ЖИРИЙН 1000 ХУУДАС

/
0 Comments

1984. Миний санахаар ийн нэрлэсэн хоёр ч зохиол бий. Тэдгээр бүтээлүүд сүүлийн хоёр зууны дэлхийн утга зохиолын тэргүүнд яригдаж байна. XX зууны утга зохиолын түүхэнд дистопиа (dystopia) буюу нийгмийн тогтолцоо, төрийн бүтцийн талаарх зөгнөлт романы эцэг гэгдэх Жорж Оруэллийн “1984”-ийг нэрлэх нь зүй.1949 онд бичсэн уг романыг ирээдүйг зөгнөсөн, зохиолд бичсэн үйл явдал хэрхэн биелсэн тухай маргаан дэгдэж, тотилатор тогтолцооны үнэн төрхийг сурталдах сурах бичиг болгон, “Time”,BBC тэргүүтэй сэтгүүлүүд 1923-2005 оны хооронд бичигдсэншилдэг романы жагсаалтад дээгүүрнэрлэжээ. Орос төвтэй тотилатор тогтолцооны хор уршиг хаана, хэзээ, хэрхэн биелэх, үзэл суртлын тэрхүү хүйтэн дайн оюуны санааг хэрхэн царцаах талаар зөгнөн бичсэнуг романыг манай уншигчид эчнээ мэднэ.
Харин хоёр дахь нь өнгөрсөн долоо хоногт монголд нээлтээ хийж, номын тавиурт шилжсэн японы зохиолч Харуки Муракамигийн 1Q84 (Япон хэлний есийн тоог “kyū” гэж дууддагийг Q үсгээр төлөөлүүлжээ. Ж.Оруэлл ч зохиолоо бичиж эхэлсэн 1948 оныхоо сүүлийн хоёр орныг сольж“1984” болгосон гэх таамаг бий)роман. 2009 онд дуулиан шуугиантай нээлтээ хийж, уншигчдыг үүрээр номын дэлгүүрийн хаалга сахиулсан энэ бүтээл японд хэвлэгдсэнээсээ таван жилийн дараа, Европт орчуулагдсанаасаа гурванжилийн хойно монгол хэлээр гарлаа. Зохиолчийн карьерийнх нь сүүл үед бичигдсэн 1Q84 роман түүнийг нэр алдарт хүрсний хойно, чамгүй хүлээлттэй нээлтээ хийж олон сая хувь борлогдсон юм. Орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгчийн хувиар монголчууд ч түүний бүтээлд хүлээлт үүсгэдэг. “Норвегийн ой” роман орос хэлнээс орчуулагдсаны дараагийн бүрэн хэмжээний хүүрнэл зохиол учраас уран зохиолд шимтэгчийг хувиар олзуурхан, сонирхон уншсан нь энэ.
1984 он буюу Муракамигийнхаар 1Q84 он. Хөлсний алуурчин Аомамэ, дунд сургуулийн тооны цагийн багш, залуухан зохиолч Тэнго хоёрын дунд хорин жилийн өмнө үүдсэн сэтгэлийн холбоо гурван дэвтэр зохиолын турш үйл явдлын шугамыг хөтөлнө. Магадгүй энэ хоёр дүр л зохиолыг илүү амьд, орчин үеийн, шуудхан хэлэхэд манай ертөнцийнх болгожээ. Харин бусдаар түүний бүтээл бүхэнд ажиглагддаг мөнөөх дүйнгэ, хүч чадалгүй атлаа юу ч хийхээс буцахгүй баатрууд, бэлгэдэл, төсөөллийн, сэтгэл самуурлын хоосон ертөнц хэвээрээ. Уран зохиол туурвих арга барил талаасаа өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн сюрреализм. Жорж Оруэлл тотилатор тогтолцооны ирээдүйг уран зохиолд дүрсэлсэн бол Мураками өнгөрсөн зууны японы нийгмийн нэгэн үеийг нийгмийн өөрчлөлт, шашин, хүний сэтгэл санааны урвалтаар нээн харуулжээ гэж болно. Тэнго уран зохиолын хуйвалдаанд хутгалдаж, тулааны урлагийн багш, мэдрэлийн эмч мэргэжилтэй Аэмамогийн алуурчин болсон хийгээд “Гэрчийн цуглаан” хэмээх Христийн бүлэглэл ч цөм хүнийг хувь бодгаль чанараас ховхлон татаад, аль муу хүч рүү түлхэгч нийгмийн хүчний симбол. Энэ үл үзэгдэгч зохиол доторх зохиолд дүрслэгддэг “жижиг хүмүүс”-ээр амилна.Хурдацтай хөгжиж буй, цаг зав багатай биднийнийгэмд зузаан ном залхаан цээрлүүлт шиг санагдаад удсанаас ч болсон уу“The New York Times”-ийн Жанет Маслен “ойлгомжгүй, мөнөөх л нэгэн хэвийн Мураками“хэмээн итгэл алдарсан байдалтай бичсэн байх юм. Япон хэлнээ 1000 шахуу хуудастай хэвлэгдсэн эл романыг тэвчин уншихад, эсвэл шимтэн уншихад юу хөтлөхийг итгэлтэйгээр дурдан хэлэхэд хэцүү. Нэгэн хэвийн нуршуу бичлэгийг сюрреализмтай чадварлаг хослуулдаг, уншигчдыг жаахан зүйлээр дөмөгхөн хуурч дөнгөдөг Муракамигийн шинэ романхавтсан дээр нь хэвлэсэн Вашингтон постын М.Дидрагийн “Хэрвээ та 1Q84-г нэг л уншаад эхэлбэл дуусан дуустлаа өөр юу ч хийхийг хүсэхгүй” гэсэн үг шиг содон туурвил болж чадсан нь эргэлзээтэй. Олон ургалч үзлийн үед энэ нь хэт нэг талыг барьсан дүгнэлт байж болох ч уншсаны дараах сэтгэгдэл ч хэвээр үлдлээ. Мөнөөх зохиол бүхэнд нь байдаг уйтгарт, нуршуу өгүүлэгчийн яриа, төөрч будилсан хайр сэтгэл, секс, амиа хорлолт, бас хөгжим. Энэ байдлаараа тэр өөрийгөө давтагч шиг... Энэ бол зохиолын өгүүлэмжийн тухай яриа. Харин түүний дүрүүд энэ хорвоод давтагдахгүй, давтагдлаа гэхэд маш цөөн тохиох хувь хүмүүс байдаг нь уншигчдыг татдаг байж болох юм. Дэлхийд хоёр сар мандуулагч, алуурчид, зохиолчид, оюутнууд, сэтгэл санааны гүн хямралд орсон өвчтөнүүд, мөрдөгчид. Хэний ч санаанд оромгүйг бодож сэтгэдэг Тэнго, Фүкаэри, Аомамэ. Муракамигийн цаг ямагт зугтаж ирсэн япон ертөнцөөс ангижирсан “нийтлэг” дүрүүд. Тэдний сонирхол, бодол сэтгэлгээ, мэдрэмж, дурлал нь хүртэл зохиолчийн нэг зүйлд баригдмал байхыг үл хүсэх тэмүүллийн илрэл шиг санагдана.Тэр Булгаков, Маркес шиг ид шидийн, Камю, Сартр шиг оршихуйг номлогч, эсвэл бүр Стиг Ларсон шиг триллерч  байж чадах юм гэсэн бодол унших явцад төрсөн билээ. Магадгүй цаг хугацаа, бодит хийсвэр, үнэн худал, жинхэнэ хуурмагийн зааг дахь эдгээр шугам л гурван дэвтэр хүүрнэлийн турш таныг барих шалтганы нэг байх биз ээ. Харин нэгэнтээ эх хэлнээ хэвлэгдэн гарсан бүтээлийн үйл явдлыг таны мэдэлд үлдээхийг илүүд үзлээ. Бид дэлхийн шилдэг борлуулалттай, шилмэл бүтээлийг уншиж, түүний талаар ямар нэг төсөөлөлтэй болж буй нь саашаалтай. Эрхлэн гаргагчдын хувьд ч эх хэлнээс нь орчуулна гэдэг олзуурхууштай хэрэг. Орчуулгын хэл найруулга, зохиолын дотоод уур амьсгалыг бага эвдсэнийг ч энд тэмдэглэх нь зүй.

Ийнхүү уншиж дууссаны дараа жирийн л 1000 хуудас хавтасны дотоодод үлдлээ. 


You May Also Like Related Reviews

No comments: