Ойдовын УРТНАСАН: КАМЕРТАЙ ХҮН

/
0 Comments
(1929-2014)

Тэр монголын баримтат киноны Дзига Вертов байв.

Эксперименталь баримтат киноны эцэг гэгддэг Дзига Вертов 1929 онд “Камертай хүн” бүтээлээ хийснээс хойш энэ алдар улам ч тод томруун болсон гэдэг. Вертов киногоороо Москвагаас Украины Одесс хот хүртэл аялж, зураг авалтын олон шинэлэг шийдлийг эрэлхийлсэн бол Ойдовын Уртнасан зураглаач Мехикогийн олимпоос Лондонгийн олимп хүртэл, “Ардын элч” киноноос “Монгол бөхөн” баримтат бүтээл хүртэл ажиллаж, Монголын баримтат болон уран сайхны киноны гарын авлагыг урлан үлдээлээ.
Дунд сургуулиа дөнгөж төгссөн бяцхан хүү “Монгол кино” үйлдвэрийн хаалгаар алхаж, зураглаач Д.Жигжидийн дагалдангаар ажиллах болов. 1956 онд ЗХУ-ын киноны дээд сургуулийг кино оператороор төгсөөд ирэх үед нь мөнөөх Жигжид зураглаач нь “Ардын элч” гэдэг уран сайхны кино найруулж, зураглаачаар нь хуучин дагалдангаа сонгосон гэдэг. Тэр сургагч нь хожмоо бидний нэрт кино найруулагч, зураглаач гэдгээр нь дурсан буй Дэжидийн Жигжид агсан билээ. Ард түмний урам зоригийг сэргээх, энгийн ардын тэмцлийг илэрхийлсэн хувьсгалын агуулгатай ч хийцээрээ монгол киноны хөгжилд шинэ алхам болсныг мэргэжилтнүүд үнэлдэг. Кино зураг авалтын анхны элементүүд энэ кинонд л туршигдсаныг үгүйсгэх аргагүй. Түүнээс хойш Монгол киноны шилдэг бүтээгчидтэй хамтран “Алтан өргөө”, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Өглөө”, “Тэмцэл” зэрэг олон уран бүтээлд ажилласан юм.
Токиогийн олимпод туршлагагүйтсэн монголчууд Мехикогийн тэнгэр дор чөлөөтийн дэвжээнд ёстой л даагаа нэхэв. Монголын олимпийн түүхэн дэх багц медалийг тэндээс л хүртэж, чөлөөт бөхийн төрөлд нэг мөнгө, гурван хүрэл авч байжээ. Тэр олимпод аварга Ж.Мөнхбатын мөнгөн медалийн төлөө Баруун Германы тамирчин Пекхэмтэй хийсэн хүндхэн барилдааныг бөх сонирхогчид дурсах дуртай. Өмнөх тойрогтоо Болгар, ЗХУ-ын бөхчүүдтэй оноо тэнцсэн тул баруун Германы тамирчныг зайлшгүй хожих шаардлагатай байлаа. Хүндхэн барилдааны эцэст өрсөлдөгчөө оноогоор ялж, олимпийн дэвжээнээс анхны мөнгөн медалийг хүртсэн гэдэг. Тэр жил -97 кг-ын жинд барилдсан дархан аварга Х.Баянмөнх шийдвэрлэх барилдаанд Туркийн бөхөд ялагдан тавдугаар байрт бичигдсэн бол дараагийн олимп Германы Мюнхен хотноо өндөрлөхөд Монгол Улсын цор ганц мөнгөн медалийг энгэртээ гялалзуулан зогсож байлаа. Спортын түүхэн дэх баяр, дурсалтай энэ л мөчүүдийн ард камер барьсан Уртнасан гуай зогсож байв. Тэр монголчуудын оролцсон анхны олимпийг баримтат кино болгосон анхны уран бүтээлч.
Мөн түүний бүтээлийн томоохон орон зайг зэрлэг амьтад, байгаль хамгааллын баримтат кинонууд эзэлдэг. Аргаль угалз, цагаан зээрийн идэш бэлчээр, нутагшилт, Хан Хэнтийн нурууны мод ургамалд тулгарсан аюул, говийн байгалийн үзэсгэлэн, ан амьтад гээд Монгол орны говь, хээр, хангайн бүсийн нутаг орон, ан амьтдын баримтат киног бүтээхээр хялгана бөхөлзсөн тал, элс нүүдэлсэн говь, сүр дарсан уулсын сугаар хонон өнжин явж, “Говьд”, “Хангайд”, “Ан”, “Их говийн дархан газар”, “Монгол бөхөн”, “Хан Хэнтий нүцгэрэх үү” зэрэг олон арван баримтат бүтээлийн өвийг хойч үедээ үлдээжээ.

Ертөнцийн жам, үнэн хоёрыг үлгэрлэн одсон ч О.Уртнасангийн гэж овоглосон олон бүтээл Монголын кино урлаг, баримтат киноны түүхийн нэгээхэн хэсгийг бүтээлцэж, цаашид ч бүтээлцэх нь дамжиггүй. Өдгөө тэрбээр хүний ертөнцөөс алс буйд, гэгээн сайхны дүрсийг буулгахаар яаравчилсан биз ээ.



You May Also Like Related Reviews

No comments: