Шүлэг эшлээд л “шүүмж” болчих (үгүй)

/
0 Comments
Шведийн академи 2014 оны Нобельтнуудаа уламжлалын дагуу зарлалаа. Нэр алдар, орлого (мөнгө) далласан эл шагнал үүссэн цагаасаа эхлэн олны анхааралд байсан эрчээ алдсангүй. Тэр дундаа олны таамгийг эвдсэн Утга зохиолын салбар бүр ч сонирхол татлаа. Японы Муракамиг гонсойлгож, Патрик Модианогийн гарт очсон Нобель жир уншигчдын хүрээнд хүртэл шуугиан дэгдээснээс үзвэл ойрын хугацаанд л лав уран зохиол хүн төрөлхтний сэтгэлгээний хэмжүүр хэвээр үлдэх нь гэсэн өөдрөг бодолтой хоцров. Ийм бодлоор ч дорх бүтээлийг “Ном” буландаа онцолсон хэрэг.
            “Монголын орчин үеийн урлаг, утга зохиолын шүүмж -2014”. Элбэг дээл шиг энэ нэр номыг бүхэлд нь тодорхойлж чадах, эсэхэд хэдэн эргэлзээ бий. Монгол киноны талаарх нийтлэл, уран зургийн бүтээлийн өмнөтгөл, зураачийн тухай тэмдэглэлээс бусдаар эл бүтээл уран зохиолын сэдвээр дагнасан бүтээл боловч А.Мөнх-Оргилын “Үйлийн үрийн тойрог”, “Эмгэнэл инээдмийн зааг дахь Гэвш Лодон” судалгааны өгүүлэл, Ш.Баттөрийн “Үзэл сурталжсан ёсзүй ба өнгө мөнгөний уран зохиол” болон “Т.Батаартай тэр нэг зун” бичлэгийн хэлбэр эгээ ижилхэн хоёр шүүмжийг эс тооцвол бусдаар тэмдэглэл, өмнөтгөлийн богино бичвэр, хувь хүний зүгээс тулгасан үзэл санааны тулгалт, товч тайлбарын эмхтгэл ажээ.
        Тухайлбал, зохиолч Л.Өлзийтөгсийн өгүүллэгийн нэрээр гарчигласан “Аквариумын гүн дэх нууц” чөлөөт тэмдэглэл,“P:S Захиад байсан амьдрал чинь олдсонгүй. Тийм амьдрал байдаг юм уу” тоочилтыг “шүүмж” хэмээн зориглон нэрлэсэн сайхь бичээчдийн бүтээл уран зохиолын шүүмж, орчин үеийн урлагийн асуудалд хандсан “том” нэрэндээ ахадсан даржин зүйл болох нь бичлэгээсээ илт ажиглагдсаныг энэ салбар идэвх муутайгийнх гэж өршөөн өнгөрүүлж болох боловч аливаа мэргэжилд сонжуур “хэрэгтэй”-г нөхөрсөг ёсоор хавсаргая.
          
Орчин үеийн утга зохиол судлалд “шүүмж”-ийн ойлголт эрс өөрчлөгдөж, ялангуяа соц-реал үеийн уран бүтээлчдийн чиглэдэг, муулдаг, магтдаг хувь үзлийн сэтгэлгээнээс ялгарч задлал, тайлал, тайлбар луу хандах боллоо. Шүүмж уран сайхны бүтээл, бичвэрийг уншигчдын өмнө нээх, тэрхүү орон зайд уншигчид дураар зорчих жимийг гаргахад чиглэсэн тайлал болохоос зааж зааварлах, үзэл санааг тулгах, ятгахаас аль эрт холдсоныг нурших илүүц ч байж мэднэ.
            “Тархи нь эрчимтэй устаж буй монгол найрагчид-1” өгүүллийн  (Л.Мягмарсүрэнгийн “Хар сар” шүлгийн түүвэрт бичсэн) гуравны хоёрт нь олон найрагчдын урт урт шүлэг эшилсэн сүржин шүүмж хэлхээд төгсгөлд нь тус номын шүлгүүд өмнөх бүтээлээ давтсан, жинхэнэ яруу найргийнх нь бүтээлийн үнэ цэнийг бууруулж байгааг онцлоод, “Гэвч нөгөө талдаа амьдралынхаа туршид ганц жинхэнэ шүлэг бичсэн хүнийг яруу найрагч гэдэг. Харин хоёр жинхэнэ шүлэг бичсэн хүнийг аугаа яруу найрагч гэдэг билээ л” гэж хэлснээ тойруулан төгсгөжээ. Харин надад тойруулах шалтаг, шалтгаан байсангүй. Бүхэл бүтэн романыг 500 тэмдэгтэд багтаан тайлдаг (шүүмжилдэг) нэрт залуу шүүмжлэгчдэд “Аливаа салбарын шүүмж судлал тухайн салбарыг зөв зүгт чиглүүлж, ямагт объектынхоо өмнө явдаг” гэсэн энгийн зарчмыг дотночлон сануулахын зэрэгцээ утга зохиолын шүүмж судлалын нойрмог унтаа эл үед залуу насны зугаат хормыг хумслан энэ зүг рүү махарч буй та бүхний  шүүмжлэлт сэтгэлгээнд оруулж буй хувь нэмрийг хүндэтгэн, олзуурхан хүлээх шалтгаан байсныг ч дайх нь зүйн хэрэг биз ээ.
           Үзэл сурталддаг, гүтгэдэг, ятгадаг олон хэлбэрт үзэл санаа өнгөрсөн цаг дээр дурсагдаж, орчин цагийн урлаг, утга зохиолын шүүмж судлалаас суралцах, үзэж харах, бичлэгээ өөрчлөх, өөр өнцгөөс харах боломж дүүрэн цагт тус бүтээл хэвлэгдэн гарлаа. Гэлээ ч С.Байгалсайхан докторын “Одоогийн залуу үеийнхний нэн ялангуяа шүүмж бичигч гарын арван хуруунд багтах хэдэн нөхдөөс эрс ялгаатайгаар асуудалд хандаж, зохиолыг сонгож, үзэл бодлоо илэрхийлсэн байна” гэсэн сэтгэл хөдлөл бүхий өмнөтгөлд дүйхүйц төдийлэн шинэлэг байж чадсангүй. Бид томдсон дээлээ дүүргэж эр өсдөг хэмээн хэлэлцдэг ард түмэн. Харин томдсон нэрэндээ тааруулж бүтээлээ өсгөхийг нийтийн тоололтой зэрэгцэн хөгжсөн урлагийн шүүмжлэлт сэтгэлгээ (салбар) тэднээс шаардах нь жам ёсны “мэт” хэрэг биз.  


You May Also Like Related Reviews

No comments: