Анита Экберг: Амьдрал чамд баяртай гэж хэлэхгүй

/
0 Comments
Түүнийг тодорхойлоход ганцхан нэр хангалттай “La Dolce Vita”. 1960-аад онд Италийн найруулагч Ф.Феллиний найруулсан дээрх бүтээлд олонд танигдаагүй шаргал үст үзэсгэлэнт бүсгүй тоглон, үзэгчдийг Италийн Мэрилэн Монро хэмээн дуу алдахад хүргэснээс хойш энэ үг  Экбергийг бүрэн тодорхойлох болсон юм. “La Dolce Vita” нь  “Амтат амьдрал” гэсэн утгатай Итали үг.
Яг ийн бичих зуур “Нью-Йорк Таймс”-ын, “Швед-Италийн кино урлагийн нэгэн өнгөлөг шигтгээ хүнд өвчинтэйгөө удаан хугацаанд тэмцсэний эцэст Ромын зүүн өмнөд хэсгийн Рокка ди Папа хотод насан өөд боллоо” гэж бичсэн дугаар хэн нэгний ширээн дээр хөглөрөн хэвтээ биз.
Загварын шоунаас карьераа эхэлсэн Экберг 20 насандаа “Дэлхийн мисс”-д оролцохоор Америкийг зорьжээ. Тэмцээний дараа хэвлэл мэдээллүүд зөвхөн түүний тухай улиглан бичиж,  “LIFE” сэтгүүлийнхэн, “Шведийн үзэсгэлэнт мисс  Америк охидын атаархал” хэмээн дуу ихтэй нийтэлсэн гэдэг.  Энэ үеэс л гэрэл зурагчид, киноныхны  хараа Экбергийг сонжиж, хоёр жилийн дараа “Марс руу аялсан Аббот Гостелло” анхны кинондоо тоглосон байна. Харин таван жилийн дараа “Алтан бөмбөрцөг” наадмаас Л.Толстойн “Дайн ба энх”-ээс сэдэвлэсэн кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг залуу жүжигчний шагналыг хүртэж байв.
Фелленигийн “Амттай амьдрал” киноны тухай түүний хэлсэн, “Феллини намайг биш, би Феллинийг алдарт хүргэсэн” гэх бардам үг үзэгчдийг байлдан дагуулсан цаг үеийнхээ даацаар үнэний ортой болж мэднэ. Анита Экбергийн амьдрал амттай, эсвэл сулбагархан байсан эсэхийг хэн хэлж мэдэх, харин тэр дэлгэцнээ цаг үргэлж  “амттан” байлаа.






You May Also Like Related Reviews

No comments: