Робин УИЛЬЯМС: ИНЭЭЛГЭСЭЭР БУЦСАН ГАМЛЕТ

/
0 Comments

(1951-2014)

ТЭР ХЭН БАЙВ. МАГАДГҮЙ ХЭН, ХЭН БАЙСАН БЭ ГЭВЭЛ ИЛҮҮ ТОХИРНО. Ирэхдээ тээсэн олон асуултынхаа хариуг ийн орчлонд үлдээгээд буцдаг нь бидний ертөнцийн жам ажээ.
“Морк Минди хоёр” инээдмийн нэвтрүүлгийн сансрын зочин, найрсаг эрхмээс “Папая”-гийн далайчин эрд хувирч, Алладиний бирдийн дуу хоолойгоороо үзэгчдийн сэтгэлд ойртох хүртлээ тэр эгэл Робин байлаа. 1990 он, Дэвид Лэттэрмайний нэвтрүүлэг, хүн, байгаль, амьтан, элдэв содон дуу чимээг элэглэсэн үдшийн хөтөлбөр, үзэгчдийн инээд, эл бүхэн түүнийг тэрхэн үедээ сүндэрлэн, эцэстээ оргүй хоосонд хувирах оргил өөд мацуулсан юмдаг.
Илбийн гэмээр тэр хүч Оскарын тайзнаа “Шилдэг туслах дүр”-ийн шагналд хүргэж, түүнээс ч өндөрт тэмүүлэн мацсан нь Робиныг тамирдуулсан мэт санагдана. Гэвч, их хүсэл, тэмүүлэл, ядралын төгсгөлд ердөө л оргүй, хоосон “үхэл”. “Инээдмийн алдарт жүжигчин Робин Уильямс нас барлаа” гэсэн ганцхан өгүүлбэрийн үнэ цэнэтэй тэнцэн үлджээ. Анх танилцахдаа л биднийг инээлгэж, түүнээс хойш зуу зуун удаа инээлгэсэн түүний дүрүүдийн цаана хэн байсныг хэн ч хэлж эс чадна. Дайны үеийн Вьетнам оронд радиогийн ганцхан нэвтрүүлэг л сонсогчдыг айдсаас холдуулж, инээдэнд умбуулдаг байв. “Өглөөний мэнд, Вьетнам” киноны тэр дүр шигээ бусдыг инээлгэхийн тулд өөрийнхөө гунигийг нуудаг байсан ч юм уу... Мөн л хэн ч үл хариулна.
“Үхсэн найрагчдын нийгэмлэг”-ийн эрх чөлөөт, билиг танхай багшийн дүр түүний инээдний цаахна тэмтрэгдэх ямар нэг зүйл. “Ухаант Уилл Хантинг”-ийн Сиен Магирэ бүр ч батлаад өгнө. Бодохнээ, төгсгөл рүүгээ улам шаналантай болсон амьдралаа тэр Гамлетаар дохиолсон ч юм шиг . “Робин сүүлчийн мөчөө хүртэл сэтгэлийн гүн хямралтайгаа тэмцсээр байсан” гэх Мара Баксбаумын үг ард хоцорчээ. Дэлгэцэнд харагддаг шигээ, эсвэл үзэгчдийг инээлгэдэг шигээ тийм хүчирхэг байж чадсангүй.
Өөрийгөө боомилж, судсаа ханасан байдалтай гэртээ нас барсныг цагдаагийнхан цэвэр амиа хорлолт хэмээн мэдэгдлээ. Дэлхийн хэвлэл мэдээлэл гэр бүлийн тогтворгүй байдал, эргэн тойрны хүмүүсийнх нь урвалт, салалтууд бүх хүчийг нь шавхлаа хэмээн халаглаж, “эмгэнэлтэй, гэнэтийн гарз хохирол тохиосон”-ыг цохон тэмдэглэж байна. Хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн шуугиан, архины донтолт гээд хэцүү бэрхийн төгсгөл дэх “төгсгөл”. Алладиний хөгжилтэй бирд, роботууд, Жаргалтай Фийтийн дуу хоолой. Хүүхэд насны дурсамжийн багахан хэсэг, харийн жүжигчний үхэл харууслын түрүүнд амьдралын үнэнийг илчилсан нэгэн дуурсал болон үлдлээ.
Найман сарын 12-ны өглөө Калифорнийн Тибурон хот дахь гэрийнх нь үүдэнд хэн нь үл мэдэгдэх зочид цэцгийн баглаа үлдээн оджээ. Цэцэгсийг одоо хэн ч хүлээн авахгүй. Хаягласан эзэн нь ч амьдралыг хүлээн авахаас эртлэн татгалзсан учраас ...

Чи Моркоос Гамлет хүртэл бүгдийг бүтээсэн. Гагц Робин Уильямсыг бүтээж чадсангүй. Үүнээс цааш анир чимээгүй ноёлох болно. Баяртай, авъяас билгийн “бирд” минь.


You May Also Like Related Reviews

No comments: