ШИЛДЭГ БОРЛУУЛАЛТЫН ТАВИУР РУУ ИТГЭЛТЭЙ АЛХАХЫН ТУЛД ...

/
0 Comments

Best Selling Books of All Time буюу “бүх цаг үеийн шилдэг борлуулалттай номууд” гэсэн илэрцээр гүүглдэж үзлээ. Мэдээж 5 тэрбум хувь Библи, 4 тэрбум борлогдсон Кураныг гүйцэх байтугай, бараадах ном алга, “Мао даргын эшлэл” хэмээх ном 800 саяар гутгаарт тууж явна, зөвхөн хятадууд нь л худалдаад авчих тоо л доо. Цаашлаад, арай ойр дөт явдгаараа уран зохиолын номноос шүүрдэж үзлээ. Чарльз Диккинсийн “Хоёр хотын үлгэр” 200 сая, Ж.Р.Р.Толкиэний “Бөгжний эзэн” 150 сая, Францын зохиолч Антуан де Сент-Экзюперийн “Бяцхан хунтайж” 140 сая, мөн Толкиэний цуврал “Хоббит” болон Цао Сюэцин “Улаан асрын зүүд” зохиолууд 100 саяын борлуулалттайгаар айргийн тавд жагсах ажээ. Шашин болоод үзэл суртлын номын дараагаар уран зохиол орно гэдэг нэг бодлын бахархууштай хэрэг. Дээрх зохиолуудын бүтээгдсэн хугацаа 1860-1960 он буюу зуун жилд багтана. Хүн төрөлхтний сэтгэлгээнд сайн мууг ялгах тэмүүлэл, эсвэл ямар нэг шинжээрээ бие биетэйгээ өрсөлдөх нөхцлийг байгаль тун элдэвтэй өвлүүлжээ. “Үхлийн муугаар үхэх” гэхчилэн үхэлд хүртэл сайн, муугийн зааг ялгаа байх шиг. Гэтэл зуун саяар тоологдох мөнөөх сайнуудад Ф.Кафка, И.В.Гетё, А.Камю, Ж.Жойс, У.Фолкнерын бараа сураг ч алга, Г.Г.Маркесын “Зуун жилийн ганцаардал” дөнгөж 50 дотор багтсан байх жишээний. Ингэхээр нь ахиад л эргэлзээд уналаа. Энд чухам ямар сайнуудын тухай яриад байна, шилдэг борлуулалт шилдэг бүтээлийг төрүүлж чадах уу гэхчилэн олон асуулт цувруулж болмоор.
Анх 1937 оны тавугаар сарын 8-нд УХГ-ын дэргэд улсын номын худалдааны газар байгуулагдсанаас үүдэн өдгөө том жижиг нийт 20 хол давсан номын худалдааны газар ажиллаж байна. Солонгос, Хятад хоолны газар нэмэгдсэн биш, оюун санааны цор ганц дэлгүүр болохын учир ямар нэгэн сайныг зөгнөөд байх шиг. Тэгээд ч ном худалдааны зах зээл байнаа гэдэг монголчууд уншиж байна л гэсэн үг. Эдгээрээс Номингийн “Мажестик”, Адмон группийн “Интерном” хоёр л хамгийн өргөн сонголттой, номын зах зээлд тэргүүлэх суурьтай сүлжээ дэлгүүр гэдгийг та бүхэн бэлхнээ мэднэ. Нийгмийн цахим сүлжээг ажиглахад эдгээр дэлгүүрт бестселлер болж байгаа бүтээлүүд хүмүүсийн сонирхол, анхаарлыг ихэд татдаг бололтой. Тиймээс ч эдгээр дэлгүүрийн уран зохиолын бестселлерт инфографик хийсэн нь энэ. Номын дэлгүүрийн босго давуут хүний нүдэнд анхлан тусахаар, анхаарал татахуйц газар “Бестселлер ном” 1, 2, 3 …10 гэсэн бичиг бүхий тавиур лав бий. Мэдээж нэг гэсэн тоон дээрх бүтээл хамгийн олон хувь борлосон гэсэн үг. Энгийнээр хэлбэл, бестселлер нь тухайн долоо хоног, сар, жилийн хугацаанд борлуулалтаараа ийм ийм бүтээлүүд тэргүүллээ гэдгийг зарлан, уншигчдад санал болгож буй нэг шийдэл. Тиймээс ч номын хавтсан дээр дэлхийн номер нэг бестселлер гэсэн үг ёс мэт тавигдаж, тэр чинээгээрээ уншигчдыг татдаг болсон биз. Унших ёстой номын жагсаалт шиг санал болгож буй хэрэг гэдгийг санах хэрэгтэй, мэдээж сонголт танд үлдэнэ.
Өнгөрөгч долоо хоногийн шилдэг борлуулалттай номыг Мажестикт “Чамдаа би хайргүй байхын аргагүй” яруу найргийн цоморлиг тэргүүлж, Интерном дэлгүүрт зохиолч Б.Сарантуяагийн “Сорхугтани” роман борлуулалтаараа нэгд жагсчээ. Аль аль нь таатай сайхан санагдлаа. Бодохнээ, Г.Аюурзанын эмхтгэсэн “Дэлхийн сонгомол яруу найраг”-аас өөрөөр яруу найргийн ном нэгд шалгарах байтугай, нэр нь багтсан эсэхийг санахгүй юм. Харин нөгөөгийнх нь хувьд орчуулгын бүтээлээр хүч түрж буй энэ үед монгол зохиолчийн ном шилдэг борлуулалттай байгаа нь сайн хэрэг. Уламжлал ёсоор гэдэг шиг “Ногоон нүдэн лам”, “Чонон сүлд” номууд бестийн бүрэлдэхүүнд хэвээрээ.
            Монголын бестселлерээс сүүлийн таван жил буугаагүй, нэлээд хэл амтай шүүмж сэтгэгдэл дагуулсан “Чонон сүлд” бүтээл 15 000 орчим борлогдсон гэсэн тоо үзлээ. Ингээд тооны ухаанд найдахаар шийдэв. Жилд дунджаар 52 долоо хоног гэж үзвэл, таван жилд 260 долоо хоног болоод борлогдсон тоонд хуваавал 57 орчим ширхэг гэж гарч байх юм. Тоо бодолтын ухаан электрон цахимд шилжээд хэчнээн зуун болоод байхад ингэж суугааг минь бүү шоолоорой. Арга ядсан хүний ажил. Монголд номын борлуулалтын талаарх мэдээлэл нууцаас нууц гэнэ. Нэг дэлгүүрийн заалны зохион байгуулагчаас нь шилдэг борлуулалтай ном долоо хоногт дээд тал нь 40 орчим, доод тал нь арав гаруй зарагддаг гэсэн там тум мэдээ сонслоо, нөгөөгөөс нь асуухнээ “Бид мэдэхгүй, менежер л нэрийг нь өгдөг ш дээ” гэснээр амаа таглуулав. Нууцын нууц явагддаг бестселлерийн давхцалыг харвал “Мажестик” болон “Интерном” дэлгүүрт “Сайн хаан Бат”, “Сорхугтани”, “Агуу Гэтсби”, “Цагаан хар улаан”, “Ногоон нүдэн лам” зэрэг бүтээл давхацсан байна. Харин давхцалгүйгээр “Интерном” дэлгүүрт “Зуун жилийн ганцаардал”, “Өлсгөлөн тулаан”, “Луун шивээст охин”, “Инээмтгий хүн” “Fifty shades of Grey” зохиол, “Мажестик”-т “Чамдаа би хайргүй байхын аргагүй”, “Хөх судар II”, “Нүдний шилэнд үлдсэн зургууд” , “Үзэхийн хязгаар” номууд бестээр шалгарчээ. Хэдхэн зуун метрийн наана цаана байгаа хоёр дэлгүүр дэх шилдэг борлуулалттай номын нэрс 50 хувийн зөрүүтэй харагдана. Хотын хүн ам баруун, зүүн жигүүрээрээ хуваагдан өөр өөр ном уншдаг болоо юу ч гэж бодогдох.


You May Also Like Related Reviews

No comments: