Цэвэгсүрэнгийн Батхуяг: Нулимстай инээд

/
0 Comments

Их инээхээр нулимс гарна. Баяр, гунигийн алинд ч ижил өнгөтэй, ижил амттай байдаг нулимс гэдэг сэтгэлээс үүдэлтэй хамгийн бодит чанар юм уу. Төрөхдөө уйлж төрөөд, буцахдаа уйлуулж одох хэрнээ нулимсны тухай энэ амьдралдаа хэр олон боддог бол. Багтаж ядсан сэтгэлийн амсар халин унасан шорвог амттай тэр дуслуудад юу нуугдаж, хаана очиж хатдагийг үл анзаарах хүний амьдрал өчүүхэн ч чөлөө завгүй. Ийн явахдаа хэн хэнийхээ сэтгэл зүрхний хөндүүр, сайн сайхан чанар дээгүүр гишгэлэн гарах ч удаатай. Тэгсээр нэг л мэдэхнээ ертөнцийн жамтай учирна.
Бидний дунд “Амбий” нэрээрээ танил болсон хошин урлаг, киноны жүжигчин Цэвэгсүрэнгийн Батхуяг өнгөрөгч баасан гарагийн өглөөний 07:57 цагт Хавдар судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт ходоодны хавдрын улмаас өөд боллоо гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд тавигдсан байв. Тэр биднийг үргэлж инээд, баярын нулимстай золгуулсаар ирсэн ч гэнэтийн гуниг, харууслын нулимстай орхин буцлаа.
Монгол орны зүүн хязгаарт, тал нутаг, аймгийн төвийн урт гудмуудыг хөндлөн гулд гүйж өссөн Батхуяг 1987 онд цэргийн албанд мордож, хоёр жилийн албанаас халагдаад аав нь насаараа тайз заслыг нь хийсэн аймгийнхаа театрт дагалдан жүжигчнээр очжээ. “Дорнодын театрынхан 1990 онд Улаанбаатарт тайлан тоглолт хийхэд Д.Норовын “Үнэ цэнэ” жүжигт хүрэм зардаг наймаачин залуугийн жижиг дүрд гарч, тайзан дээр байгаа ч үзэгчдийн танхим руу үсэрчих гээд байгаа мэт тэмүүлэлтэй, халуун сэтгэлтэй, гал цогтой, хэлтгий харвал халмаг хөөрүү гэмээр тийм нэгэн тогтож ядан байсансан” гэж Н.Ганхуяг багшийнх нь бичсэн тэр үеэр Амбий СУИС-ийн жүжигчний ангид элсэн дөрвөн жил суралцах зуураа Оросын зохиолч Л.Разумовскаягийн зохиолоос сэдэвлэсэн “Хайрт Долгор багшдаа” жүжгийн Сүмбээ, А.Чеховын “Дээрэмчид” жүжгийн Франц Моорын дүрийг бүтээн гялалзаж, бас чиг уран бүтээлийн хүрээлэл үүсгэн, одоогийн “Шинэ үе” продакшны суурийг тавьж явжээ.
Тэр үеэс л бидний мэдэх хошин дүрүүд, тайзны тоглолтууд төрж, сүүлд дэлгэцийн уран бүтээл рүү шунах хүсэл тэмүүллийнх нь шатанд гишгүүр нэмсэн хэрэг. “Найз минь дээ... Хэдхэн хоногийн өмнө хамтарч уран бүтээл хийнэ гээд инээлдээд сууж байсан шүү дээ” хэмээн жүжигчин П.Эрдэнэзааны бичсэнчлэн тэр саяхан нээлтээ хийсэн “Танхай тээгч”, “Тютю” киноны гол болон туслах дүрд тоглон, удахгүй нээлтээ хийх “Содура” уран сайхны киног хамтран бүтээлцсэн билээ. Мөн Монголын театрын түүхэнд нэгэн шинэлэг хуудас нэмж, Дорнод аймгийн театрт зохиолч Д.Мягмарын “Найрын ширээний ууц” жүжгийг мюзикл хэлбэрээр найруулан тавьсан юм.
Саяхан хүртэл тэр дотно нөхдийнх нь тодотгодгоор царай нь бараан ч сэтгэл нь цагаахан, эр шиг эр “Монгол HD” телевизийн “Би хэн бэ” шоу нэвтрүүлгийн хөгжилтэй хөтлөгч, бас оролцогч нь явлаа. Тэр тайз, дэлгэцэндээ үүрд үлдэх “нулимстай инээд” боллоо. Гэвч тэнд үргэлжлүүлэн амьдарч, шатаж дүрэлзэж, гялалзан гэрэлтэж мөнхөд дурсагдах билээ.  




You May Also Like Related Reviews

No comments: