Г.Аюурзанын шинэ роман: НЭГ ЦАГААН, НЭГ ХАР, БАС НЭГ УЛААН УУЛ

/
0 Comments

2014/03

“Урлаг гэдэг бол яг л Жангар шиг төгсгөлгүй, эцэс үзүүргүй, суралцаж баршгүй, бүтээж гүйцэшгүй юм.”
“Цагаан хар улаан” 167 тал. Г.Аюурзана “Цагаан хар улаан”

Өнгөрөгч сард шинээр худалдаанд гарсан зохиолуудын дотроос дээрх роман уншигчдын сонирхлыг багагүй татаж, нийгмийн сүлжээ, цахим өртөө, уран зохиолын цомхон хүрээллээс ч хальсан байна. Хүүрнэл зохиолын чиглэлээр ид туурвиж яваа авьяаслаг зохиолч, мөн Монголын уран зохиолын орчин үеийн гол төлөөлөгч болохынх нь хувьд уу, ямартай ч түүний бүтээлүүд гарсан даруйдаа томоохон номын дэлгүүрүүдийн шилдэг борлуулалттай номын жагсаалтад багтаж, уншигчдын хандлага тийш чиглэдгийг гадарлах юм. Анх 2000 оны эхээр “Илбэ зэрэглээ”, “Арван зүүдний өр”, “Цуурайнаас төрөгсөд” гурван дэвтэр роман бичиж, тэдгээр нь сүүлд “Гурамсан цадиг” нэрээр дахин хэвлэгдсэн билээ. Гурамсан гэдгийг гурваар дарж гөрсөн шиг үйл явдал, дүр, утга санааны хувьд сүлжиж, гөрөлдс өн гурван дэвтэр зохиол гэдгээр ойлгож болно.
Зохиолч Энхбат ердөө л “Тоостын ном” гэсэн ганцхан ном хэвлүүлсэн, түүний хүү зураач Бэгтэр, “Фройдын сүүдэр” гэх цахим сэтгүүлийн буланд зүүдээ бичигч Тэнгис, сэтгэл санааны гүн хямралд автсан Насанбилиг. Уншигчийн нүднээ амилан тодрох хувь хүмүүс атлаа тийм гэхийн барьцгүй дотоод ертөнцүүд. Хэн нэгний төлөө, ерөөсөө хэний төлөө биш ч үхэж чадах, анархи үзэлтнүүд. Аль эрт шатаагдсан Энхбатын романы тайлбарыг Тэнгис олж, тайлал бичин сэтгүүлд өгснөөр тэдний уулзах шалтгаан болно. Зэрэглээ, зүүд, цуурай. Монголчуудын тодорхойлсноор энэ ертөнцийн хамгийн хоосон чанарууд. Магадгүй зохиолд нь, ялангуяа баатруудынх нь үйл хэрэгт хэт оролцоотой зүүд, совин, дотоод сэтгэлийг илэрхийлсэн ч байж болох талтай. Түүний хүүрнэл зохиолуудыг шүүмжлэгчид “Орчин үеийн хүүрнэл зохиолын өнөөгийн нүүр царай, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон постмодерн сэтгэлгээний хэв маягаар бичигдсэн мета-роман гэж тодорхойлсон ч бий” (С.Э) Зохиолчийн 2010 онд хэвлүүлсэн “Бөөгийн домог” роман мөн л “гурамсан цадигтай” холбогдоно. “Цуурайнаас төрөгсөд” романы төгсгөлд амьдралын утга учрыг олж үзэхээ больж, сэтгэл санааны зөрчилд автсан Тэнгисийн хувьд зураач найзыгаа даган Ойхон арлын онгодын тахилгад явахаас өөр зам үлдсэнгүй. Энэ явдлаас “Бөөгийн домог” роман эхэлнэ.
Тэнгисийн Ойхон аралд, Хагдай бөөгийн дэргэд өнгөрүүлсэн долоон жил түүнд үзэж туулсан амьдралаас нь ямагт өөр нөхцөлийг санал болгоно. Бөө мөргөлийн домог, Буриадын мандал мөхлийн түүхэн цаг, бөөгийн зан үйл гээд “бичвэр сүлэлдээн” уг романы нэгэн онцлог болдог. “Шүгдэн (2012)” романд ч ялгаагүй, сэжүүр нь үл мэдэгдэх нэгэн хэргийн мөрөөр Ордосоос Гүмбумд томилогдсон нохой сургах албаны цагдаа Сэржамц өөрөө ч мэдэлгүй Дорж Шүгдэн хэмээх нууцлагдмал сахиусны нөлөөнд оролцсоноор үйл явдал өрнөнө. Г.Аюурзанын зохиолын өрнөл олон шугамаар өрнөдөг нь уншигчдын хувьд дадсан, нэгэн шугамаар уйтгартай өрнөдөг зохиолуудаас тэс өөр, зарим үед сонирхолтой, эсвэл бүр хэцүү ч санагдаж болох талтай. Дүрүүд нь хааяа хаашаа ч юм алга болж, хэн болох нь мэдэгдэхээ байх нь ч бий. Цагаан, хар, улаан бол өөдлөн дэвжих, ариун цагаан, хүч чадал, мандал бадралын утга бэлгэдлийг агуулсан монгол соёлын голлох өнгө болно. Зохиолд: “Ховд аймгийн Булган суманд цагаан, хар, улаан гурван уул зурахаар нэгэн зураач очно. Үнэн хэрэгтээ хэн нэгэн мэргэн гэх хүний санал байсан ч энэ бүхэн цаанаа учиртай аж. Эх талаасаа Ховогсайрын торгууд удамтай тэрбээр сумын зочид буудалд харь бүсгүйтэй танилцаж, санаандгүй шахуу муухан сураг мэдэх туульч өвөөгийнх нь нэрийг нь хайрласан туульч өвгөнтэй дотносоно. Тууль уулын монголчуудын хувьд ямар чухаг үүрэгтэй байсан, тэр бүхэн одоо юу болсон, бидний явж буй зам хаашаа чиглэсэн, хүн яг л урлагт үнэнч үлддэг шиг тэр мөн чанараар амьдралд хандаж чаддаг уу зэрэг олон асуулт урган гарна. Торгуудуудын үүх түүх, сэтгэл мэдрэлийн эмгэг, алт мөнгөний шунал хүсэл зэрэг ёгт дүр, сануулга ч бий. Уншигчийн хувиар бодож үзвэл “Цагаан хар улаан” зохиолын Рэнцэнраа “Шүгдэн” романы Сэржамц цагдааг санагдуулаад болсонгүй. Нэг нь цагдаа, нөгөө нь зураач. Миний санахаар Сэржамц чинь эх талаасаа торгууд хүн. Ээжийнхээ эх торгууд эмээ дээрээ өссөн, өвөг эцэг нь жангарч байсан. Дундад улс байгуулагдахаас өмнө Жингийн торгууд руу яваад алга болсон, ганцхан удаа л “Далан бүлэг Жангарт нэвтэрчихээд харинаа” гэж хэлүүлсэн хэмээн гардаг шүү дээ. Магадгүй Рэнцэнраагийн дүр тэндээс эхтэй байж болох талтай. Ер нь түүний зохиолууд дотоод үйл явдал, шугамын хувьд нягт сүлэлдэхээс гадна, зохиол хоорондын холбоо хамаарал их аж. Мөн Тэнгис Ойхон аралд очиж Рэгина хэмээх канад бүсгүйтэй танилцсан, Сэржамц ч бас л Ордосоос Гүмбум хийдэд гарсан хэргийг мөрдөхөөр очсон, япон биеэ үнэлэгчийг хий мөрөөдөх болсон, Рэнцэнраа Ховдод зүгээр л уул зурахаар очиж мөнөөх л Пенелопе гэх бүсгүйтэй танилцсан, түүнчлэн бөөгийн онгод, сахиус шүтээн, уул усны навдаг савдаг, өөрийнхөө оролцоогүйгээр далд хүчинд эзлэгдсэн идэвхгүй баатрууд, хувь заяаны эргүүлгээс идэвхгүйгээр сугаран үлдэгчид, шугам, дүр, өгүүлэмж гээд сүүлд хэвлэгдсэн романуудад нь ижилсэх тал олон бийг уншигчид анзаарсан биз. Зарим хэсэгт өгүүлэгчийн зүгээс зохиолын үйл явдалд хэт оролцоотой байдаг шиг санагддаг. Зохиол хэвлэгдсэн цагаасаа эхлэн зохиолчийн мэдлээс холдож, уншигчдын гарт дахин бичигддэг гэх үзэл ч бий. Энэ мэтийг мэргэн уншигч танаа үлдээв…


You May Also Like Related Reviews

No comments: