Габриэл Гарсиа МАРКЕЗ: ҮҮРЭЭР ИРСЭН ЗУРВАС Unknown/ 0 Comments Их сургуульд, уран зохиолын мэргэжлийн семинар бүрт зөвхөн “Зуун жилийн ганцаардал” романыг л ярьдаг байсан нөхрөөс минь зурвас иржээ. “Габо маань өөд болчихжээ”. Түүнээс өөр хэн л Маркесийг багын нэрээр нь бичиж, нас нөгчсөн мэдээг нь үүрийн 04:00 цагт над руу илгээх билээ. Сүүлд номын дэлгүүр орохдоо түүний “Гунигт янхнуудаа дурсахуй” тууж, “Цайлган Эрендира” өгүүллэгийг эх хэлнээс нь орчуулсныг үзээд олзуурхан шүүрсэнсэн. Бороо, цастай хаврын өдрүүдийг хүлцэж ядахдаа“Зуун жилийн ганцаардал”-ыг гаргаж ширээн дээрээ тавьснаа ч саналаа. Энэ бүгдээс шалтгаалцсан уу, үргэлж өрвийж сөрвийсөн харагддаг саарал үс, өтгөн живэр дороосоо янжуурын цог улалзууланхан суудаг гэх колумб өвгөний үхэл нэг л хүнд бодлогошрол дагуулав. Сервантас рыцарийн романуудыг Дон Кихотоор чинжаалдуулж, амь татрахыг нь сониучирхан харж зогссоноос хойшхи орчлонгийн хаа нэгтээ өрнөх хүний амьдралын тухай нэгэн хэмнэлт хүүрнэлүүдийг Маркес эрээ цээргүй баллуурдаж, бүхий л цаг хугацааг нэгэн бүхэллэгт хураан зүүд, ёр бэлгэ, зөн совин, төсөөлөл, далд мэдрэхүйг нэгтгэж, бодит болгон бүтээсэн юм. Хэний ч сонсоогүй, очиж үзээгүй сууринг байгуулж, тэнд алмайран зогсоо уншигчдыг хараад тэр ёжтойхон мушийсан биз. Түүний романууд хавтсан дээрээ “Габриэл Гарсиа Маркес” гэх испани нэрийг тавьсныхаа төлөө л 25 хэлнээ орчуулагдаж, 50 сая хувь борлогддог гэхэд хилсдэхгүй. Монголд ч ялгаагүй, Маркесаар овоглосон орчуулгын бүтээл хэдхэн хоногт борлогдож дуусдагийг “Гунигт янхнуудаа дурсахуй”-н эхний хэвлэлтээс хожимдсон даруйдаа мэдэж билээ. Утаа савсуулан гал өрдөж халаадаг тосгоны сургуульд бага ангийн сурагч байх үедээ нэгэн олны танил эрхэм унших дуртай номоороо “Зуун жилийн ганцаардал” романыг онцолсныг сонины булангаас үзээд хамаатныхаа айлаас анхны хэвлэлийг нь чимээгүйхэн гулсуулснаас хойш өдгөө ч дээрх эрхмийн нэгэн адил миний таалан уншдаг хүүрнэл зохиолчдын дотор Маркес дээгүүр суудал эзэлсээр байгаа билээ. 1960-аад оноос утга зохиолын ертөнцөд хөл тавьсан ширвээ хар сахал, дундад ази төрх бүхий царайлаг колумб залуу бол бидний амьдарч буй эриний Фолкнер, Борхес, Сервантас, Хэмингуэй байлаа. “Хүн төрөлхтний утга зохиолын өлгийнийх нь дэргэд Хомер, авсных нь дэргэд Борхес зогсож байлаа” гэсэн ёж хатуу үгсийг няцаах туурвилзүй, билиг авъяас, онгод цадиг энэ эринд түүнд л заяагдсантай би санал нийлнэ. Уйтгартай, шаналгаатай, зожиг ганцаардмал, гаж этгээд дүрүүд, амьдралын хатуу ширүүний өмнө нугаршгүй бат зогсдог тэнэгдүүхэн эрчүүдэд нь би хайртай. Одоогоос жил орчмын өмнө булчирхайн хорт хавдраар өвчилж, бичиж чадахгүй болсноо зарлаж, хүн төрөлхтөнд илгээх сүүлчийн захидлаа бичсэн санагдана. Тэр хором мөч бүхний үнэ цэнийг хэрхэн мэдэрсэн талаараа сэтгэл хөдлөм сийрүүлж, Хосе Аркадиа Буандигийн эдэлсэн зуун жилийн ганцаардлыг ганцхан жилийн дотор эдлэх хувь төөрөгтэй байсандаа харуусаж, амьдралын үнэ цэнийг хайраар хэмжих нь хамгаас чухал болохыг захижээ. Тэрхүү захидал одоо нэгэнт гэрээслэл болон үлдэнэ. Маркес минь чи, Ван Гогийн мөрөөдлөөр Бенедиттийн найраглалыг одонд зурж, Серрат аязыг саранд зориулсан дуу болгоогүй ч хүн төрөлхтний утга зохиолын нэгэн сод туурвилыг бүтээж, хэн ч очиж үзээгүй атлаа очсон мэтээр ярилцдаг Макондо хэмээх бяцхан сууринг уншигчдын сэтгэлд цогцлоогоод, хэн ч илгээхгүй захидлыг “ялгадсаа идсээр” хүлээхэд бэлэн тийм их итгэл үнэмшлийг бидэнд үлдээлээ. Сайхан Ремедиосоо эргүүлэн авчрахаар үүлс хөлөглөн, огторгуйн хязгаарт зорчих түүний зам дардан байх болтугай. You May Also Like Related Reviews About the Author Unknown He graduated as literature studies in National University of Mongolia. Byambanyam Urtnasan is an author at "Gereg" magazine now.