Уул уулнаас өндөрт байх хүсэл

/
0 Comments
Чингис хааны отгон хөвүүн Толуй, Хэрээдийн Ван ханы дүү Жаха Хамбугийн охин Сорхугтани Бэхи нараас төрсөн Мөнх хаан, Хубилай хувилгаан сэцэн хаан, Арибухи нар бөлгөө гэж түүхэн сурвалжид тэмдэглэсэн нь бий. Хаан ширээний тэмцэлд ялсан Хубилай их Юан гүрнийг байгуулж, ялагдсан Аригбөх алс хязгаарын нутагт өвчинд шаналж эцэслэсэн гунигт төгсгөл ах дүүгийн өшил дээрээс эхэлдэг.
Бидний яриа ч монголын түүхийн тэмцэл, бадралтай тэр үеэс үүдлээ авч жинхэнэ урлаг бүтээх, уран бүтээлч байхын тухай яриа руу хандсан юм. Балжиннямын Амарсайхан монголоос анх удаа Холливудад тоглолоо гэсэн дуулианаас бусдаар дэлхийн хэмжээний дүр бүтээж, бидний шимтэн үздэг барууны кино ертөнцөд анхлан хөл тавьсан түүний талаар бид хэр сайн мэдэх билээ. Энэ асуултаар ч эхлүүлж болно.
Соёл урлагийн их сургуулийн дөрөвдүгээр ангид байхдаа Б.Бадар- Ууган найруулагчийн “Уулын хөх сүүдэр” кинонд монгол киноны нэгэн үеийн “мундагууд”-тай мөр зэрэгцэн анхны дүрээ бүтээж, “Тавилан” киногоороо олны сонирхлыг чамгүй татаж, “Боолын гэрээ” хүнд драмаараа нийгмийг цочроож, “Бодлын хулгайч”-аар үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлэлт хүртэн, “Үргээлэг”-ээр түүнийгээ баталсан гээд бидний зах зухаас нь мэдэх үнэнээс эхлэн “Netflix”-ийн “Марка Поло” цувралын Аригбөх хааныг хүртэлх Амарааг бид бүтээсэн дүрүүд, эл дол цуурхлынхаа завсарт өнгөц дүгнэн орхисон байж болох юм.
2014 оны арванхоёрдугаар сарын 12-нд Холливудын зах зээл дээр монголчуудын түүхээр бүтээсэн анхны олон ангит кино дэлгэцэнд гарна. Гучин дөрвөн орны 700 гаруй уран бүтээлчийг баг болгон нэгтгэж, Италийн Венецээс Казакстан, дорнын Малайз хүртэл аялж зураг авалтаа хийсэн тус бүтээлийг ирэх онд Ан Лигийн “Гэтэгч бар, хүрхрэх луу” киноны хоёрдугаар ангийг дэлхийн хэмжээнд нээх эрхийг аваад байгаа “Netflix”-ийнхэн бүтээсэн. Хубилай сэцэн хааны Юан гүрэнд санамсаргүйгээр хөл тавьсан Италийн жуулчин Марко Пологийн аялал, Чингис хааны отгон хүү Толуйн хөвгүүд Хубилай, Аригбөх нарын зөрчлийг дэлгэцийн бүтээл болгон урласан тус олон ангит цуврал Холливуд монголын түүхийг барьж авсан анхны тохиолдол төдийгүй гадны бүтээлд монгол хүн монгол хааныхаа дүрийг бүтээсэн анхны тохиолдол.
“Холливудад гарах мэдээж хэцүү. Англи хэл дээр ярьж тоглох гээд наад захын үзэгдлийг бол даваад гарч болно. Харин манайх шиг жижиг зах зээлтэй орны жүжигчид тэнд очино гэдэг л хамгийн хэцүү нь. Яагаад Хонконгоос Жэкиг, Солонгосоос сериал жүжигчдийг аваачдгийн учир нь эргүүлээд тухайн орны зах зээлд гаргахад ашгаа олж чадах хэмжээний том орон зайтай байдгаас тэр”. Түүний хэлсэнчлэн урлагийн менежмэнт мэргэжлийн хэмжээнд хүртэл хөгжсөн барууны ертөнц бүх зүйлийг урьдчилан төлөвлөж хардаг. Өөртэй нь ярилцаж суухад ч тэр энэ л замаар жүжигчнийхээ карьерыг залж явна уу гэсэн цухас бодол төрсөн юм.
Үзэл суртлын хамгийн хүчтэй зэвсэг нь кино урлаг гэсэн санааг Ленин багш хэлснээс үүдэн соц орнуудад кино үйлдвэрлэл эрчимжиж, бид ч давалгаанд нь гуядуулсан 1970-аад оны сүүлээр тэр өлгийтэй бяцхан хүү байв. Сайнтай муутай, үзэл сурталт, ахиц дэвшилтэй киноны давалгаа татарч, уналтад орсон 1990-ээд оны дунд үед тэр барууны киноны амтанд автсан арван жилийн сурагч явжээ. Ардчилал гарч, шинэ хандлага сэвэлзэхтэй зэрэгцэн кино урлаг хуучин суурин дээрээ шинэ хандлагаар сэргэх үед сая анхныхаа дүрийг бүтээж байлаа. Цаг үе алдартнуудаа төрүүлдэг. Урлаг унаж боссон тэр цагтай зэрэгцэн өссөн хүүг цаг үе нь хүмүүжүүлж, өнөөгийн тэмүүлэлд хөтөлсөн ч байж мэднэ.
“Уулын хөх сүүдэр”-ийн Шүгэрийн талаар ярих зуураа омголон, тулсан хүндээ сайн муу нь илхэн энэ Амраагаас тэс өөр, дотогшоо өшсөн, хүнийг зуусан, хар сэтгэлтний дүр байдаггүй билүү гэхэд, “тийм бол сайн шүү дээ. Харин ч миний анхны дүр учраас туршлага дутсан гэж боддог юм” гээд инээлээ. Дэлгэцэнд дүр бүтээнэ гэдэг Г.Гомбосүрэн гуай Отелла жүжгийн дүрээр тайзнаа гарч Дездимоныг багалзуурдахад үзэгчид уулга алдах тэр үзэгдлийг хэлэх аваас Шүгэрийн дүр тун үлдэцтэй бүтээгдсэн. “Боолын гэрээ” киноны цутруухан амьдралдаа хөтлөгдөн халтирч буй омголон залуугийн дүр. Түүний хувь хүний зан араншинг надаар бичүүлж, өөрөөр нь яриулахгүйгээр тэр дүрээс харж болно гэлцдэг. Харин “Бодлын хулгайч” дахь Амраа бусад дүрүүдээс нь тэс өөр жүжиглэлт өгүүлснийг бид бэлэхнээ харсан. Өшөө хорсол, зодоон нүдээн, догшин ширүүн авир гээд хайрцаглан барих гэсэн хүлээснээс алдуурч, тэс ондоо дотоод тоглолтыг үзүүлэн, нэгэн цагт гэмт хэрэгтэн гэгдэж асан залуугийн сонирхолтой замналыг дэлгэцэнд амилуулсан. Чингис хааны цэргийн хамгийн бага нэгж, аравтад багтаж түүхэн кинонд зохирохоо ч сэм харуулаад амжсан. Амраагийн тэндээс энд хүртэлх алхмыг ажиглан харвал туршилт, шинэчлэл, алдаа оноогоо ялгаж шигшин ямагт нэг зүгт тэмүүлж байсныг мэдэж болно. Саяхан телевизийн ярилцлагад орох үеэрээ, “Холливудын хатавчинд нь ороод суучихлаа, одоо хоймор луу нь зүтгэнэ дээ” хэмээн ичингүйрэн ярьсныг нь бага зэрэг дэвэргэн үргэлжлүүлбэл тэр орчин үеийн монголын кино урлагаас техник технологи, ур чадвараараа илт ялгарсан барууны ертөнцөд тэнцсэн анхны хувь уран бүтээлч. Түүнийгээ,
“Тэд монголчуудын түүхийг барьж бүтээл хийж байгаа учраас намайг сонгоход нь нөлөөлсөн байж болох. Харин миний хувьд тэр түүхийн эзэн нь одоо ч ийм зүйлийг хийж чадна гэдгийг харуулахын тулд дээр нь араасаа өөр олон жүжигчид дагуулахын тулд илүү хичээх л хэрэг гарсан” гэж даруухан хариулна. Дайн тулааны хэсэгт орлон тоглогчгүй үзэлцэж, Оскарын шагналт хувцасны зураачтай дээлийн загвар дээрээс болон ам мурийж, Монголд биш Казакстанд зураг авалтаа хийсэнд нь харамсах эх оронч сэтгэлтэйг нь гайхан хүлээж авах хэрэг биш.
2012 оны сонгуулийн үеэр “Намайг Амараа гэдэг. Нэр минь монгол, дүр минь монгол, цус минь монгол, цөс минь монгол. Эх орон гэдэг эрдэнийн зургаан үсэг элэгдэж дуусахын цагт би дуусна” хэмээн бүхний мэдэх сөөнгөдүү хоолойгоор, бадрангуйгаар уншиж зогсоход нь түүнийг эх орон, түүх соёлоороо бахархагчийн дүрээр харсан нь төдийлөн олон биш. Бүгд л сонгуулийн хардлагаар маналзсан үе байв шүү дээ.
“Бид бүгдээрээ хөгжил дэвшлийг уул уурхай, алт нүүрсээр хэмжээд байна. Гэтэл өвөг дээдэс маань өөрсдийнхөө түүх гэдэг асар үнэт олдворыг бидэнд үлдээж. Одоо дэлхий тэр өв рүү харж эхэлж байна. Саяны зураг авалтаар зөвхөн Казакстанд гэхэд л 26 сая америк доллар зарцуулчихлаа. Манайх ганцхан том павилионтойсон бол монголын бүх студи хөл дээрээ босох байлаа шүү” гээд шүүрс алдав. Омголон төрх, гал цогтой үг, туг тамгатай хувцас, сүржин клипнээс илүүтэй монгол хүн дэлхийн хэмжээнд гарч, тэр хүмүүсийн чинь үр хойч соёлт ертөнцөд ийм зүйлийг хийж, бүтээж чадна хэмээн тунхаглах нь л Амраагийн эх оронч үзэл.
Туг, тунхагтай сурталчилгаанаас болж түүнийг намд харъяатуулж, алдар хүндэд худалдагдсан мэтээр хардаж байлаа. Энэ талаар нь асуухад, “тэр бол миний л дотор байдаг үзэл бодол, хэний төлөө хэлж байгаа нь хамаагүй надаар дамжин гарч буй олон монгол залуусын хүсэл тэмүүлэл” гэсэн товчхон хариулт өгөв. Үнэхээр ажлын хөлснөөс бусдаар бол Амараа өдийг хүртэл “Соёлын тэргүүн”-тэйгээ тууж яваа.
Канад пивоны сурталчилгааг монголжуу пиар болгон ашиглаж, АН-ыг олонх болж, ардчилсан ерөнхийлөгчийг хоёр дахь удаагаа төрийн тэргүүний суудалд суухад нь гол үүрэг гүйцэтгэсэн. Цогоо гуай гэдэг хоёрхон дүртэй, цахилгаан барааны сурталчилгааг улс төрийн пиар болгон ашигласан гээд түүний гар оролцсон юмсаас ямагт шинэлэг санаа үнэртдэг.
“Зөвхөн авъяасыг өмнөө барьж, боловсрол мэдлэгийг төдийлөн ойшоодоггүй уран бүтээлчид байна. Тэд улиг домог болсон нэг л зүйлийг давтаж, тэр нь амьдралаас хоцрогдоход хүргэдэг байна”. Сэнгийн Эрдэнэ баавайн хэлсэн дээрх үгийг өөрийнх нь хэлэхээр хүнээс туучихсан нимгэхэн номон дээрээс уншиж өгөөд, “Энэ л миний уран бүтээлч байхын тулд баримталдаг зарчим” гэж хэлэв. Тодруулагчаар зурж, доогуур нь балаар тэмдэглэсэн тэр хэсэгт уран бүтээлч хүн шинийг бүтээхийн тулд цаг ямагт хөгжиж, боловсорч байх хэрэгтэй гэсэн нэрт зохиолчийн үг бий.
“Хийж буй зүйлдээ өөртөө байгаа зүрх сэтгэл, авъяас чадвараас давсан хичээл зүтгэл, тэмүүллээр хандахыг хичээдэг. Хичнээн сайн бүтээл байгаад сэтгэл зүрхээ шингээгүй бол хүнд мэдрэгдэхгүй шүү дээ. Би юу хийж, юуг бүтээж чадах вэ гэдгээ үзмээр санагддаг. Дээр нь хүний сэтгэлийг хөдөлгөхгүй бол урлаг хийгээд яах юм. Хүний сэтгэлийг хөдөлгөж, түүнд хүрч чадах нь л урлагийн зорилго. Тэр хэмжээнд л хүрэх гэж зорьж явна”.
Түүний зам ийм зүг чигээр өгсөж яваа. “Бодлын хулгайч” киноноос “Үргээлгэ” хүртэл 12 уран сайхны кинонд тоглох санал ирснийг яриан дундуураа цухасхан дурдсан. Энэ зуур Б.Амарсайхан ямар ч кинонд тоглоогүйг нь мэдэхийн хувьд эл дол сурталчилгаа, нийгмийн реклам бүрийг чимж, үнээ алдахгүй гэсэн уран бүтээлчийн зарчимтай нь холбон ойлгов.
“Бодлын хулгайч”-аас хойш уран бүтээл нийгэмдээ нөлөөлөх ёстойг ойлгосон. Гэхдээ цаад зорилго нь мөнгө байж болохгүй. Хэдий надад хэрэгцээ байлаа ч уран бүтээлээ ашиг хонжоо, мөнгө төгрөгтэй хутгахгүй байхыг хичээдэг”. Амраагийн энэ бодол жинхэнэ уран бүтээлчийн туулдаг замнал руу чиглэж байгаа. Жижиг зах зээлтэй орны зовлонгоор эрэлтэд барьцаалагдан хоолны сурталчилгаанаас театрын тайзыг хүртэл тоглодог “хямд авъяаст”- нуудаас тэр уран бүтээлийн “үнэ цэнэ”- ээрээ ялгарахыг хичээдэг.
Дэлгэцэнд бүтээсэн дүрүүд, сүржин зураг бүхий кино постер, олны танил төрхийг нь хасаад харвал тэр бусдын л адил хүн. Цөөнгүй хором ярилцан суусны эцэст ийм л бодол дээр тогтсон юм.
Картын барааны хүнд болоод сайхан дурсамжийн дунд, 1980-аад оны Баатар хотын аль нэг хэсэгт үеийн нөхөдтэйгөө “Нохойтой дөрвөн танкчин”, “Биртнат өвөө”-г үзэн шуугиж, Жэки Чаныг дууриан ноцолдож, Брүслэй шиг болох мөрөөдлийн дунд хүүхэд насаа үдсэн. Тэр хүслээрээ урлагийн сургуульд элсэн орж, төгсөх жилээ анхныхаа дүрийг бүтээсэн гээд олон олон уран бүтээлчийн замналаар энэ ертөнц рүү хөл тавьжээ. Өдгөө тэр тэрсхэн хоёр охины эцэг, нэг гэр бүлийн түшиг тулгуур болсон эр ухаан.
Түүнд бусдаас ялгарах ганц л зүйл бий. Хурц, ширүүн зарим үед зөрүүд ч болов уу гэмээр зан шигээ хүсэж зорисон зүйлээ чинээнд нь хүртэл бүтээж, ямагт шинэчлэгдэн, илүү өндөрт хүрэх гэсэн тэмүүлэл.
Өдгөө тэр нүргээнт тивийн (Америк) аль нэг хэсэгт Холливудад бүтээсэн анхны дүрээ үзэхээр багагүй догдлолтой нисэж яваа. Түүний араас олон жим гарч, тэр жимээр монголын соёл урлаг дэлхийн тавцанд хүрэх цаг холгүй гэдэгт тэр бас итгэдэг.




You May Also Like Related Reviews

No comments: