“Үзэсгэлэнтэй, дур булаам бэлэвсэн эхнэрийг байгалийн хүчний эсрэг нүүр тулгахаар шийдсэн найруулагчийн санаа Галсмааг дэлгэцнээ хэвшсэн гоё, ганган ямбаны эмэгтэйчүүдээс ялгаж өглөө”. Английн урлаг, киноны “Screendaily.com” сайт “Чонон сүлд” киноны шүүмждээ ийн бичжээ. Тэдний хэлсэн санаа зөвхөн найруулагч Жан Жак Анногийн мэргэн шийдлээр зогсохгүй монголын жүжигчин Рагчаагийн Анхнямын чадварлаг тоглолтоор үнэлэгдэх юм.
Түүний анхны бүтээл 2001 онд дэлгэцнээ гарсан “Мөрөөдлийн хөлөг онгоц” сериал. Телевизийн олон ангит киноны анхдагч болсон тус бүтээлд тэр эгэл жирийн оюутан охины дүрд тоглон үзэгчдийн танил болж байв. Түүнээс хойш “Хайрын эрэлд” олон ангит кино, “Секс эрх чөлөө”, “Гурван шөнө, хоёр өдөр” уран сайхны киноны гол дүрд тогложээ. Цөөвтөр хагас нүцгэн кадр агуулсан “Секс эрх чөлөө” киноноосоо болоод “эротик” тодотгол зүйх дөхсөн нь Р.Анхнямын нүцгэлсэнд ч биш бидний бүрэг ичимхий, нууцлагдмал дорно зан л нөлөөлсөн болов уу. Кино, реклам, шоу дамжиж хуучраагүй Р.Анхням нэг л мэдэхнээ өмнөд хөршийн киноны зах зээлд хөл тавьсан дуулдсан. 2011 онд “Эх газрын кино нэгтгэл”-ээс бүтээсэн “Гаадаа мээрэн” кинонд 1930-аад оны үеийн Хорчин нутгийн үндэсний баатар, газар шорооны төлөөх сүүлчийн тэмцэгч Гаадаа мээрэнгийн эхнэр Муданы (Мандарваа) дүрд тоглосон нь “Чонон сүлд” киноны Галсмаагийн дүрийн шалгаруулалтад орсон Хятад, Хонг Конг, Өвөрмонгол, Монголын жүжигчдээс ялгарах том шалгуур болсон биз.
Түүний бүтээсэн “Гаадаа мээрэн”, “Чонон сүлд” киноны эгэл жирийн тэмцэгч, гаднаа нунж дорой атлаа дотроо асар их тэвчээр, зориг тээсэн монгол эмэгтэйн дүрүүдээс “Цогт тайж” киноны Хулан хатан (Д.Ичинхорлоо), “Мандухай сэцэн хатан” киноны Мандухай (Н.Сувд), “Ардын элч” киноны Ариунаа (П.Цэвэлсүрэн) гээд монголын кино урлагт хэв шинжит дүр болтлоо хойч үеийг үлгэрлэн дагуулсан дүр үзэгддэг. Монгол дүр төрхөөрөө ч тэр ингэж л харагддаг.
Францын кино урлагт Холливуд хэв маяг, андерграунд давалгааны завсарт өвөрмөц байр суурийг бий болгосон найруулагч Жан Жак Анно, алдарт хөгжмийн зохиолч Жэймс Хорнер, амьтан сургагч Андрей Симпсоны хүчирхэг баг оролцсон “Чонон сүлд” киног Хятад, Францын нээлтээс хэдхэн хоногийн дараа Зян Руны романыг монгол хэлнээ буулгасан орчуулагч Д.Болдбаатарын “Гэгээ паблишн” компани, жүжигчин Р.Анхням нарын хамтын зүтгэлээр эх орондоо үзэх боломж тохиосон юм. Зян Руны романдаа дурдах төдийгөөр орхисон Олон булгийн талын малч өвгөн Билигтийн бэр Галсмааг олз болгон шүүрсэн найруулагчийн бүтээлч завдлыг Р.Анхням тун чадварлаг бүтээв. Хүүтэйгээ бэлэвсэрч хоцорсон тал нутгийн эмэгтэй, хүрээ хязгааргүй тал нутаг дахь ганцаардал, хажуугаас нь хэн нэгний хүсэмжлэх хайр, байгаль дэлхий, засаг захиргааны хүчтэй эсэргүүцэл дэх монгол эмэгтэйн дүр төрх Р.Анхнямын тоглолтоос элдэв нэмэр хачир шаардахгүй гарч байсныг үзэгчид онцолсон нь дэгс биш ээ. Тэрээр Галсмаагийн дүрийг бүтээсэн талаараа,
“Жинхэнэ монгол эмэгтэй ямар байдаг вэ гэдгийг л гаргаж ирээч гэж найруулагч маань надаас хүссэн. Би чадлынхаа хэрээр л тоглосон. Дэлхий даяараа нээлтээ хийж, олон оронд гарах энэ киног үзсэн хүн монгол эмэгтэйн дотоод мөн чанарыг энэ дүрээр харах нь. Үүнийг яаж харуулах вэ гэж нэлээд их толгойгоо гашилгасан. Миний жил хагасын хөдөлмөр юм уу даа” гэж ярьсан байна. Энэ дан ганц Галсмаагийн тухай яриа ч биш дэлхийн киноны зах зээлд хүч түрж буй Хятадын кино урлагаар дамжин дэлхийд танигдаж буй монгол жүжигчний талаарх яриа. Үзэгчдийн хандлага, ашиг орлогоороо амжилттай яваа “Чонон сүлд” кинотой хамт монголын нүүдэлчин ахуйд тулгамдсан аюул, монгол жүжигчдийн ур чадвар дэлхийд хүрч буйг бодолцох хэрэгтэй. 
Францын найруулагч Жан Жак Анногийн “Чонон сүлд” кино монголын дэлгэцнээ нээлтээ хийгээд 72 хоёр цаг өнгөрч байна. Зян Руны 592 хуудас лут романыг 121 минутийн дэлгэцийн бүтээлд хувиргасан найруулагч, уран бүтээлчдийн шийдэл үзэгчдийн сонирхлыг ихэд татсаныг 136 суудалтай танхим кино эхлэхээс таван минутийн өмнө дүүрснээр баталж болох юм. Түүнээс чухал нь “Чонон сүлд” монголын эзэнт гүрний түүх, Юан гүрний гадаад бодлого, Монгол Нууц Товчоо, Чингис хааны байлдан дагуулал гээд дотоод, гадаадын киноны сэдэвт улиг болтлоо сонгогдсон агуулгаас огт өөр зүгт,  урд зүгийн монголчуудын уламжлалт соёл дахь суурин иргэншлийн нөлөөлөл, нүүдлийн соёл иргэншлийн мөхөл, сүйрэл, байгаль хүний шүтэлцээ гэсэн чухал сэдэвт чиглэснээрээ онцлог байлаа.

Агуулга дахь шинэчлэл

2009 онд “Чонон сүлд” роман монгол хэлнээ орчуулагдсан даруй хэд хэдэн шүүмж хэвлэгдэж, ихэнх нь үндсэрхэг үзлийн өнцөгтэй байсан нь санаандгүй хэрэг биш. Одоогийн Тавантолгойн ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан “Чонон сүлд ба Хятадын үндэсний үзэл” нийтлэлдээ “Хятадын түүхэнд монголчуудыг “умардын зэрлэгүүд” гэж дүрслэх нь энүүхэнд. Зэрлэгүүдийг зэрлэг гэж хүн арддаа ойлгуулах хамгийн үр дүнтэй арга бол тэднийг чонотой адилтгах явдал юм. Энэ бол зөвхөн Хятад бус мөн барууны сэтгэлгээнд бий болсон зүйрлэл юм. Зэрлэгүүд үнэхээр зэрлэг нь үнэн юм бол тэд хаа нэгтээ, хэзээ нэгэн цагт хаяа иргэншилд уусаж алга болох ёстой нь бараг л түүхийн зүй тогтол гэхэд хилсдэхгүй” гэсэн гаргалгаа хийжээ. Түүний дараахан зохиолч Ц.Буянзаяа “Чонон сүлд ба хонин сэтгэлгээ” шүүмжээ “Нэгэнт л оюун санааны хямралд орсон тийм үндэстэнд, тийм нийгэмд гадаадын муухан ном зохиол маш амархан түгэн дэлгэрч, олон нийт түүнийг нь үг дуугүй нэг хүн шиг хүлээн зөвшөөрч, бишрэн шүтэж, эрүүл саруулаар шүүн тунгаах чадваргүй болдог гэдгийн үлгэрийг “Чонон сүлд” тодорхой харуулж өглөө. Үүнийг л хонин сэтгэлгээ хэмээн тодорхойлж болох юм” хэмээн өөрсдөдөө зэмлэнгүй хандсан дүгнэлтээр төгсгөсөн байна. Уран зохиолын жинхэнэ чанарт төдийлөн дөхөж очихооргүй, өөрөөр хэлбэл Жэк Лондон, Чингиз Айтматовын ганц роман, Д.Намдаг гуайн нэг туужийн энд ч хүрэхээргүй бичлэгтэй тус бүтээлээс өлгөж авах ганц зүйл нь сэдэв байснаас дээрх яриа өрнөсөн хэрэг. Түүхэн баримтуудыг ишлэн, чоныг нүүдэлчдээр, хонийг суурин иргэншлээр метафор хийж, монголчуудын байлдан дагууллын түүхтэй сүлж бичсэн нь үндсэрхэг үзэлтэй бидний эсэргүүцэлтэй тулгарсан юм. Түүнийхээ ачаар л зургаан жил шилдэг борлуулалтад багтсан юмдаг.
Харин кино зохиол романы маш сайн хураангуйлсан хэлбэр байх нь анхнаасаа л тодорхой байлаа. Ингэхдээ Соёлын хувьсгалыг түгээхээр Бээжингийн их сургуулиас Олон булгийн талыг зорьж буй  Чэн Жэн, Янь Кө нарын кадраар эхэлжээ. Нүүдэлчид, тариачдын эсрэгцэл, бие биедээ харилцан нөлөөллийг өгүүлсэн романы өгүүлэмж дэлгэцийн бүтээл болохдоо нүүдлийн иргэншил, үндэсний үзлийн бат бөх суурин дээр суурин иргэншилт төрийн хүчирхэг бодлогыг буулгасан 50 жилийн өмнөх Соёлын хувьсгалын үр дагавар луу чиглүүлсэн нь утгын давталт ихтэй том зохиолоос чухал “ханд” гаргасан кино бүтээгчдийн нэгэн олз болов. Зохиолд дайчин монголчуудын төлөөл болсон чоно кинонд нүүдэл иргэншлийн симбол болж, хүн байгалийн шүтэлцээний үндсэн дээр нүүдлийн соёл иргэншил хэрхэн мөхөл сүйрэл рүүгээ хандаж буйг илүү дутуугүй гаргажээ. Чонон сүргийн малд халдах болсон шалтгааныг: чононуудын цасан хунгарт оруулж нөөцөлсөн зээрийг олз хайгчид булааж, дээд газрын тушаалаар бэлтрэгний арьс бэлтгэснээр гаргаж, суурин иргэншлийн оролцоо их болсноор нүүдлийн иргэншил аажимдаа эвдэрч буйг Билиг өвгөнөөр толгойлуулсан хот айлаар харуулсан гээд Жан Жак Анно, Жон Колли, Алайн Годар, Лю Вэйдийн кино зохиолын авууштай санааг тэмдэглэх хэрэгтэй.
Харин соёлын бэлгэдлийг чухалчилсан дээрх агуулгаас бусдаар киноны өрнөл, зөрчил хэтэрхий шугаман, үзэгчдийг уйдаах шинжтэй болсныг нэмэх хэрэгтэй бизээ.  

Хөгжим, дуу, дүрсний “үлгэрлэл”

Барууны кино урлагийн нэгдсэн сайтад тодорхойлсноор Жан Жак Анно “Францын артхуас киноны давалгаа, Холливудын арилжааны кино урлагийн дундуур өвөрмөц урлалыг бүтээсэн найруулагч” аж.
Түүний бидэнд хэдийн танил болсон “Баавгай” (1988), “Амраг” (1992), “Төвдөд өнгөрүүлсэн 7 жил” (1997) бас бидний төдийлөн мэдэхгүй “Хар цагааныг өнгөтөөр” (1976), “Түргэн уурт” (1979), “Галын эрэлд” (1981) урсгал чиглэл, арга барилын хувьд ялгаатай кинонууд л уг тодорхойлолтыг үүсгэсэн байж таарна. Өөрийн гэсэн тодорхойлолтой Жан Жак Анногоор зогсохгүй  Грэмми болон Оскарын шагналт хөгжмийн зохиолч Жэймс Хорнер, Шотландын амьтан сургагч Андрей Симпсон, зураглаач Жан-Мари Дрөжү гээд уг бүтээлд байж болох чадварлаг баг бүрдсэн аж. 
Алдарт Сорбоны их сургуулийн уран зохиолын ангийг дүүргэснийхээ дараа Анно “ Institut des Hautes Études Cinématographiques”-д суралцаж найруулагч болох анхны алхмаа видео рекламаар эхэлжээ. Эхлэл муугүй байсны ачаар тэр 1976 онд “Академи авардс”-аас “Гадаад хэлээрх шилдэг кино”-ны шагналыг хүртэж байв. Түүнээс хойших олон шагнал урамшууллыг энд дурдах нь уйтгартай биз. Юутай ч түүний бүтээсэн кинонуудын нэрийг харахад л миний дамжуулж ядан буй сайн найруулагч гэсэн магтаал тодроод ирнэ. Кино зохиолын эрхийг эзэмшигч “Бээжин Хориотой Хот” компани анх “Бөгжний эзэн” цувралын киноны найруулагч  Петер Жэксонтой хамтрахаар тохирсон нь бүтэлгүйтэж Жан Жак Анно дээр буусан нь ийн завшаан болов. Амьтадтай ажиллах арга туршлага, дорнын сэдэвтэй хутгалдсан уламжлалынхаа ачаар тэр өргөн хүрээг хамарсан сэдвээс чухал өнцгийг шүүрээ биз.  
Харин технологийн хөгжлийн гайхамшиг, график заль ашиглах бус амьд чоно тоглуулах найруулагчийн санааг гүйцэлдүүлэн, бүхэл бүтэн долоон жилийг 35 чонотой нөхөрлөн өнгөрүүлсэн амьтан сургагч Андрей Симпсоны гавьяа кинонд ил харагдах учраас ингээд орхиё. Түүний оронд Жан-Мари Дрөжү тэргүүтэй зургийн багийнхны алслалт болон ойрын зайнаас авах аргыг хослуулсан Холливуд техник монгол сэдэлтэй кинонд шинэ үзэгдэл байсныг тэмдэглэх хэрэгтэй. Амьд чоно тоглуулсан онцлогийг тэд чадамгай ашиглан чонын сүрэг адуу руу довтолж буй хэсэг, байгалийн үзэгдэл, чонын ааш араншин гээд сүүлийн үеийн барууны кинонд ашиглаж буй зургийн хосолмол аргыг монгол ахуйд гайхамшигтай бүтээжээ. Өөрөөр хэлбэл, “Чонон сүлд” бүтээлийн ололт, гавъяаны 70 хувийг зураг авалт, Жэймс Хорнерын хөгжмийн нийлбэр бүтээсэн гэхэд дэгсдэхгүй.
“Титаник” киноны дуугаар Оскар хүртсэн энэ эрхэм бидний эчнээ мэдэх “Аватар”, “Апокалипта”, “Зоро”, “Жуманжи” гээд 100 гаруй киноны хөгжмийг “ноотолсон”. Ердөө энэ үзүүлэлт магтаалын шалтгаан болоогүй нь мэдээж. Алсран цэнхэртэх тэнгэр, өргөн, уудам тал нутаг, байгальдаа шүтэн амьдрах нүүдэлчдийн сэтгэлийг тодруулахад түүний хөгжмүүд “том” үүрэгтэй байлаа. Хийцийн талаарх саналын эцэст тэмдэглэхэд, “Чонон сүлд” 2012 онд Казакстаны найруулагч Эрмек Турсуновын  Хэмингвэйн “Өвгөн Тэнгис хоёр” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Өвгөн” бүтээлтэй агуулга, зураг авалт, гаргаж буй санаагаараа тун ойртох тул харьцуулаад үзчихэд гэмгүй болов уу.

Бидэнд үлдэх гаргалгаа

“Чонон сүлд” киноны кадраас эсгий гэр, үхэр тэрэг, эмээл, уурга, сархинаг тооно зэрэг эдийн соёлоос эхлээд бурхан болоочоо гээх ёс, дөрөө хангинуулж чоно үргээх, чоно сүүлдэх, бэлтрэг суйлах, нүүдэл хийх гээд монголчуудын оюуны соёлын элементүүдийг харж болно. Цаг хугацааны хувьд 50 жилийн өмнөх үеийг, газар нутгийн хувьд хилийн чанад дахь монголчуудын тухай өгүүлэх ч бидний дунд мартагдсан, эсвэл хаа нэгтээ хязгаар нутагт мартагдахын ирмэгт байгаа соёлын бүрдвэрийг судалгаатайгаар шигтгэж, нүүдэлчдийн амьдрал, тулгамдаад буй асуудлыг соёлын зөрчил, уламжлал, бэрхшээлтэй нь анх удаа дэлгэн үзүүлсэн нь “Чонон сүлд” киноны мушгиж болшгүй өнцөг аж.
Reuters.com хуудсан дахь киноны тухай нийтлэлд “Цөлжилт, уул уурхай, зах зээлийн шахалтаар хөдөө нутаг хэрхэн сүйдэж буйг энд өгүүлнэ. Өвөрмонголын 24 сая хүний 20 хувийг монгол угсаатнууд бүрдүүлдэг. 2011 онд бэлчээрийн талхдалтыг эсэргүүцсэн жагсаалд нэгдсэн малчинг машинаар дайран хороож, эрх мэдэлтнүүд хууль бусаар бэлчээр булаасныг эсэргүүцсэн малчин захиргааны өмнө амиа хорлосон гээд өнөөгийн Өвөрмонголд тулгамдаад буй олон асуудал “дам” хөндөгдөнө” гэжээ. Мөн Хятадын нийгмийн сүлжээнд киноны зургийг авсан Шилийн хот, Улгай, Өвөрмонголын зүүн хойт хэсэгт уул уурхайн нөлөөгөөр хөрс бэлчээр сүйдэж буй тухай бичсэн байв. Гүүглийн хайлтаар “Futuristic Archeology” гэж үзвэл өнгөрсөн долоо хоногт “Дэлхийн шилдэг 30 зураг”-ийн нэгээр шалгарсан монголын цөлжилтийн тухай цуврал зургийнхаа тайлбарт Солонгосын зурагчин Дэйсүн Лий “Монголчуудын нутаг дэвсгэрийн 75 хувь нь цөлжилттэй” хэмээн тодотгосныг олж уншина. Энэ бол хүний оролцоотойгоор сүйдэж буй байгаль, бидний үл тоомсорлон холдож буй нүүдэлчин соёл иргэншлийн гунигт төрх. “Чонон сүлд” кино сэтгэл догдлуулсан хэсэг, уулга алдуулсан үйл явдал, цагаан инээдээр хомсхон байж мэднэ. Харин 121 минут турш дэлгэц ширтэхдээ та урд зүгийн монголчууд шиг бусдын эрхэнд бус өөрсдийн хүсэлтээр алдаж буй үнэт зүйлийнхээ талаар эргэцүүлж нэг бодно буй за.