдлын есөд нь чоно онгон байгальд тэмүүлдэг. Бас дээр нь ааш зан, хэлбэр галбир, хүнд зохицох байдлаараа Европын чононоос өөр шүү дээ” гэсэн байв. Дүрийн сонголтыг гярхай хийсэн нь ч ажиглагдана. Бидний эчнээ танил “Чингис хаан” киноны Чингис, “Аравт” киноны Цахирын дүрийг бүтээсэн Өвөрмонголын жүжигчин Б.Баасанжавыг Билигт өвгөнд, “Тай Чи баатар”, “Домогт уул”, “Өргөө” гээд 20 гаруй кинонд гол болон туслах дүр бүтээгээд буй чадварлаг жүжигчин Фэн Шаофэн соёлын хувьсгалч Чэнь Зэньгийн дүрд тогложээ. “Гада мээрин” олон ангит кинонд тоглож Хятадын үзэгчдэд танил болсон  Р.Анхням Билигт өвгөний охин Галсмаад тоглосон нь дээрх киног хүлээх нэгэн шалтаг болж байна. 2014 онд “Марка Поло” киногоор Холливудад гарсан монголчууд 2015 онд “Чонон сүлд”-ийн нээлтээр өөр нэг жүжигчнээ тийш илгээх нь ойлгомжтой болов. Ингэж ач холбогдол өгөх шалтгаан ч бий.
Жан Жак Анно 2013 оны Канны наадам дээр киногоо танилцуулж, энэ сарын долоонд “European Film Market”-д, 13-нд Хятадад, 25-нд Францад нээхээр төлөвлөсөн нь  дэлхийн зах зээл рүү нэлээн хүч гарган түрж байгаагийн илрэл. Кино зохиолын эрхийг эзэмшигч “Бээжин Хориотой Хот” компани “Бөгжний эзэн” цувралын киноны найруурлагч  Петер Жэксонтой хамтран ажиллахаар төлөвлөсөн нь бүтэлгүйтэж Ж.Ж.Анно дээр буусан нь ч завшсан хэрэг биз. Өмнөх гурван ч киноныхоо зургийг Хятадад авч, амьтадтай ажиллаж сурсан Аннод “Зураг авалт жилийн дөрвөн улирлыг дамнан үргэлжилсэн. Монголын өргөн уудам нутаг алслалттай зураг авахад маш чухал тус болж байлаа” гэж ярьжээ. Трайлерээс нь харахад л ихэнх кадр алслалт болон ойрын зайнаас зураг авах аргыг хослуулсан Холливуд техник мэдрэгдэнэ.
“Цөлжилт, уул уурхай, зах зээлийн шахалтаар хөдөө нутаг хэрхэн сүйдэж байгааг энэ кино өгүүлнэ. Өвөрмонголын 24 сая хүний 20 хувийг монгол угсаатнууд бүрдүүлдэг. 2011 онд бэлчээрийн талхдалтыг эсэргүүцсэн жагсаалд нэгдсэн малчинг машинаар дайран хороож, эрх мэдэлтнүүд хууль бусаар бэлчээр булаасныг эсэргүүцсэн малчин захиргааны өмнө амиа хорлосон гээд өнөөгийн Өвөрмонголд тулгамдаад буй олон асуудал хөндөгдөнө” гэж REUTERS бичжээ. Хорин сая хувь борлогдож, дэлхийн 30 гаруй оронд хэвлэгдсэн Мао Зэдуны “Жижиг улаан ном”-ы дараа жагссан “Чонон сүлд” роман 2009 монгол хэлнээ орчуулагдсаны дараа ч багагүй шуугиан дагуулсан. Монголчуудын угсаа гарвалын бэлгэдэл амьтныг хөнөөж устган, хүний гарын дор амьтан болгон бичсэн нь бидэнд таалагдаагүй. Зохиолч Ц.Буянзаяа “Чонон сүлд ба үндэсний оршихуй” шүүмждээ “Зохиолч нүүдэлчдийн соёлыг суурьшмал иргэншлээр үгүй болгож буй явдлыг шүүмжлэхээс илүүтэйгээр өөрийн улс, үндэстний эрх ашиг, экологийн асуудалд нэн тэргүүнд анхаарлаа хандуулж буй үзэл санаа нь цухалзаж байгааг анзаарч болох юм” гэсэн байна. Чононууд бол хүний нийгмийн метафор: Аннод ч “Улс төрийн бүлэг, чонын бүлгийн хооронд зан авирын багахан ялгаа бий” гэснээр төгсгөн, бусдыг нь таны таалалд үлдээе.  





You May Also Like Related Reviews

No comments: