Чарлес Товнес: Арван нэгэн давхрын гэрэл

/
0 Comments
Ажил ихэнхдээ шөнө тарна. Гэр лүүгээ орохоор зэргэлдээ байрны доогуур явж өнгөрөхөд арван нэгэн давхрын цонхноос урьдын адил лазер гэрэл тусна. Байнга биш л дээ, долоо хоногт гурваас дөрвөн удаа. Сүүлдээ гэрэл үзэгдэхгүй тохиолдолд нөгөө цонх руугаа хардаг болов. Тусгал сайтай лазерын гэрэл бие дээгүүр хэсэг тэнүүчлээд өөр зүгт чиглэнэ. Яг л буудалцаантай Америк кинонд гардаг шиг аймаар. Тэр цонхны цаана байгаа дэггүй жаал хүү (жаал хүү л байж таараа) бид хоёрын дунд үл мэдэгхэн холболцол үүсгэсэн энэ улаан гэрлийг нээсэн Америкийн физикч Чарлес Товнес 1964 онд Нобелийн шагнал хүртсэн юм. Харин тэр өнөөдөр 99 насандаа өөд болжээ.
Түүнийг Калифорнийн өмнөд хэсгийн Окланд хотод лхагва гаригийн өглөө эмнэлэгт хүргэгдэх замдаа нас эцэслэсэн тухай мэдээллийг “TIME” сэтгүүл нийтэлжээ. Чарлес Товнес Грийнвилд төрж өсөн, Дюк их сургуулийг төгссөнийхөө дараа 1939 онд Калифорнийн технологийн сургуульд докторын зэрэг хамгаалсан байна.  Колумбын их сургуулийн алдарт Билл лабротарт хэсэг ажиллаад Массечусетсийн технологийн дээд сургуульд зургаан жилийг суужээ. Физикийн салбар дахь Нобелийн шагналыг “богино долгионы цахилгаан үүсгүүр дээр суурилсан чичиргээ үүсгэгч болон өсгөгч генератор бүтээхэд гол үүрэг гүйцэтгэсэн квантын физикийн чухал нээлтүүдээр” хүртсэнийхээ дараа Бирклед физикийн багшаар очсон гэдэг. Ийнхүү түүний гараар орчин цагийн технологийн чухал ололтуудын нэг лазер бүтээгдсэн юм.
Биркле их сургуулийн Физикийн тэнхимийн эрхлэгч Стевен Богс “Тэр физикийн шинжлэх ухаан болоод нийгэмд үнэтэй нөлөө үзүүлсэн. Хичээнгүй, шаргуу, бүтээлч чанараараа бусдыг үргэлж манлайлдаг байлаа” гэж бичсэн бол ач охин Лила Син нь нийгмийн сүлжээнд “Тэр миний өвөө байсан. Тусч, зөөлөн сэтгэлтэй, ухаалаг, өөдрөг үзэлтэй хүн байв. Үргэлж суралцаж дэргэдэх хүмүүстэй үлгэр дууриал  болно. Гэр бүлийнхэндээ хайртай байсан шиг нь би ч бас түүнд хайртай. Агуу хүн байлаа та” хэмээн бичиж үлдээсэн байна.
Долоо хоногийн дөрвөн үдэш над дээр тусдаг тэр гэрэл, ийм шалтгаан үүтгэсэн эрдэмтний мөнх бусыг үзүүлсэн мэдээ хорвоо гэдэг хааяа гэнэтийн сонин учралаар дүүрэн, орхиж түвдэмгүй шинэ болохыг сануулахсанж. 


You May Also Like Related Reviews

No comments: